Бразилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, саналын хуудасны 99.99 хувийг тоолсны дараах байдлаар эхний шатанд Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн том хүү, Рио-де-Жанейро мужийн сенатор Флавиу Болсонару 47.03, одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва 45.19 хувийн санал авчээ. Сонгогчдын ирц 78.92 хувьтай байв. Өрсөлдөгчдийн аль нь ч сонгогчдын саналын 50 хувийн босгыг давсангүй, сонгуулийн хоёр дахь шат энэ сарын 25-нд болно. 2000 оноос хойш тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгууль эхний шатаараа ер эцэслэгдэж байсангүй.
2022 онд Лула да Силва хоёр дахь шатанд өрсөлдөгчөө ялсан ч Жаир Болсонару сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй, дэмжигчид нь гудам жинд жагсаж эсэргүүцлээ илэрхийлснээр төрийн эргэлт хийхийг оролдлоо хэмээн үзэж түүнд удаан хугацаанд хорих ял оноосон юм. Эцэст нь өгсөн ялыг эсэргүүцэн Бразилд хориг тавихыг АНУ-д уриалсан Жаирын нэг хүү Эдуарду Болсонаруг ч 2019 онд мөнгөний хэрэгт холбогдуулж байсан юм. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол Бразил улс БРИКС-ээс гарахгүй хэмээн шинжээч Тимур Альмуков сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна лээ.
Бразилын Ерөнхийлөгчийн энэ удаагийн (энэ сарын 4-нд болсон) сонгууль гадаад орнуудын анхаарлыг ихээхэн татлаа гэж хэлж болно. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Милей нар Флавиу Болсонаруг маш идэвхтэй дэмжиж, сурталчилсан байна. Үүнийг өрсөлдөгч Лула да Силва ухасхийн ашиглаж, Болсонаруг “Вашингтоны хүүхэлдэй” гэж нэрлээд “Тэр бол Трампын нэр дэвшүүлсэн хүн. Трамп Бразилыг колоничилж, бүх баялгийг нь бидний ирээдүйн хамт булааж, юу ч үгүй үлдээх нь” хэмээн мэдэгджээ.
Украинд хямрал эхэлснээс хойш Бразил улс Киевт цэргийн тусламж үзүүлэхээс хэд хэдэн удаа татгалзсан байна. Түүнчлэн Лула да Силва болон түүний хүрээллийнхэн Украины Ерөнхийлөгчийг нэг бус удаа шүүмжилж байж. Одоогийн Ерөнхийлөгч огцорлоо ч Украинд Бразил улс туслах нь юу л бол. Бразилын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бордоо нийлүүлдэг гол Силватай уулзаж, Украин дахь зөрчил тэмцлийг дэвэргэхгүй байхад хувь нэмрээ оруулж буйд нь талархал илэрхийлсэн аж. Жаир Болсонару ч Ерөнхийлөгч байхдаа АНУ хориглох оролдлого хийж буйг үл хайхран 2022 оны хоёрдугаар сард Москвад очиж байжээ.
80 настай Лула да Силва дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Тэрбээр 2002, 2006, 2022 онд сонгуульд ялсан юм. Одоогийн байдлаар түүнийг 53.7 сая сонгогч дэмжээд, Болсонаругийн төлөө 56 сая хүн саналаа өгөөд байна. Бразил нь 214 сая хүн амтай, Өмнөд Америкийн томоохон эдийн засаг юм. Болсонару ялбал Бразилд АНУ-ны нөлөө хүчтэй болно, Лула да Силва Ерөнхийлөгчөөр улиран сонгогдвол Хятадтай тогтоосон харилцаа нь улам гүнзгийрнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Сонгуулийн эхний шатны дүн гарсны дараа Флавиу Болсонару дэмжигчид хийгээд хэвлэлийнхний өмнө үг хэлэхдээ “Өнөөдөр бий болоод буй байдлыг Бразил өөрчлөлтийг хүсэж байгаагийн илрэл гэж хэлж болно. Энэ бол Хөдөлмөрчдийн намын үеийн төгсгөл” гэж мэдэгджээ. Хөдөлмөрчдийн нам нь Лула да Силвагийнх аж.
