Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарынхан хотын албан татварын хэмжээг нэг хувь болгон бууруулж, аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг төсвийн хөрөнгийг ямар ажилд, хэрхэн зарцуулдгийг ил тод тайлагнахыг нийслэлийн удирдлагуудаас шаардаж буй. Үүнтэй холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос “Жуулчинд ойлгомжтой хот” уриалга дэвшүүлээд байна.
Утаагүй үйлдвэрлэлийн салбарынхнаас авдаг татвар, шимтгэлийг юунд зарцуулбал үр ашигтай хөрөнгө оруулалт болох вэ гэсэн санал асуулгыг тус холбооноос аяллын агентлаг, тур оператор компанийнхны дунд явуулахад мэдээллийн хүртээмжийг сайжруулах гэжээ. Тэр дундаа Улаанбаатар хот дахь онцлог үйлчилгээ, зорин очих газруудын мэдээллийг жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэйгээр түгээх нь чухал гэсэн байна. Иймд хотын татварыг “Жуулчинд ойлгомжтой хот” бий болгоход зарцуулахыг тус холбооноос уриалж эхэлжээ.
Н.Мишээл