Сүүлийн арван жилд дэлхий нийтээр “органик” гэх ойлголт хэрэглээний шинэ чиг хандлагаас давж, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдлын үндсэн бодлого болон хувираад байна. Химийн гаралтай бордоо, пестицидэд суурилсан эрчимжсэн, уламжлалт үйлдвэрлэл ургацын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлдэг ч хөрс доройтох, ундны ус бохирдох, хүнсний бүтээгдэхүүнд үлдэгдэл бодис хуримтлагдах эрсдэлийг дагуулсаар ирсэн. Ийм нөхцөлд органик хөдөө аж ахуй нь “альтернатив” бус, ирээдүйн хөгжил рүү дөтлөх чухал зам болохыг олон улсын туршлага ч харуулж буй.
Монгол орон нь байгалийн цэвэр байдал, өргөн уудам газар нутаг, хүн амын нягтаршил бага зэрэг онцлогоороо органик үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлэх орчин нөхцөлийг хамгийн сайн хангадаг. Энэхүү дотоод нөөц боломжийг системтэйгээр ашиглан, орон нутгийн аж ахуй эрхлэгчдийн оролцоонд тулгуурлан хөгжүүлж буй тод жишээ бол “ADRA Mongolia” (АДРА Монгол) олон улсын байгууллагын органик хөдөө аж ахуйг дэмжих төсөл юм. Тэдний дэмжлэгтэйгээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл, түүний хүрээнд хөгжүүлж буй “Сэлэнгэ органик”, “Дархан органик” санаачилгуудыг “Өнөөдөр” сонин оны отгон дугаартаа онцолж байна.
ХАМТЫН ИТГЭЛЦЭЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН СОЁЛЫГ ХАМТАД НЬ ТӨЛӨВШҮҮЛЖЭЭ
“АДРА Монгол” нь олон жилийн турш Монголын хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай байгууллага гэдгийг манай уншигчид андахгүй биз ээ. Тус байгууллагын хэрэгжүүлж буй “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл нь органик үйлдвэрлэлийг зөвхөн аж ахуйн нэгжийн түвшинд бус, бүс нутгийн хэмжээнд кластер болгон хөгжүүлэх зорилготойгоороо онцлогтой.
Төслийн хүрээнд эдүгээ Сэлэнгэ, ДарханУул аймагт органик төмс, хүнсний ногоо тариалах, зөгийн аж ахуйг хөгжүүлэх, улмаар үйлдвэрлэл-баталгаажуулалт-борлуулалтын гинжин хэлхээг цогцоор нь бий болгоход анхаарч байна. Энэ нь зөвхөн ургац тариалаад зогсохгүй олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, итгэлцэл, зах зээлийн соёлыг хамтад нь төлөвшүүлж буй сайн жишиг юм.
Органик хөдөө аж ахуйн тухай ойлголт нь онолын төдий яриа биш, аж ахуйн эрхлэгчдийн өдөр тутмын хөдөлмөр, хөрсөнд шингэсэн хөлс хүч, итгэл нь болсныг тариаланчид хэлж байна. Урьд нь химийн хор, бордоонд найддаг байсан ногоочид органик аргыг туршиж, эхний жилдээ бэрхшээлтэй тулгарсан ч хөрс сэргэж, ургац нь сайжирсанд сэтгэл хангалуун байгаа аж. Зөгийчид ч байгаль, хүнд ээлтэйгээр бал хураадаг болсноор зөгийн сүрэг нь илүү тогтвортой, балын амт чанар нь дагаад дээшилжээ.
УЛАМЖЛАЛТ АЖ АХУЙГААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ
Монголд газар тариалан, зөгийн аж ахуй нь олон арван жилийн түүхтэй хөгжиж ирсэн. Иргэд ч Монголын хөрсөнд тариалсан л бол бүгд эрүүл, эко гэж итгэдэг байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд уламжлалт аж ахуйд хүртэл химийн бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ нэмэгдэх болсон нь байгаль орчин, ялангуяа хүнсний чанарт сөргөөр нөлөөлж буйг тогтоогоод буй билээ.
Харин органик хөдөө аж ахуй нь химийн гаралтай бордоо, пестицид, гербицид хэрэглэдэггүй, хөрсний үржил шимийг байгалийн аргаар хадгалж, сайжруулдаг. Ургамал, шавж, бичил биетний байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалдаг, хамгийн чухал нь хүнсний бүтээгдэхүүнийг элдэв бодисын эрсдэлээс хамгаалдгаараа давуу талтай юм. Тодруулбал, уламжлалт үйлдвэрлэл нь дээр дурдсанчлан богино хугацаанд ахиу ургац “хайрладаг” бол органик нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгдгөөрөө онцлогтой. Энэ ялгаа нь хөрсний чанар, бүтээгдэхүүний амт, тэжээллэг чанар, улмаар хэрэглэгчийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдэг утгаараа үнэлж баршгүй үнэ цэнтэй.
