Цагдаагийн алба хаагч ёс зүйн хэм хэмжээгээ ноцтойгоор зөрчиж, нэгэн эмэгтэйг хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээллээ.
“Уг үйлдэлд Цагдаагийн Ерөнхий Газрын зүгээс хохирогч У болон нийт ард иргэдээсээ уучлал хүсч байна.Улаанбаатар хотын цагдаагийн газар уг асуудал дээр албаны шалгалт хийж байгаа. ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд тухайн алба хаагчид хариуцлага тооцно.Шалгалтын явц болон тухайн алба хаагчид авсан арга хэмжээний тухай эргэн мэдээллэх болно” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү хэллээ.
Түүнчлэн ЦЕГ-аас алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд алба хаагчдын ёс зүй, иргэний эрхийг зөрчсөн асуудлын талаар мэдээллийг 126 тусгай дугаараар болон 24 цагийн турш цахим сайтаар мэдээлэл авч байгаа аж.
Харин иргэн У-гийн хувьд биеийн байдал одоо хэвийн байгаа бөгөөд хөнгөн гэмтэл авсан гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байна.
2014 онд иргэн У ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан аж. Тэр үед түүний хэргийг шалгаж байсан алба хаагч нь энэ сарын 30-ны өдөр түүнтэй таралдсан бөгөөд 2014 онд шалгасан хэргийн талаар маргалдсанаас энэ хэрэг болжээ.