ОХУ-ын Эрхүүгийн Сибирь, Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн ажилтан эмэгтэй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа оношоор энэ сарын 2-нд нас барсан. Иймд ОХУ-ын тус бүс нутагтай ойролцоох хот, тосгон, нэн ялангуяа Эрхүү мужид зорчиж буй болон зорчихоор төлөвлөж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хангахыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
Тухайн бүс нутагт зорчих үед биеийн байдал эвгүйрхвэл байгаа газраа үлдэж, хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах, эсвэл 103 болон 112 дугаарын утсанд дуудлага өгч тусламж авахыг зөвлөжээ. Мөн эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд Монголоос тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрууд, Москва дахь Элчин сайдын яам, Кызыл, Эрхүү, Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт хандах, шуурхай утас болон цахим шуудангаар 24 цагаар холбогдох боломжтой аж.
Ташрамд дуулгахад, 2014 оноос хоёр орны хооронд иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж буй. Харин үүнээс дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах, бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Дархан-Уул дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авах нь.
Ч.Цэлмэг