-Баавгай айлын гэр лүү дайрч, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээв-
Баавгай суурьшлын бүсэд олноороо үзэгдэх боллоо, айлын гэр, хашаа, хороо эвдэж, сүйтгэв, мал сүрэг рүү халдлаа гэх мэдээлэл сүүлийн хэдэн сар үргэлжилсэн. Гэтэл Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), нийслэлийн Байгаль орчны газар зэрэг холбогдох байгууллагын хариуцсан эрх мэдэлтэн, албан тушаалтан, сайд, дарга нар нь хойрго хандаж, дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрэв. Үүний балгаар Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт айлын гэр лүү баавгай дайрч, 40 настай эрэгтэйн аминд хүрч, 55 настай Н гэх эмэгтэйг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 7-8-нд шилжих шөнө 01.00 цагт Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд “Баавгай гэр лүү дайрлаа” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны болон Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төвийнхөн очжээ.
ГЭМТСЭН ЭМЭГТЭЙ ГОЛ ГАТАЛЖ, ТУСЛАМЖ ГУЙЖЭЭ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг энэ талаар “Цагдаагийн байгууллагынхан нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс нь тодорхой зайд байхыг олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин баавгайд самардуулж, хүнд гэмтсэн 55 настай Н гэх эмэгтэй гэрээсээ гарч зугтсан тулдаа амь аврагджээ. Тухайн айлд тэднээс өөр хүн, бага насны хүүхэд байгаагүй” гэв. Бурхантын ам гэх газар нь хорооны төвөөс 20 орчим км зайтай бөгөөд мал бүхий 70 гаруй айл өрх суурьшдаг аж. Өдгөө тухайн газарт амьдарч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн хамгаалах нь тодорхойгүй байна. Баавгай нэг ирсэн газраа дахин эргэсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн гэнэ. Эл харамсалтай явдал болсон газарт өчигдөр хэвлэл мэдээллийнхэн очиж, нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Ойр хавийн айлын хүмүүс цуглаж, нурсан гэрийг хурааж цэгцэлсэн байв. Талийгаач эрэгтэй тухайн айлд хадлан тэжээл, мал ахуйд нь туслахаар очсон бөгөөд гэмтсэн эмэгтэйн төрөл садны хүн биш болохыг саахалт айлынх нь хүмүүс ярьсан юм. Мөн баавгайн халдлагад өртсөн эмэгтэй гурван хүүхэдтэй бөгөөд зарим нь тусдаа гарч, хөдөө амьдардаг, эзэнгүй үед таарчээ. Түүнийг гол гаталж, айлд хүрч хорооныхоо байгаль хамгаалагчтай холбогдон, болсон явдлын талаар дуулгасан байна. Тэр хавийнхан малаа дагаад гол бараадаж, ганц, хоёроороо амьдардаг аж. Хүн хүч тааруу нэгэнд тусалж явдаг залуу ийн золгүй байдлаар амиа алдсанд харамсаж буйгаа хөрш айлынхан нь хэлсэн. Мөн Засгийн газар, БОУАӨ-ийн сайд, хариуцсан алба, хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ аваагүй, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээгүй, иргэдээ хамгаалах сэтгэлгүй хандсанд гомдолтой байгаагаа ярьцгаасан юм.
11.00 цагт БОУАӨЯ, НОБГ, нийслэлийн Байгаль орчны газраас дээрх асуудлаар мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр “Бурхантын ам гэх газарт бид 02.00 цагт очиход нэг хүн амь хохирсон, нөгөө иргэн нь хүнд гэмтэж, хөрш айлдаа очиж дуудлага өгсөн байв. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх дуудлага 2018 онд хоёр, 2019 онд нэг удаа бүртгэгдсэн. Түүнээс хойш дуудлага бүртгэгдээгүй бөгөөд 2026 онд нийт 28 дуудлага ирсэн. Үүний 24 нь бодит дуудлага буюу баавгай орж ирсэн нь тогтоогдсон бол дөрөв нь хиймэл оюун ашигласан хуурамч дуудлага байсан. Бид баавгай ичих хүртэл сэрэмжлүүлэх арга хэмжээ авч байгаа. БОУАӨЯ-наас тухайн баавгайг аюулгүй болгох зөвшөөрөл олгосон. Харин бамбаруушаа дагуулсан эм баавгайг агнахгүй байх чиглэл өгсөн. 41 хүн 12 техник хэрэгсэлтэйгээр байвгайг эрэн хайж байна. Дулаан мэдрэгч дрон ашиглаж байгаа” гэв.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням “Улсын хэмжээнд энэ онд нийт 11 аймаг, нийслэлийн суурьшлын бүс, тусгай хамгаалалттай бүс нутагт баавгай орж ирсэн 754 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 80-иад хувь нь бамбаруушаа дагуулсан эх баавгай. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргуулж, баавгай унтуулах, зүү шидэгч буюу булчин сулруулах буу авах, бусад зардалд зарцуулахаар болсон. Орон нутгийн Тусгай хамгаалалтай газар нутагт ажиллаж буй алба хаагчдад шатахууны зардал олгохоор ажиллаж байна. Баавгай давтамжтай орж ирсэн, эрсдэл өндөртэй газарт зөвлөмж хүргүүлж буй. Амьтны тухай болон Эрүүгийн хуульд заасны дагуу нийт найман аймагт 27 баавгай агнах зөвшөөрөл олгосон. Үүний хүрээнд зургаан баавгай агнажээ” хэмээсэн. