Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “Unity” үзэсгэлэнг “Hue art gallery”-д энэ сарын 15-ныг хүртэл толилуулж байна. Тус үзэсгэлэнд өөр өөрийн өнгө аяс, арга барилаараа ялгардаг ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Баттогтох, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Л.Ганболд, Ш.Сүхбат, Г.Сэр-Од нарын шилдэг, шинэ бүтээлүүдийг сорчлон дэлгэсэн аж. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч бүрийн орон зайн нарийн мэдрэмж, зохиомжийн шийдэл, өнгөний цогц хослолыг “Unity” үзэсгэлэнгээс мэдэрч болох нь. Эл үзэсгэлэнд Т.Баттогтохын “Аав ирлээ”, “Сэврээн салхи” тэргүүтэй бүтээлийг олны хүртээл болгож буйгаараа онцлогтой. Тэрбээр Монголын дүрслэх урлагийн салбарт амьтны далны ясаар сийлбэр бүтээл туурвисан анхны уран бүтээлч билээ. Ингэхдээ уламжлалт бэлгэдэл, домог зүй, хүний дотоод оршихуйг орчин үеийн урлагийн хэлээр шинэчлэн илэрхийлж, нүүдэлчин сэтгэлгээ, нарийн хийцийг олон давхар утгаар өгүүлдэг нэгэн.
У.Сүрэн