Лула да Силва гурав дахь удаагаа сонгогдоод байхдаа нэр хүндээ нэлээд унагасан ч АНУ-тай харилцах тухайд хатуу байр суурьтай байснаар “босож иржээ”. Одоо ч явуулсан бодлого нь олон сая бразил хүний амьдралыг өөд нь татсан гэж үздэг дэмжигчдийн хүчирхэг баазтай гэж Лула да Силваг үнэлж буй юм. Тэгэхдээ бразилчуудын нэг хэсэг нь Болсонаругийн гэр бүлийг сайшаадаггүй, нөгөө хэсэг нь Лулагийн Хөдөлмөрчдийн намд таагүй ханддаг. Өөрөөр хэлбэл, Бразилын нийгэм хоёр хуваагдмал байдалтай байна.
Саяны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг суллах тухай асуудал идэвхэжжээ. “Today Press TV”-гийн мэдээлснээр Ерөнхийлөгч асанд 27 жилийн ял өгсөн юм байна. Түүнийг дэмжигчид шүүхийн энэ шийдвэрийг улс төрийн нөлөөтэй гэж үзэж эсэргүүцдэг. Флавиу ч эцгээ гэрийн хорионоос суллуулна хэмээн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ил шулуухан хэлж байжээ. Түүгээр ч барахгүй Конгресс нь Жаир Болсонару болон 2023 оны хоёрдугаар сарын эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцогчдод өршөөл үзүүлнэ гэж амласан байна. Түүнээс гадна Жаир Болсонаруг 2030 онд Ерөнхийлөгчийн суудалдаа эргэж ирэхэд нь бэлтгэх ажлаа барууны чиг баримжаатай улс төрийн хүчнүүд нэгэнт эхлээд байгаа гэх мэдээлэл ч гарах болов. Бразилын зохиолч Жоржи Оливейра бичсэн өгүүлэлдээ “Лулагийн эрх мэдэлд тэмүүлэх эмгэг Бразилын ардчилсан бүтцүүдийг сүйрэлд хүргэнэ гэдэг тоглоом биш, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага доор ажиллахад бэлнээ нэгэнт мэдэгдсэн, эргэлзээтэй зам туулсан туршлагагүй улс төрчийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан байхыг нь харах бодит аюул улс оронд маань заналхийлж байна. Флавиу ялсан тохиолдолд Бразил улсыг Лула хэт барууны хүчний гарт өгөх нь дамжигггүй” гэж бичсэн байна. Флавиугийн олж буй амжилтад дөрөөлөн Бразилын хэт барууны хүчний төлөөлөл Конгресс дэх байр сууриа ихээхэн бэхжүүлж буй аж. Урьд нь Бразилын тэргүүн хатагтай байсан 44 настай Мишель Болсонару анх удаа нэрээ дэвшүүлж Сенатын гишүүн болоотхож. Тэрбээр долоодугаар сард явуулсан санал асуулгаар Бразилын улс төр дэх хамгийн нөлөө бүхий эмэгтэй болж, одоогийн тэргүүн хатагтай Жанжа Лула да Силва болон Дээд шүүхийн шүүгч, хэд хэдэн депутатын өмнө гишгэжээ. Үүний хажуугаар энэ эмэгтэй нөхрийнхөө хүүтэй харилцаа тун тааруу байдаг аж. Флавиуг кампанит ажлынхаа үеэр өөрт нь хүндэтгэлгүй хандаж байсан хэмээн мэдэгдсэн байна. “Guаrdian” сонинд тэмдэглэснээр Ерөнхийлөгч асны хүү 43 настай Карлос Болсонару нь анх удаа сенатын гишүүн болжээ. Дөрөв дэх хүү 25 настай Жаир Ренан Валле Болсонару хотын зөвлөлийн гишүүн байснаа холбооны парламентад дэвшсэн гэнэ. Жаир Болсонаругийн таван хүүхдээс 15 настай охин нь л одоохондоо сонгуульт албанд очоогүй аж. Ерөнхийлөгч асны дүү 62 настай Рената Болсонару нь ч сонгуульд амжилттай оролцжээ. Урьд нь долоон удаа орон нутгийн сонгуульд өрсөлдөөд бүтэлгүйтэж байсан Рената энэ удаад 380 мянга орчим хүний санал авч Конгрессын хаалгаар орсон байна. Жаир Болсонаругийн бас нэг хүү Эдуарду нь Конгресс дэх суудлаа орхиж, АНУ-д очоод улс төрийг орхилгүй Трампыг дэмжиж байдаг гэнэ.