Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажилласан, шинэ техник технологи нэвтрүүлсэн иргэд, байгууллагуудад Засгийн газраас урамшуулал олгодог билээ. Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос саяхан зургаан аж ахуйн нэгжийг шилдгээр нэрлэж, ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ олгосон юм. Эрчим хүч хэмнэх чиглэлээр “Ультра соник” компанийн шөнө дулаан хадгалагч төх өөр өмж шалгарчээ. “Эко технологи” буландаа тус компанийн энэх үү төхөөрөмжийг танилцуулж байна. Нүүрсийг орлуулах боломжтой, эрчим хүч хэмнэх энэ төхөөрөмжийн тухай сурвалжлахаар биднийг тус компанид очиход инженер нь төрөл бүрийн бүтээгдэхүүн угсарч байв. “Ультра соник” компани “Шөнө дулаан хадгалагч” төх өөрөмжөөс гадна шугам хоолойн хөлдөлтөөс хамгаалах, уур чийг арилгах, агшин зуурт ус халаагч зэрэг олон бүтээгдэхүүн худалддаг юм байна.
Тус компани 2001 онд байгуулагдсан бөгөөд баруун Европ, тэр дундаа ХБНГУ, Швейцарь зэрэг орны хамгийн дэвшилт, сүүлийн үеийн техник технологийг Монголд оруулж ирдэг аж. Мөн амины орон сууц, өрөө тасалгааны цахилгаан халаалт, усан халаалтын цахилгаан зуух болон төвийн дулаан хангамжийн төхөөрөмж угсарч суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдний нийлүүлдэг гол бүтээгдэх үүнүүд болох амины орон сууцтай айлууд ашиглах боломжтой “Шөнө дулаан хадгалагч”, хананы конвектор, хөлдөлтөөс хамгаалагч зэрэг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Штебль Эльтрон” фирмийнх гэнэ. Германы тус фирм хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг аж. Ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ авсан “Шөнө дулаан хадгалагч” төхөөрөмжийг ажиллуулахад зуух, хоолой, түгээх шугам сүлжээ, радиотор зэрэг зүйлс огт шаардлагагүй. Түүнчлэн түлш, шатдаг хий, нүүрс, тэдгээрийг нөөцлөх зай талбай ч хэрэггүй. “Ультра соник” компанийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг “Бид барааг бус хөгжил дэвшил үйлдвэрлэхийг хүсдэг.
Манайхаас олон хүн амтай улс орнууд дулааны асуудлаа бүрэн шийдсэн учраас агаарын бохирдол багатай байдаг. Гэтэл манайхан нүүрснээс татгалзаж чадахгүй, шинэ техник технологи ашиглахгүй нэг байрандаа зогсоод, агаараа бохирдуулсаар л байна. Гэхдээ сүүлийн үед иргэд үүнийг ойлгоод нүүрс орлуулах боломжтой техник технологийг ашиглах нь ихсэж байгаа. Тийм учраас манай компани хөгжил дэвшлийг үйлдвэрлэж байгаа гэж би ойлгодог” гэж ярилаа. Харин Г.Батсайхан инженер “Шөнө дулаан хадгалагч” төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар тайлбарлаж өгөв.
Уг төхөөрөмж нь өндөр багтаамжтай нягтаршуулсан тусгай тоосгыг цельсийн 600 градус хүртэл халаан, дулаанаа нөөцөлж, үүнийгээ өдрийн цагт ялгаруулах зарчмаар ажилладаг. Уг төхөөрөмжийн дотор байрлах дуу чимээгүй зориулалтын сэнсний тусламжтайгаар дулаанаа түгээдэг байна. Ийм замаар өрөө тасалгаанд халуун агаар жигд хурдан тархдаг байна. Харин дулааныг хуримтлуулах болон ялгаруулахдаа тусгай электрон удирдлага ашигладаг гэнэ. Энэхүү төхөөрөмжийг 2003 оноос импортлон оруулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 гаруй хэрэглэгч худалдан авчээ. Цахилгаан станцууд айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангахын тулд хоногийн 24 цаг жигд ажиллах шаардлагатай. Гэтэл манай улсын эрчим хүчний хүчин чадлаас шалтгаалаад жигд дулаан өгч чаддаггүй. Үүнийг шийдэхийн тулд ачаалал багатай үеийн эрчим хүчийг ашиглах, хурааж нөөцлөх хэрэгтэй гэдгийг тус компанийн мэргэжилтнүүд хэлэв. Тиймээс “Шөнө дулаан хадгалагч” төхөөрөмж шөнийн ачаалал багатай, хямд тарифын цахилгааныг ашигладгаараа давуу талтай. Түүнээс гадна шингэн болон хийн түлшээр халдаг зуухтай харьцуулахад урсгал зардал нь гурваас дөрөв дахин бага гэв.
Иргэд энэхүү төхөөрөмжийг хоёр сая төгрөгөөр худалдаж авах боломжтой. Зарим хүн төхөөрөмжийн үнийг хэт өндөр гэж үздэг ч гэр хорооллын айлын нэг өвлийн түлэх мод, нүүрсний үнэтэй харьцуулахад хямд тусдаг байна. “Хас”, “Өлзий” зэрэг зуух агаарын бохирдлыг 100 хувь бууруулах боломжгүй, тасалгаа бүрийг халаахгүй, бүх ажиллагаанд хүний оролцоо шаардлагатай байдаг аж. Цахилгаан зуухны зардал өндөр, цахилгаангүй үед хөлд өх магадлалтай, ашиглалтын явцад засвар үйлчилгээ шаардлагатай зэрэг сул талтайг дурдлаа.
Э.НЯМДУЛАМ