Төсөрхөн би Эйжи Оучи ноёнтноос нэгэн сонин ном хүлээн авч уншлаа. “Нөхөрлөлийн уудам тал” (Монгол, Японы хөөрөлдөөн) нэртэй ном. Хөөрөлдөгчид нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Дожоогийн Цэдэв, Японы Сока Гаккай Интернэшл байгууллагын ерөнхийлөгч, НҮБ-ын Энх тайвны шагналаас эхлээд дэлхийн олон орны шагнал хүртсэн энх тайвны нэрт зүтгэлтэн, зохиолч, доктор, профессор Дайсаку Икэда хэмээх эрхэм хоёр ноёнтон бөлгөө.
Энэ ном хавтаснаасаа л сэтгэл татаж эхлэлээ. Мөнх цаст Фүжи уулын цэнхэр салхи, сакура цэцгийн ягаан үнэрийг хүлэг морьдын туурай тачигнасан Монголын их талд тээн авчрах мэт. Цаг сайхан болжээ. Нэгэн цагт зэр зэвсэг хангинуулан золгож байсан хүмүүсийн хойч үе яруу үгийн цэцэг барин учрах ерөөлтэй байжээ. Япон, хүүхэд ахуйд минь тайлагдашгүй оньсого байлаа. Бид багадаа сурах бичгээсээ Арлын годгор япон Азийн ноён болох гэж Эв найрыг эвдэж Энх ёсонд халдаж гээд л “Японы самуурай” гэсэн шүлэг цээжилж, уншдаг байлаа.
Тэгтэл уул шүлгийг зохиосон хүн нэгэн өдөр Монгол, Японы дайны үед гудамжны самбарт тавьсан дэлхийн зураг хараад зогсож байж. Хажууд нь зогсож байсан нэг хүн Японы зургийг заагаад “Энэ ер нь ямар орон бэ” гэж асуужээ. Зохиолч хариуд нь “Өө, энэ бол их хөгжилтэй орон” гэж хэлээд удалгүй баригдаж, дайсныг магтсан хэргээр шоронгийн хаалга татжээ. Нөгөө асуусан хүн нь Дотоод яамны төлөөлөгч байсныг мань зохиолч яаж мэдэх вэ? Японыг муулж бичиж байсан зохиолч, нэг л өдөр ардын дайсан болчих нь тэр. Тийм л хачин учир нь үл олдох, таахуйяа нэн бэрх оньсого шиг юм болж байжээ.
Ер нь Япон гэж ямар орон бэ? Хүмүүс нь яаж аж төрдөг юм бол? Коммунист тогтолцооны үед ердөө л байсан гэсэн хар хөшгөөр хаачихдаг байлаа. Ардчиллын хүчит салхинд тэр хөшиг хийсэж унасан. Цаанаас нь нөгөө их зохиолчийн хэлсэн “Хөгжилтэй орон” үнэн төрхөөрөө тодорч үзэгдлээ. Харин хүн ардынх нь санаа сэтгэлийн ертөнц рүү харах цонх төдийлэн олдож өгөхгүй байлаа. Тэгтэл “Нөхөрлөлийн уудам тал” хэмээх номон цонх өмнө минь цэлийтэл нээгдэж япон хүмүүсийн бодол санаа, дүр төрх тэр чигээрээ сэтгэлд минь тодоос тод бууж байна.
Япончууд бидний л адил амьдралд хайртай, энх амгаланг хүсдэг, сэтгэлийн цоожгүй, нээлттэй хүмүүс юм байна. Япон, монгол хүмүүст адил төстэй зүйл олон ажээ. Монголчууд тэнгэрийн хаяатай зохицолдон нийлсэн хязгааргүй уудам тал нутгаар морь унан хурдалгадаг бол, япончууд мөн л аль нь тэнгэр, аль нь далай вэ гэж ялгахын аргагүй цэнхэр орчлонд усан онгоц хөлөглөн загасчилж явдаг биз. Тиймээс ч дуулах дуу нь тэнгэр рүү шууд гараад явчих мэт ямар ч хашлага хаалтгүй үргэлжилсэн уртын урт аялгуутай, амьдралын гүн ухаан нь огторгуйгаас шууд билэг оюуны цэнэг авсан мэт сэтгэлгээний өндөр түвшинд байдаг бололтой.
Ноён Дайсаку Икэдагийн ярианаас япончуудын эртнээс сурвалжтай гүн ухааны сэтгэмж, нөхрийн ёсыг бүхнээс дээдлэгч тунгалаг сэтгэл, амьдралын амар амгаланг эрхэмлэгч нирваан чанар бидний өмнө нээгдэж байна. Манай Д.Цэдэвийн ярианаас нүүдэлчин монголчуудын өвөрмөц сэтгэлгээ, ёс заншил, ахуй амьдрал япон уншигчдад улам нээлттэй болох болов уу. Үүгээрээ “Нөхөрлөлийн уудам тал” ном монгол, япон хүмүүсийн сэтгэлийг харах толь болж, гараас гарт дамжин сонирхогдох болов уу.
Албаны хүмүүсийн хөндий яриа биш нөхөр ёсны халуун дотно илэн далангүй хөөрөлдөөнөөр энэ ном бүтсэн учраас манай хоёр орны уншигчдын аль алиных нь сэтгэлд хүрэх нь лав. Уран зураг, хөгжимд орчуулга хэрэггүйн адил сайхан сэтгэлээс гарсан чин сэтгэлийн үг уншигчдад ямагт ойр байдаг. “Нөхөрлөлийн уудам тал” ном нэгэн цагт хол байсан хоёр орны хүн ардыг улам ойр болгоход оюун санааны гүүр болох нь дамжиггүй.
Жамбын ДАШДОНДОГ