Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зүгээс "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр", "Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр", "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-үүдийн төслийг Засгийн газрын асуудал шийдвэрлэгдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй, хойшлуулах саналтай байгаа тухайгаа хурал даргалагчид хэлэв. Тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн саналыг хүлээн авч дээрх хэлэлцээрүүдийн зөвшилцөх асуудлыг хойшлуулсан болохыг мэдэгдээд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцсэнээр хуралдаан үргэлжилсэн. Энэхүү төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.