Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 140 гаруй мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс 40-50 мянган оюутан хөдөө орон нутгаас ирж суралцаж буй. Орон нутгийн оюутнуудын өмнө тулгардаг асуудал бол яах аргагүй эрүүл мэндийн үйлчилгээ юм.
Өвдсөн ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсаар өвчин нь хүндрэх тохиолдол бий. Улсын эмнэлэгт үзүүлье гэхэд Эрүүл мэндийн даатгалын дэвтэр байх шаардлагатай. Хувийн эмнэлэгт үнэ хөлсийг нь дийлэхгүй гээд тэдний өмнө тулгарах бэрхшээл цөөнгүй юм.
Тиймээс Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн клиник”-ийг нээлээ.
Тус клиник Баянзүрх дүүрэгт байрлах оюутны “А” хотхоны “Оюутны өргөө” I байрны нэг давхарт байрлаж байгаа юм.
Уг клиник нь зөвхөн тухайн дүүргийн оюутнууд гэж хязгаарлалгүй өсвөр үеийнхэн нээлттэй үйлчлэх аж. Оюутнууд тус клиникээр үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэж, үйлчлүүлэхээс гадна, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнаас зөвөлгөө авах боломжтой юм байна.
Өсвөр үеийнхэн өөрсдөө санаачлаад тэр бүр эрүүл мэндийн байгуулагад хандаад байдаггүй. Ичиж эмээх нь элбэг байдаг гэж эмч нар хэлж байлаа. Тиймээс тус төвийг “ээлтэй” гэдэг утгаараа тусламж хүсээд ирсэн оюутан залуусаас бичиг баримт шаардахгүй, хаяг байршлыг нь асуухгүйгээр эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх юм байна. Өмнө нь өсвөр үеийнхэнд ээлтэй клиникийг Баянгол дүүрэгт нээж байсан бол энэ удаа оюутны хотхонг түшиглэн нээж байгаа аж.