Улсын хэмжээнд 2025 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоолуулсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ингэснээр малын тоо толгой өнгөрсөн жилийнхээс 445.1 мянгаар буюу 0.8 хувиар өссөн байна. Тодруулбал, адуу 5.1 саяд хүрч 9.5, үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өсжээ. Тэмээ 501.3 мянгад хүрч 4.3, ямаа 23.2 саяар тоологдон 1.1 хувиар нэмэгдсэн аж. Харин 23.9 сая толгой хонь бүртгэгдсэн нь 2.6 хувиар буурсан дүн боллоо. Нийт сүргийн 41.1 хувь нь хонь, 39.9 нь ямаа бол үлдсэн нь бод мал байна. Түүнчлэн Хөвсгөл аймаг 5.3, Өвөрхангай 5.1, Архангай 4.4 сая толгой малаар тэргүүлжээ. Адуу, үхрээр Архангай, Өмнөговь тэмээгээр, Өвөрхангай хониор, Баянхонгор ямаан сүргийн тоогоор тэргүүлэв. Харин малчин өрхийн тоо 247.9 мянгад хүрч өнгөрсөн жилийнхээс 1600-гаар буурсан аж. Мөн 313 000 малчин бүртгүүлсний 58 хувь нь эрэгтэй, 60 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан гэдгийг ҮСХ-ноос онцоллоо.
С.Дулам