Цоохор ирвэсийг тоолох ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа юм. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч энэхүү амьтан Монголд ойролцоогоор 1000 орчим бий гэсэн багцаалсан судалгаа байдаг ажээ.
Өмнө нь ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монгол Улсын ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, судлаачидтай хамтран Увс аймгийн цоохор ирвэсийг тоолж бүртгэлжүүлэн хүзүүвч зүүсэн байна. Ингэснээр тухайн амьтны байршил хөдөлгөөнийг судлах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж ажиллах юм.
Тэгвэл энэ удаад Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Дарви сумдад харьяалагдах Бумбатхайрхан уулын цоохор ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн долоон сард 32 ширхэг камер аппарат нутгийн иргэдийн оролцоотой тавьсан байна.
Автомат камерны өвлийн зай, карт солих ажилд гурван сумын нутгийн иргэд идэвхтэй оролцож байгаа ажээ. Камерт өртсөн сонирхолтой шинэ зүйл нь далайн түвшнээс дээш 2256 метрийн өндөрт Зэгсний гахай орсон байна.