ОХУ-ын нэрт улстөрч Евгений Примаков өнгөрсөн зургадугаар сарын 26-нд нас барлаа. Тэрбээр сэтгүүлч, эрдэмтэн, дипломат, Тагнуулын албаны дарга, Гадаад хэргийн сайд байсан бөгөөд 1998-1999 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүнтэй салах ёслол үйлдэхээр М.Горбачев, В.Путин тэргүүтэй олон алдартнууд ирсэн байсан. Оросын ГЯЯ-ны сайд Сергей Лавров “Е.Примаковын Засгийн газрын ачаар Орос улс 1998 оны хямралыг даван гарч чадсан. Тэр бол ОХУ-ын гадаад бодлогод эргэлт гаргасан агуу хүн байлаа” гэж хэлсэн. Гэхдээ Е.Примаковыг алдарт “Атлантын далай дээрх эргэлт”-ээр нь олон хүн мэддэг.
1999 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Евгений Примаков Америк явах замын голоос айлчлалаа зогсоож байв. НАТО-гийн цэрэг Югославыг бөмбөгдөж эхэлсэн тухай сонсоод Атлантын далай дээгүүр нисэж явсан онгоцоо эргүүлэн Москвад буцаж, америкчуудыг гайхуулж явсан түүхтэй. Ингэснээр Америкаас авах гэж байсан 15 тэрбум долларын зээл бүтэхгүй болж, эдийн засгийг аврах боломжоо тэр алдсан.
Гэхдээ тэр үед сул дорой байсан ОХУ-ын Ерөнхий сайд ийм алхам хийснээрээ Америк, НАТО-д Оросыг басаж болохгүй гэдгийг ойлгуулсан юм. Энэ талаараа Е.Примаков “Би гавьяа байгуулсан хэрэг биш. Эх орноороо бахархдаг хүн бүрийн хийх ёстой зүйлийг л хийсэн. Миний оронд байсан ямар ч Ерөнхий сайд ингэх л байсан гэж би боддог. Югославыг бөмбөгдөж байгаа харгис дайнч оронд би айлчлах ёсгүй” гэж ярьж байв.
Евгений Примаков 1929 оны аравдугаар сарын 29-нд Киевт төрсөн. Амьдралын замаа сэтгүүлчийн ажлаас эхэлж, Египетэд ажиллаж байхдаа Саддам Хусейн, Ясир Арафат, Тариз Азиз зэрэг алдартнуудтай уулзаж, ярилцлага авч байжээ. Нэг хэсэг ШУА-ийн Дорнод судлалын хүрээлэнг тэргүүлж байсан Оросын ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, академич хүн.
1980 оны сүүлчээр тэрбээр улс төрийн замналаа эхэлж, М.Горбачевийн “Өөрчлөн байгуулалт”-ын үеийн нэрт зүтгэлтний нэг болсон. 1990-1991 онд ЗХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөлд гадаад бодлогын асуудал эрхэлж, 1991 онд М.Горбачевийн даалгавраар Ойрхи Дорнодод очиж, Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейнийг Кувейтээс цэргээ гарга хэмээн ятгаж явлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч “Их долоо”-гийн тэргүүнүүдтэй анх уулзахад бэлтгэл ажлыг нь Е.Примаков л хангасан. 1991 оноос эхлэн Тагнуулын албанд ажиллахдаа хуучин КГБ-гийн ажилтнуудыг авч үлдэж чадсан гавьяатай хүн гэж түүхчид үздэг. Түүнийг Тагнуулын албаны дарга байхад гадаад улс орнуудын тагнуулын албадтай харилцаа холбоо тогтоож, олон шинэ хууль батлагдсан юм.
Тагнуулын албыг тохинуулсан Е.Примаковыг 1996 оноос ОХУ-ын ГХЯ-ны сайдаар томиллоо. Түүний үед Орос орон Барууны орнуудтай харилцан ашигтай, ижил тэгш харилцана гэсэн Оросын гадаад бодлогын үндэс тавигдсан юм. Орос-Хятад-Энэтхэг гэсэн гурвалын хамтын ажиллагааг тэр л эхлүүлсэн. Одоо энэ нь БРИКС болон улам хөгжиж байна. Е.Примаков ОХУ-НАТО-гийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулж, НАТО-гоос Оросын хил дагуу цэргээ байрлуулахгүй гэсэн амлалт авч байлаа.
1998 оны зун ОХУ-д эдийн засгийн хямрал хурцдаж, наймдугаар сард нь Сергей Кириенкогийн Засгийн газар огцорсон. Ерөнхийлөгч Б.Ельцин Засгийн газрын тэргүүнээр Виктор Черномырдинийг тавих гэсэн боловч Төрийн дум батлахаас татгалзаж, улс төрийн хямрал эхэллээ. Ингээд 1998 оны есдүгээр сарын 11-нд Е.Примаковыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд депутатуудын олонх нь дэмжсэн байдаг. Шинэ Засгийн газар эдийн засгийн хямралыг давж чадсан. 1999 он гэхэд үйлдвэрлэл 23.8 хувиар өсөж, инфляц 38-аас гуравхан хувь болтлоо буурсан байна.
Гэвч түүнийг Ерөнхийлөгч Б.Ельцин 1999 оны тавдугаар сард огцруулсан юм. Үнэндээ бол Е.Примаковын нэр хүнд хэт өсөж, аюултай өрсөлдөгч болж ирсэн тул Б.Ельцин түүнээс салахаар шийджээ. Халагдсан Ерөнхий сайд сонгуульд өрсөлдөхөөр болов. 1999 оны наймдугаар сард тэрбээр Юрий Лужков, Владимир Яковлев нарын хамт “Отечество-Вся Россия" эвслийг тэргүүлж байв. Энэ үед Примаков Оросын хамгийн нэр хүндтэй улстөрч хэмээн тооцогдож, ирээдүйн Ерөнхийлөгч хэмээн нэрлэгдэж байлаа.
1999 онд Төрийн Думын депутатаар сонгогдож, арванхоёрдугаар сард нь 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа. Гэвч гуравхан сарын дараа тэрбээр сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан билээ. 2001 оны арванхоёрдугаар сард депутатын ажлаа өгөж, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга болов. Энэ үедээ ч улс орноос даалгасан чухал даалгавруудыг гүйцэтгэсээр л байлаа. 2003 оны гуравдугаар сард Америкийн цэрэг Иракт нэвтрэн орохоос хэдхэн хоногийн өмнө Евгений Примаков Ерөнхийлөгч Саддам Хусейнтэй уулзаж, огцрохыг санал болгосон байдаг.
Орос улсын нэр хүнд, нөлөөг хадгалан үлдээж, орчин үеийн ОХУ тогтноход түүний гүйцэтгэсэн үүрэг их билээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