Татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, АНУ-ын бизнесмен Жастин Капла НҮБ-д “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ыг Монгол Улс зөрчиж байна” хэмээн зарга мэдүүлжээ. Түүний өргөдлийг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын газар бүртгэж авсан байна. АНУ-ын Миннесота муж улсын Элк Ривер хотын оршин суугч, “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Каплаг “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар зургаан сар ажиллахдаа татварын тайлангаа зохих журмын дагуу тайлагнаагүй, татварт ногдох орлогыг зориуд багасгаж мэдүүлсэн зэрэг үйлдэлд зохион байгуулагчаар оролцож, нийт 46.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийн, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учраас түүнийг болон “Саусгоби сэндс”-ийн санхүүгийн менежер асан Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарахыг 2012 оны арваннэгдүгээр сард хориглосон юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1966 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталж, 1976 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон энэхүү олон талт гэрээнд манай улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд нэгдэн орсон. Энэхүү пактын 12 дугаар зүйлийн 1-д “Аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж заасан байдаг. Үүнийг Монгол Улс зөрчиж байна хэмээн Жастин Капла өргөдөлдөө онцолсон аж.
Капла өмнө нь АНУ-ын сенатор Аль Франкен, Эми Клобухар, Конгресийн гишүүн Мишель Бахман нараас тусламж гуйж байсан. Энэ асуудлаар Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ-ныхан манай улсын хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж байсан удаатай. Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 25-нд хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.