Монголчууд газар нутаг, байгалийн тогтоц болон баялгаараа дэлхийд гайхагддаг. Түүнийгээ хайр гамгүй сүйтгэдгээрээ ч мөн гайхагдаж байна. Бидний баялгийн нэг бол рашаан юм. Дэлхийд рашааны ундаргатай хот гурав байдгийн нэг нь Улаанбаатар. 40 жилийн өмнө Монгол, Оросын хамтарсан судалгааны баг нийслэлийн Хан-Уул дүүрэгт рашааны ундарга илрүүлэн “Оргил” рашаан сувиллыг байгуулж байжээ. Оргил рашаан бол ходоод, цус багадалт болон бүх төрлийн үрэвслийг анагаах увдистай. Гэтэл энэ рашааны ундаргын бүсэд барилга бариад эхэлчихэж. Тэр барилга нь “Билиг” ХХК-ийн дунд сургуулийн зориулалттай барилга юм байна. Тус компани 1996 онд байгуулагдсан бөгөөд захирал Э.Батзориг нь Э.Батбилэг, С.Мөнхзул нартай хамтран эзэмшдэг юм байна.
Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны захирамжаараа “Оргил” рашаан сувиллын дэргэд тус компанид газар эзэмших зөвшөөрөл анх олгожээ. Ингэхдээ хэд хэдэн хууль зөрчсөнийг нь тэр үед хариуцлагатай албан тушаалтнууд мэдэж байсан ч дуугүй өнгөрсөн аж. Тухайлбал, Усны тухай хуулийн 22.10.1-т рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүс, 22.10.2-т эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүс байхаар заасан байдаг. Мөн эрүүл ахуйн бүсэд хориглох үйл ажиллагааг энэ хуулийн 22 дугаар зүйлд “Рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга, байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулахыг хориглоно” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл сургуулийн дөрвөн давхар барилгыг рашааны ундаргын хоёр худгаас 35.5 болон 44 метрийн зайтай барьж байна. Хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн нь тодорхой байхад “Билиг” ХХК-д хэн ч хариуцлага тооцсонгүй, барилгын их ажил үргэлжилсээр...

Рашааны ундарга дээр барилга барьж буй компанийнханд сувиллынхан ч тэр, тэнд үйлчлүүлж байгаа иргэд ч таагүй хандаж байсан юм. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн Удирдлага, хүний нөөцийн албаны дарга Л.Баянмонгол “Энэ компани анх тавдугаар сарын 29-ний 18.00 цагт газар ухаж, барилгын ажлаа эхэлсэн. Тэр өдөр нь амралтын өдөр таарсан юм. Бид маргааш нь энэ байдлыг мэдээд тус компанийн удирдлагуудтай уулзсан. Гэтэл бидэнд 280 хүүхдийн сургууль барих гэж байгаа тухайгаа л яриад байсан. Нийслэлд сургууль хэрэгтэй байгаа нь үнэн, гэхдээ рашааны ундаргын бүсэд болохгүй гэдгийг нь хэлсэн ч ойлголцож чадаагүй. Зургадугаар сарын 2-нд холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Гэвч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Туул голын сав газрын захиргаанаас л хариугаа зөвлөмж хэлбэрээр бидэнд ирүүллээ. Өнөөдөр бидэнд зөвлөгөө биш шийдвэр хэрэгтэй байна. Харин НМХГ, НЗДТГ, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагаас хариу ирээгүй. Дээд газраас хариу ирэхийг хүлээн зүгээр сууж байтал энэ барилга босчихлоо. Манай байгууллага 135 ажилтантай, жилд дунджаар 120 сая төгрөгийн татвар төлдөг. Гэтэл манай байгууллагын эх үүсвэр болсон рашаан чанараа алдах, цаашлаад устахад хүрээд байна. Мэдээж сургуулийн барилга учраас машины зогсоол хийхээс эхлээд дулааны, бохирын болон халуун, хүйтэн усны хоолой гээд газар шорооны ажил хийнэ. Ингэх нь рашааны гарцад шууд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ барилга ашиглалтад орох л юм бол “Оргил” рашаан сувилал ирээдүйгүй боллоо гэсэн үг” гэж ярив.
