Засгийн газрыг шинээр байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийн бага хурал зарлан, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр АН, МАН хамтарч дахин МАНАН байгуулах нь нэгэнт тодорхой болсон тул шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түр Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн юм. Учир нь “Намууд хамтран ажиллах талаар зөвшилцөх явцад зарим нэг ухралт бий болохоор дүр зураг харагдаж байна” хэмээн онцолсон. Тухайлбал, “МАН улсын өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн шаардлагаасаа ухарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд гаргасан Засгийн газрын баталгааг улсын өрөөс хасах замаар шинээр өр, зээл тавих асуудал яригдаж байна” гээд ийн хоёр нам хамтарснаараа тулгамдсан асуудлуудыг шийдэх бус харин ч намчирхаж, сандал ширээтэй зууралдсаар түрүүгийн Засгийн газар, МАНАН-гийн түүхийг давтана хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн юм. Тиймээс ч түр Засгийн газар байгуулж, Үндсэн хуулиа яаралтай өөрчилье гэж буй аж. Тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөхийн өмнөхөн дээрх агуулга бүхий уриалга гаргаж байснаа ч сануулсан. Мөн Г.Уянга гишүүн шинэ Засгийн газар “Рио Тинто”-гийн эрх ашигт үйлчилнэ хэмээн хардаж буйгаа нуугаагүй бөгөөд Оюутолгойн орд газрыг ашиглах асуудлаар сөрөг хүчин байхаа мэдэгдлээ.