Улсын төсвийн 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Галт сумд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байр барьж, ашиглалтад оруулжээ. 640 хүүхдийн хүчин чадалтай уг сургуулийг цаашид бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн хэв загвараар хөгжүүлэх гэнэ. Энэ нь орон нутгийн боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах чухал алхам болж буйг тус сургуулийнхан онцоллоо. Мөн тус аймгийн Төмөрбулаг сумд 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болон спорт заалны барилга ашиглалтад оруулж, энэ сарын 6-нд нээжээ. Ийм дотуур байртай болсноор сурагчид эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах, суралцахын зэрэгцээ зориулалтын зааланд биеийн тамирын хичээлээ хийх боломж бүрджээ. Түүнчлэн тус сумд гүйцэтгэгч компанийн буруугаас олон жил саатсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг дахин эхлүүлсэн байна. Цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ч.Болор