Тус сувиллаар үйлчлүүлж буй иргэн Ж.Нэргүй “Би энд Сүхбаатар аймгаас ирээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээ их сайтай санагддаг. Харин энэ рашааны ундарга дээр нь барилга барьж байгаа гэдэг бол байж болшгүй зүйл. Оргилын рашаан байхгүй болбол сувилал нь хаалгаа барих байх. Тэгвэл өөр хол аймгуудын сувилал руу явдаг болох байх даа. Энэ нь ахмадуудад их л хүнд тусна” гэж ярив.

Нийслэл хотод энэ мэт хууль зөрчиж иргэдийн эрх ашигт халдсан барилга нэлээд бий. Өргөдөл, гомдлоо холбогдох байгууллагуудад хүргүүлдэг ч хариуг нь хуулийн хугацаанд нь багтаан өгдөг нь тун ховор. Хариугаа хүлээгээд л байдаг, барилга сүндэрлээд л байдаг. Тэгээд нэгэнтээ баригдсан барилгыг нураах боломжгүй. Зарим байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагааг зогсоох захирамж, акт үйлддэг боловч “том толгойтой” барилгын компаниуд биелүүлдэггүй. Үүний тод жишээ нь “Билиг” ХХК.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ оны зургадугаар сарын 23-нд “Билиг” ХХК-д хэд хэдэн үндэслэлээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд Усны тухай хууль зөрчсөн, дунд сургуулийн зориулалттай барилгын газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан болохыг нь дурдсан байх юм. Зөрчлийг арилгах хүртэл зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн гэдгийг ч мөн онцолжээ. Тэгэхээр энэ компанид газар эзэмших, барилга барих эрх огт байхгүй болж таарлаа. Рашааны ундаргыг шилжүүлдэггүй л юм бол зөрчлийг арилгах боломжгүй. Иймээс рашаанаа аварч үлдэхийн тулд барилгын ажлыг бүр зогсоох шаардлагатай гэдгийг сувиллын ажилчид хэлж байв.
Мөн МХЕГ-аас ч өмнө нь хууль зөрчсөн гэх энэ асуудлыг тус компанид мэдэгдэн, барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлж байсан гэнэ. Гэвч компанийн удирдлагууд дур мэдэн ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Энэ байдлыг нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өчигдөрхөн мэдэж хяналт, шалгалт хийж эхэлжээ.
Тус компанийн ерөнхий инженер Н.Ганзориг “Барилгын ажил одоо 30 хувьтай явж байна. Ирэх наймдугаар сар гэхэд барилгаа барьж дуусаад Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Бид нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Рашааны ундарга руу орсон зүйл байхгүй. Усны тухай хууль зөрчсөн зэрэг асуудлыг захиалагчид мэдэж байгаа байх. Ер нь хууль зөрчсөн гэж байгаа бол энэ хэсгийн газар доогуур явсан бохирын шугамыг хийсэн хүмүүс л зөрчсөн байх. Бохирын хоолой бол байнга бохироо гадаш нь алдаж байдаг. Тэр нь хөрс бохирдуулан, рашааны чанарт нөлөөлдөг байх. Харин ч бид тэр бохирын шугамд нь нийцүүлэн барилгаа зоорийн давхаргүй барьж байгаа” гэж ярьж байв. Тэгэхээр “Билиг” ХХК-ийн ерөнхий инженер л лав 10 гаруй хоногийн өмнө барилга барих зөвшөөрөлгүй болсон гэдгээ мэдээгүй байгаа бололтой, хөөрхий.
Нийслэл хотыг маань бохироос нь ангижруулдаг шугам, хоолойтой “барьцаж” буй тус компанийн инженерийн өгсөн мэдээллийн дагуу НМХГ-ын мэргэжилтэн хариулт өгсөн юм. Тэрбээр “Тэр хэсгийн бохирын хоолой бол ширмэн хоолой. Энэ нь ойролцоогоор 50 жилийн ашиглалтын хугацаатай. Бохироо гадагш нь алдана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр рашааны чанарт нөлөөлөхгүй. Үнэхээр бохироо алддаг бол тэр орчимд өмхий үнэр тархана шүү дээ. Өнөөдрийг хүртэл манайд тийм өргөдөл, гомдол ирсэн тохиолдол байхгүй” гэв. НМХГ-аас тус барилгыг шалгаад ямар шийдвэр гаргасан, уг барилгыг хэрхэх болсон талаар бид эргэн мэдээлэх болно.
Х.АЗЖАРГАЛ