Гарын хээнийхээ дардсыг хэвлээд гэрийнхээ хананд өлгөчихвөл ямар байх бол оо. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өчигдөр “Нээлттэй хаалганы өдөр”-т нь зочилсон иргэдэд ийм боломжийг олголоо. Ямартай ч дардас бэлгэнд авсан хүмүүс ихэд баяртай байсан юм. Иргэд энэ байгууллагын талаар төдийлэн сайн мэддэггүй байсан бол одоо багагүй мэдээлэлтэй боллоо хэмээн ярьцгааж байв. Мөн энэ үйл ажиллагааны нэг чухал үйл явдал нь хуурамч мөнгөн тэмдэгтийн танилцуулга байсан юм. Иргэд энд ирээд өөрийгөө хуурамч мөнгөн тэмдэгтээс болж хохирохоос хамгаалж чадах болсондоо олзуурхаж байв.
Өдөрлөгийн хүрээнд ШШҮХ-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд танилцуулсан юм. Мөн иргэдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө, гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдолд Шүүх эмнэлгийн үйлчилгээг хэрхэн авах зэрэг хэд хэдэн төрлийн мэдээлэл, зөвлөгөө өглөө. Өнгөрсөн онд тус байгууллагад хийгдсэн шинжилгээний талаарх тоон мэдээллийг ч энэ үеэр танилцуулсан юм. Үүнд зам тээврийн ослоор 657, архины хордлогоор 551, амиа хорлосон 148, бусдад хорлогдож нас барсан 449 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны хагас жилийн байдлаар тус байгууллагад бүртгэгдсэн нас барсан хүний тоо 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн дүн гарч байгааг онцолж байв.
Баяр, наадмын үед иргэд зам тээврийн болон ахуйн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгддэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд авах арга хэмжээний талаар өдөрлөгийн үеэр мэдээлсэн юм.
Мөн энэ өдөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, дэслэгч Г.Цэндсүрэн жолооч нарт хандан орон нутгийн замд зорчихдоо техникийн бүрэн, бүтэн байдлаа хангах, ослоос урьдчилан сэргийлэх болон ослын дараа авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгсөн юм. Тэрбээр “Зам тээврийн ослын үндсэн шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Тиймээс суурингийн гаднах замд 80 км цагийн хурдтай явна гэж заасан дүрмийг баримтлах шаардлагатай. Энэ бол хамгийн аюул багатай, байж болох хурдны дээд хэмжээ. Ийм хурдтай явж байгаа тохиолдолд жолооч богино зайнд тээврийн хэрэгслийг зогсоох болон аюул, саад гарч ирсэн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдаг.
Мөн энэ хурд нь шатахуун хамгийн бага зарцуулдаг тул эдийн засгийн ач холбогдолтой” гэж байлаа. Түүнчлэн жолоочоос гадна зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бүс хэрэглэж хэвшихийг анхааруулсан. Аялал, зугаалгын цаг эхэлсэн энэ үед автомашиндаа заавал авч явах зүйлсийн жагсаалтыг ч ШШҮХ-гийнхэн танилцуулсан. Уг жагсаалтад дурдсанаар чирэгч олс, ороох, боох материал бүхий эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг, шатахуун нөөцлөх сав, гар чийдэн, шүдэнз зэргийг бэлтгэсний дараа замд гарч байхыг санууллаа.
Х.АЗЖАРГАЛ