Бид залбирахдаа, үнсэхдээ, мөрөөдөхдөө нүдээ аньж, хүсэл бүхнээ дотроо шивнэдэг. Гараараа хүрч үл чадах түүнээ сэтгэлдээ тэмтэрч буй нь тэр билээ. Дурсамж үүнтэй яг ижил. Хүмүүс он жилүүд, өчигдрийн амьдрал, өглөө идсэн хоол, гудамжинд таарах хэн нэгэн, маргааш нь шавхай шиг халтайж хоцрох хий хоосон дэврүүн амлалт, гомдол, цөхрөлөө ор тас мартаж орхидог ч дурсамж, учралаа тал талаас нь эмтэлж, түүгээрээ эдгэрч амьдарнам зээ. Жил бүрийн төгсгөлд ирээдүйн өөртөө хаягласан захиа бичдэг юм. Өнгөрсөн жил олж, гээсэн бүхнээ хожим мартахгүйн тулд түүндээ би нэлээд нухацтай ханддаг талтай. Саяхандаа, нэг танил минь “Би лав жилийн өмнөхөөсөө тэс өөр болсон санагдаж байна” гэхээр нь “Юугаараа” гэж лавлатал “Бүх талаараа” гэнэ лээ. Тэгэхээр бид жилийн төгсгөлд өнгөрсөн бүхнээ зайлшгүй тунгаах нь зүйтэй буй за.

Тун удахгүй шинэ он гарах нь. Надад нэг бат итгэл үнэмшил байдаг юм. Улаанбаатарт байж болох хамгийн “аймшгийн” өвөл болдог гэж. Нэгэн цагт хууль баталж явсан эр “Гаднын баярт хамаг цалингаа үрж, монгол төгрөгөө гадагш урсгадаг бүсгүйчүүд монгол дээлээ өмсөөд шинэ жилдэж бай” гэснийг уншаад тухайн үедээ элгээ хөштөл хөхөрснөө лав санаж байна. Утаа тортог, түгжрэл, харуй бүрийгээс эхлээд бүх талаараа тэвчээр зааж, тэсэж үлдэхээс аргагүй болдог энэ цагт хүмүүсийн дунд шинэ жилийн баяр, гацуур мод, цэцэг, оргилуун дарс тэргүүтэй гоо зүй, догдлол, дулаан баяр жаргал бага ч болтугай байдаггүй сэн бол энэ хахир өвлийг давж гарахад тун хэцүү еэ. “Хурд” хамтлагийн “Шинэ жил”, Т.Ариунаагийн “Цасан аялгуу”, “Гурван охин”-ы “Өвлийн хайрын дуу”, Б.Сарантуяагийн “Цагаан шөнө”-ийг сонсоход л шинэ жил дэргэд ирчхээд хажуугаас яаруулах шиг. Сэтгэл догдлоод, он солигдох 00.00 цагийг хүлээж тэвчихгүй янзтай. Энэ чинь л Улаанбаатарын блюз, өвлийн магтуу биш гэж үү. Он солигдоход юу ч эргэж ирэхгүй ч бидэнд өнгөрснөө нэг тольдож, уйтгар гунигаа мартаад бусдыг уучилж, хүн бүр нэг цаг мөчийн төлөө эртнээс догдлох завшаан олгодог нь энэ баярын хамгийн сайхан нь буюу.
