Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны арваннэгдүгээр сард шалгаж дуусан, прокурорын хяналтад шилжүүлж байв. Түүнээс хойш уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хоёр жил болсны эцэст Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгож их хэмжээний газар олгосон хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, Газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны арванхоёрдугаар сард цахим мэдээлэл оруулан хууль бусаар газар эзэмшүүлсэн хэрэгт холбогдсон. “Гацуурт” ХХК нь энэ хүмүүсийн албан тушаалаа урвуулж газар олгосны үр дүнд Сэлэнгэ сумын нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр нь 4900 ам метрээс дээш хэмжээтэй 10 газар эзэмшсэн байдаг. Энэ хууль бус үйлдлийг 2022 онд мэдэж, тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь АТГ-т гомдол гаргаснаар шалгалтын ажиллагаа эхэлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нар тус сумын Засаг дарга, газрын даамлаар ажиллаж байхдаа 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, ИТХ-ын 2009 оны зургаадугаар сарын 30-ны хуралдаанаар хэлэлцээгүй газрыг “Гацуурт” ХХК-д эзэмшүүлэхээр 2010 оны аравдугаар сарын 22-нд шийдвэр гарган өгч, Л.Чинбатын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь тогтоогдсон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд прокурор Ш.Насандулам, Г.Мэргэнбаатар нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 23.2-1-ийн хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ уг хэргийг энэ сарын 8-нд хянан хэлэлцээд, хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан үйлдлийг нь хоёр шүүгдэгч хамтран үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгов. Харин албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргээ үргэлжлүүлэн “Гацуурт” ХХК-нд гэрчилгээ олгосон, түүнийгээ газрын мэдээллийн санд оруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн юм. Гэвч Ш.Насандуламд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнгүй.
Харин “Гацуурт” ХХК-д давуу байдал үүсгэж, хууль зөрчин олгосон газрыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.