Увс аймгийн Баруунтуруун сум дахь хилийн 0311 дүгээр ангийн хоёр хилчин осолдож нэг нь амиа алдан, нөгөө нь хүнд гэмтсэн хэрэг уржигдар гарчээ. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрынхнаас тодруулахад “Баруунтуруун руу явсан Ажлын хэсэг ирээгүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Хилийн цэргийн ангийн офицер, нэг ахлагчтайгаа ангийн байрлалаас гадуур хөдөө явж байгаад ахлагч нь амиа алдсан мэдээллийн дагуу шалгаж байгаа” гэв. Орон нутгийн эх сурвалжийн хэлснээр хилийн 0311 дүгээр ангийн офицер нь жолооч ахлагчийнхаа хамтаар чонын авд мордож, ангаа хөөж яваад машинтайгаа эрэг рүү онхолдсон байна. Жолооч нь газар дээрээ амиа алдаж, офицер нь Баруунтурууны эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Амиа алдсан ахлагчийн цогцост өчигдөр 18.00 цагийн үед задлан шинжилгээ хийхээр болсон бөгөөд хөлдсөн байсан учраас нэлээд хүндрэлтэй байна гэх мэдээллийг орон нутгийн эх сурвалж өгсөн юм.