Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гарагт уулзаж, үйлчилгээний чанар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хотын хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 17 аж ахуйн нэгж бий бөгөөд 2015 оноос хойш 73 байршлаас машин ачиж журамласан байна.
Эдгээр аж ахуйн нэгж зориулалтын 93 чирэгч автомашинтай, 3805 машины багтаамж бүхий зогсоолтой аж. Эл зогсоолуудын дүүргэлт дунджаар 70-80 хувьтай байдаг нь машин ачлагын үйлчилгээг ямар хэмжээнд явуулдаг нь илт. Ачаалал нийслэлийн төвийн дүүргүүд болох Сүхбаатар, Чингэлтэй, Баянголд өндөр байдаг гэнэ. Он гарснаас хойш нийт 74 430 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлжээ. Тэдний 58 мянга нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 16 198-ыг нь согтуугаар жолоодсон, бусдыг нь гэмт хэргийн шалтгаантайгаар ачсан гэв.
3.5 тонн хүртэлх жинтэй тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэхэд 60 000, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зогсохыг хориглосон газар байрлуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу нэмж 20 000, журмын хашааны төлбөрт 4000-5000 гээд нийт 85 мянган төгрөгийн хураамжийг жолооч төлдөг. Тэгвэл ачлагын компаниуд 74 430 тээврийн хэрэгслийг журамлахад нийт 6.3 тэрбум төгрөгийн орлого олсон гэсэн үг. Харин иргэд эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үргэлж сэтгэл дундуур, ялангуяа жолооч тээврийн хэрэгслээ хөдөлгөх боломжтой байхад ачдаг, ажилтнуудынх нь харилцаа, хандлага, ёс зүйтэй холбоотой гомдол, санал байнга ирүүлж буйг дээрх хурлын үеэр хөндөж, үйлчилгээг сайжруулах үүрэг чиглэл өгчээ.
О.Оргилох