Зохиолч, яруу найрагч Б.Алтанхуягийн “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” номд “Унасан газар, угаасан усаа зорьж явахад хэдэн өдөр үргэлжилсэн борооны дараа бүүдгэр тэнгэр аль нэг захаасаа гэгээ татуулж онгойх шиг болох авч гийж туяарсан зайцаар нь эргээд л гуниг төрнө. Хүн бүрийн дотор дурсамжийн сайхнаас нь үлдсэн хөндүүр оршдогтой адил. Элдэв тохиол, эргээд зугтчихаж боломгүй олон учралтай бид нүүр тулдаг. Элгэн нутаг, ээж аавдаа хайртай хүүгийн сэтгэлд эр зориг бий цагт тийм л учралуудтай эрслэн тулж, цэх туучаад гардаг нь хатуу үнэн. Аливаад хэн нэгний төлөө, хүнд хэрэгтэй, ашигтай байх ёстой гэсэн байр сууринаас хандахаас илүүтэй жинхэнэ үнэн байхын үнэ цэнийг орлох зүйл үгүй гэж санана. Зарим нь гаднаа шувууны өд шиг хөнгөн ч гэлээ дотоод хүн нь чулуу шиг хатуу, тэсвэртэй байдаг тийм л зүрхтэй өөр хүмүүс хийгээд цаг хугацаа, сэтгэл бүлээцүүлэм дурсамж, дурдатгал их сургуулийн гудамд одоо ч амьд халуун хэвээрээ” хэмээжээ. Харин яруу найрагч Н.Мөнхбаярын нэгэн түүвэрт
“Чамд би гомдож явсан сан
Цас будран ороод л өөрчилчихлөө
Хамгийн жаргалтай, гэнэхэн нэгэнд хувирчихлаа,
Хайран чиг зүрх сэтгэл минь.
Цасны будраанаас бүлээхэн, зөөлөн алчуур намирч
Цаана далд, цээжин дэх цонхыг минь арчиж өгөв.
Цонхноо дуссан нулимсны ором дээр
Цохож бичсэн гомдлын үгнүүд тэссэнгүй.
Хоноод босоход нимгэхэн цас орсон атал
Хорвоо дээр ийм их юм өөрчлөгдөх гэж үү.
Буглаж хуралдсан гомдол цэмцийтэл арчигдаад, түүгээр ч үл барам Буруутай хүн нь чи биш, би л уучлал гуйх нь байна.
Цас ороод л өөр болчихыг нь мэдсэн бол
Чамд гомдож явсан нь илүүц юм болов уу.
Гэхдээ л тэр намрын шаргалтаж халиурсан өвсөн дунд
Гэнэхэн гомдол яасан их зохисон гээч” гэсэн бол орчуулагч Г.Лхагвадуламын “Дотно алс” түүвэрт
“Өчигдөрхөн цухлыг минь барж байсан өвөл
Өглөө сэрэхэд дуусчихсан нь гунигтай байна
Өөрөө түлхэж явуулсан бүхнийхээ араас
Өдөр бүр уйлах минь тэнэг байна” хэмээсэн байх юм. Тэгэхээр бид өвөл цаг улирч, он жилүүд хэзээ ч ирэхгүйгээр хийсэж оддог гэдгийг, өвлийн өвгөн, цасан охиноос эхлээд хэдийн итгэхээ больсон ид шиддээ найдахгүй хэр нь мартахыг хүсдэггүй болсноо мэдэрдэг юм байна. Цастайд болдог цор ганц баяр буюу шинэ жилийн завсарт нуугдсан бүлээхэн дурсамжууд л хэн бүхнийг өнгөрснөө эргэцүүлэхэд хүргэдэг ажээ.

Л.Толстой, Ф.Достоевскийн ертөнцөд шинэ он бол гаднаас ирэх аз жаргал бус, ганцаардал, үнэнтэйгээ нүүр тулах мөч төдийгүй баяр гэдэг нь нинжин сэтгэл, хайр хэмээдэг бол Э.Хемингуэй, М.Пруст тэргүүтэй зохиолч үүнийг сэтгэл дотор орших баяр баясал гэх нь ч бий. Ингээд бодвол эдгээрийн аль нь ч байсан шинэ он бидний сэтгэлд гэрэл гэгээ татуулдаг нь гарцаагүй үнэн билээ. Үүнийг уншиж буй хэн бүхэнд аз жаргал, баяр гуниг, хайр дурлал, бахархал, мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүйд хүрэх мөч олныг ерөөж байна. Цасанд үлдсэнөнгөрсөн оны дурсамжуудаа нэхэн санаж, алхам бүрдээ түүнийгээ дурсан яваарай. Хэдий цас хайлах ч хүний амьдралыг дурсамж л гэрэлтүүлдэг билээ.
Д.Хэрлэн