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга М.Наранбаатар баавгайд дайруулж гэмтсэн эмэгтэйг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй эмэгтэй биеийн байдал хүнд байгааг хэлсэн.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд ходоод нь хоосон, нэлээд ядруу, тарга тэвээрэг авч чадаагүй, зарим нь шарх, сорвитой байсан хэмээн ихэд өрөвдөн, идэш тэжээл, жимс ногоо тавьж өгнө хэмээн уянгалсан. Иймд хоол тэжээлээс гадна хорлонтой нэгийг нь унтуулдаг буу, зайнаас цацдаг цацлагаар “аргалж”, алба хаагчдад шатахууны зардал олгоход Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум гаруй төгрөг гаргуулна хэмээн өнгөрсөн сарын 22-нд мэдээлж байв. Үүнээс хойш хагас сарын хугацаа өнгөрөөд байхад иргэд гар хоосон, буу ч үгүй, цацлага ч үгүй сууж байгаа нь харамсалтай. Баавгай тулаад ирэхэд ямар арга хэмжээ авч, яаж амиа хамгаалахаа мэдэхгүй. Ой модонд ганц, хоёроороо битгий яв гэхээс өөр олигтой зөвлөгөө өгөх ч мэргэжилтэн БОУАӨЯ-нд байдаггүй аж. Дархан-Уул болон Дорнод аймгийн Засаг дарга нар аль эртнээс л “Баавгай дийлдэхээ байлаа, хариуцсан яам нь арга хэмжээ авахгүй бол гар хоосон иргэд амь эрсдэхэд ойрхон байна” хэмээн сануулсаар атал шуурхай арга хэмжээ авахгүй суусны балгаар хүний амь эрсэдсэн гэхэд хилсдэхгүй. Хүн амын талаас илүү хувь нь суурьшдаг нийслэл хотдоо гэртээ амарч байгаад баавгайн “хоол” болно гэдэг юутай эмгэнэлтэй. Эрдэнэт хүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг хэн хариуцах вэ.
БААВГАЙ АГНАХ ЗӨВШӨӨРӨЛ АМИАС ҮНЭТЭЙ ЮҮ
Манай улс хамгийн сүүлд 1996 онд баавгайгаа тоолсон бөгөөд өдгөө хэчнээн амьтан хаана, хаана нутагшиж буй талаарх мэдээлэл алга. Гэтэл суурьшлын бүсэд баавгай энэ сарын 8-ны байдлаар нийт 754 удаа орж ирсэн байна. Үүнээс хамгийн олон буюу Хэнтийд 209, Дархан-Уул 110, Сэлэнгэ 86, Хөвсгөл 65 баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ. Тэд 80 гаруй айлын гэр, байшин хашаа хороо эвдэж, 30 гаруй хонь, ямаа, үхэр барьжээ. Нөхцөл байдал ийм хүнд байхад зүү шидэгч буу, булчин сулруулагч бэлдмэл, шүршигч гурвыг гаднаас импортоор оруулж ирнэ, манайд байхгүй гээд суусаар байх уу. БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням зүү шидэгч буу, унтуулгын эм, бодис оруулж ирэхээр 810 сая төгрөгийн дөрвөн багц ажлын тендер зарласан. Засгийн газрын тогтоолын дагуу нийт 135 сая төгрөг орон нутагт шилжүүлсэн гэсэн юм. Шидэгч буу, шүршдэг цацлага оруулж ирэхийг хүлээх зуур дахин хүн эндэхгүй гэх баталгаа бий юү. Нийслэлд наймдугаар сарын сүүлчээр л баавгай явж байна, Гачуурт, Улиастайн аманд үзэгдсэн хэмэээн иргэд мэдээлсэн. Өнөөх баавгайг нь хайсан ч олоогүй гэх олхиогүй тайлбараас өөр хүнээ хамгаалах, ядаж л махчин амьтан үзэгдээд байгаа газруудад эргүүл хамгаалалт гаргаж, сэрэмжлүүлэг мэдээллээ сайн хүргэсэн бол хүн амиа алдахгүй ч байх ч юм бил үү.
15.30 цагт анчид өнөөх баавгайг олоогүй л байв. Хүн барьсан баавгайг агнахгүй бол эргээд тэр хавиар үзэгдэх, дахин дайрах эрсдэлтэйг анчид сануулсан. Цас ороогүй хуурай газар баавгайн мөр олдохгүй байгаа бөгөөд дулаан мэдрэгч дроноор хайсаар буйг хэлэв. Харин баавгайд нүүрэндээ самардуулж, хүнд гэмтсэн 55 настай Н-г толгойн мэс засалд оруулсан байна. Тэрбээр баавгайд хазуулсан том шархтай, цус алдсан, гавал яс нь цуурсан байдалтай эмнэлэгт ирсэн талаар ГССҮТ-ийнхөн ярьсан юм. 200-300 кг жинтэй, хоёр метр хүртэл өндөр махчин амьтан нийслэлд дураараа сэлгүүцэж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн хэвээр байна. Улиастайн хойд хэсгийн модтой бүс “Хадат вилла” орчмоор дамжин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу зугтсан байх магадлалтай хэмээн зарим иргэн цахимд бичжээ.
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 21 аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага, холбогдох албан хаагчидтай шуурхай хуралдаж, үүрэг, чиглэл өгсөн байна. Тухайлбал, эрсдэл бүхий орон нутгууд ойн бүс дэх олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалгыг зогсоох, мод бэлтгэх, жимс түүх, ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоох, баавгай давтан үзэгдсэн газарт байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын хамтарсан эргүүл гаргаж, орой, шөнийн цагаар хяналт нэмэгдүүлэх, шуурхай утас ажиллуулж, албан хаагчдын цагийн хуваарь гаргаж, 24 цагаар бэлэн байдалд ажиллахыг үүрэгджээ.