АНУ-ын “Тутон партнерс” компанийн 2024 онд хийсэн судалгаагаар нийт сурагчийн 81, багш нарын 37 хувь нь хиймэл оюуныг боловсрол, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж буйг тогтоожээ. Монгол сурагчид ч мөн ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хиймэл оюуны программ хангамж хэрэглэж буйг Боловсролын яамнаас мэдээллээ. Тус яамнаас олон улсын сайн туршлагад тулгуурлан, багш, суралцагч нарт хиймэл оюуныг суралцахуйг дэмжихэд ашиглахын зэрэгцээ ёс зүйтэй, бүтээлч, аюулгүй байдлаар хэрэглэхэд чиглэсэн Боловсролын сайдын 2025 оны 1/3502 дугаар зөвлөмжийг боловсруулан, боловсролын байгууллагуудад хүргүүлсэн байна. Үүний хүрээнд салбарын яам болон “Гүүглэ” компанийн хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нээлттэй зарласан “Gemini академи” хөтөлбөрийг үнэ төлбөргүйгээр орон даяар амжилттай хэрэгжүүлжээ. Нийслэлийн Улаанбаатар хотын долоон дүүрэг, 17 аймгийн нийт 200 гаруй ангийн 3000 орчим сурагч хоёр сарын хугацаанд хиймэл оюуны суурь мэдлэг эзэмшсэн байна. Сурагчид хиймэл оюуны хэрэглэгч биш, бүтээгч болж буй аж. Хүүхдүүд өөрсдийн хөгжүүлсэн интерактив аппликэйшн болон AI туслахуудыг хичээлдээ туслах зорилгоор ашиглаж байгаа гэнэ.
Ч.Цэлмэг