Нийслэлийн МХГ-ын дарга нарын ээлжит хурал өнөөдөр болж, эмнэлэг, эм хангамжийн байгуулага, үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас тавдугаар сарын 27-ныг хүртэл 133 эрүүл мэндийн байгууллагыг шалгаснаас 62 эмийн сан, эмийн үйлдвэрийг шалгахад 20 хувь нь эрсдэл өндөртэй гаржээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын 71 хувь нь жороор олгох зориулттай эмийг жоргүй, эсвэл хүчингүй жороор олгосон нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн байна.
Холбогдох хууль дүрэм журмыг удаа дараа зөрчсөн “Бурят омбол”, “Киль туул”, “Бейссан” эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Эрүүл мэнд, Спортын яаманд хүргүүлсэн аж.
Мөн Даш, Цэгцүүхэй, Гол хэрлэн, Батраш, Монос Баянмонгол эмийн сангууд нь эмийн худалдаа явуулах стандартын шаардлага хангаагүй байгааг нь тогтоожээ.
Эмийн сангуудад хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь эмийн сангуудын үйл ажиллагаа явуулж буй байр стандартын шаардлага хангаагүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа нь дууссан эм, эмийн хэрэгслийг худалдаж байсан байна.
Иймээс иргэд өөрсдөө худалдан авах гэж байгаа эмээ хариуцлагатайгаар хянаж, шалган эмийн бүртгэлд байгаа эсэхийг нь байнга лавлаж, тодруулж байхыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Улсын байцаагчдын шалгалт бүрт эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хувь хүн нууцаар хилээр оруулж ирсэн эм худалдсан зөрчил илэрдэг аж.
Эмнэлгүүдийн 60 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгслийн нөөцгүй байна
Эмийн төсвийг танаж баталсантай холбоотой эмнэлгүүдийн 60 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгслийн нөөцгүй байна гэж мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдлээ.
Мөн эмнэлгүүдэд стандартад заасан эмч, мэргэжилтнүүд буюу хүний нөөц дутагдалтай байсан нь шалгалтын явцад илэрсэн байна. Харин Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, “SOS medical Mongolia” компанийн Хан-Уул дүүрэг дэх салбар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс гадна зарим эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, урсгал засвар, үйлчилгээг хийгээгүй зэрэг барилгатай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн аж.
Тухайлбал 1962 онд баригдсан Хүүхдийн 40 дүгээр сувилал, 1981 онд ашиглалтад орсон Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга дахин ашиглах боломжгүй, хана, тааз нь мөөгөнцөрдсөн, шавар нь нурж унасан дүр зурагтай байжээ. Харин тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгад суулт өгч, суурь ан цав гарч хагарсан бөгөөд агааржуулалтын систем ажиллаагүйгээс нэг, хоёр давхар нь битүү мөөгөнцөрдсөн байжээ.