Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн хуулиуд болон Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх болоход Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, дээрх хуулийн төслүүд ач холбогдол бүхий томоохон хуулийн төслүүд тул салбарын сайдууд томилогдсоны дараа байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай гээд завсарлага авсан юм.
Дараа нь “Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”-ын болон “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн”-ийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонссонтой холбогдуулан сангуудын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдийн гаргасан саналыг тусгасан байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу байнгын хорооны дүгнэлт, гишүүдийн саналыг тусгасан тогтоолыг баталж, Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын дарга чиглэл болгосны дагуу Татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал авсан талаарх асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар тогтлоо.