Манай орны Сэлэнгэ, Дарханы бүс нутаг нь газар тариалан эрхлэхэд хамгийн таатай цаг уур, байгалийн өгөгдөл, нөөцтэй. Тиймдээ ч органик аргаар тарьж буй хүнсний ногоо нь хөрсний амьд бүтэц, шим тэжээлийг хадгалсан байдгаараа ялгардаг. Олон улсын судалгаануудад ч органик хүнсний ногоо нь зарим антиоксидант, бичил шим тэжээлээр харьцангуй баялаг, пестицидын үлдэгдэлгүй, байгалийн жинхэнэ амт, үнэрээ илүү хадгалдаг болохыг тогтоосон. Эдгээр нь хүн амын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой төдийгүй органик хүнс бол “тансаг хэрэглээ” биш, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга ч хэмээдэг.
БАЙГАЛЬ ЭХИЙН “ЧИМЭЭГҮЙ БААТАР”
Органик хүнсний үйлдвэрлэлийн бас нэгэн чухал тулгуур багана нь зөгийн аж ахуй юм. Зөгий нь зөвхөн бал үйлдвэрлэгч амьтан бус, экосистемийн тэнцвэрийг хамгийн сайн хадгалагч билээ. Ургамлын тоос хүртээлтээр дамжуулан ургацын чанар, байгалийн олон янз байдлыг дэмждэг. “Зөгий уствал хүн төрөлхтөн хоол, хүнсгүй болно”, “Сүүлчийн зөгийн устахад дэлхий сөнөнө” гэсэн судалгаа, таамаглал, хэтийн төлөв ч гарсан байдаг.
Сэлэнгэ, Дархан-Уул орчмын органик зөгийн аж ахуй нь химийн бодисоор бохирдоогүй орчинд, байгалийн олон төрлийн ургамлын цэцэгт тулгуурлан, зөгийн эрүүл мэнд, зан үйлийг алдагдуулахгүйгээр явагддаг гэдгээрээ уламжлалтаас ялгарна. Органик зөгийн бал нь фермент, аминдэм, антибактери бүхий шинж чанараараа юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй. Дэлхийн зах зээлд ч органик зөгийн бал нь өндөр үнэлгээтэй, эрэлттэй бүтээгдэхүүн бөгөөд Монголын байгалийн цэвэр орчин нөхцөл, нэмэх нь “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл монголчуудыг олон улсын зах зээлд гарах замыг засаж байна гэж итгэл дүүрэн хэлж болохоор байгааг органик хүнс үйлдвэрлэгчид онцолсон.
Магадгүй, иргэд органик хүнс гэдгийг хэрхэн, яаж баталгаажуулдаг юм бол хэмээн гайхаж буй биз. Органик хүнсний хамгийн чухал зүйл бол итгэл, аж ахуй эрхлэгчийн өөрөөсөө урвахгүй байх үнэнч чанарт оршино. Мэдээж баталгаажуулалтын тогтолцоо ч зайлшгүй хэрэгтэй.
Монголд органик, цэвэр хүнсийг хамтын баталгаажуулалтын систем (PGS)-ээр баталгаажуулж, бүртгэж байна. Энгийнээр тайлбарлавал, тариаланч, зөгийчин, хэрэглэгч, мэргэжилтнүүд ил тод, оролцоонд суурилсан, жижиг үйлдвэрлэгчдэд ээлтэй систем, хамтын итгэлцэлд суурилсан арга зүйгээр органик хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг гэсэн үг. Төслийн хүрээнд PGS-ийг бодитоор хэрэгжүүлж, тариаланчид ч Органик хүнсний бүтээгдэхүүний тухай хууль болон холбогдох стандартын шаардлагын дагуу хариуцлагатайгаар хамтын баталгаажуулалтын тогтолцоог төлөвшүүлж байгаа юм.
“Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” нь зүгээр ч нэг төслийн нэр биш л дээ. Монголын органик хүнсний ирээдүй, шинэ сэтгэлгээний салхи Сэлэнгэ, Дарханы бүс нутгаас сэвэлзэж эхэлсэн гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөө аж ахуй зөв замдаа орж буйг, байгальтай зөрчилдөхгүйгээр хоршин хөгжиж болдгийг бодитоор харуулж буй нэг хэлбэр юм. Органик хүнс гэдэг нь хэрчим ногоо, халбага зөгийн бал ч байж болно. Мөн энэ бүхний цаана эх дэлхийн хөрсийг хамгаалах, эрүүл амьдралыг сонгох, ирээдүйгээ хайрлах гэх мэт асар том зорилт бийг тэмдэглэх нь зүйтэй.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД БАЛТ УРГАМЛЫН НӨӨЦ БУУРЧЭЭ
Х.ЗОЛЗАЯА (Дархан-Уул аймгийн “Мөнхөд үржих зөгийчин” хоршооны тэргүүлэгч гишүүн, органик зөгийчин)
-2012 оноос хойш зөгийн аж ахуйтай нөхөрлөжээ. Хоршоондоо 2014 онд элссэн, 14 гишүүнтэй. Өдгөө “АДРА Монгол” олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөлд хамрагдаад явж байна. Хоршооны гишүүдийн 50 хувь нь органик аж ахуйд шилжсэн. Зөгий нь байгальд хамгийн ээлтэй, ямар ч хор хохиролгүй шавж. Тиймээс бид байгаль дээрээс цэвэр зөгийн бал хураан авч, ард иргэдэд эрүүл бүтээгдэхүүн нийлүүлэх эл ажилд ханцуй шамлан оролцож байна. Органиктай холбогдсон тэргүүний зорилго нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл хүнс нийлүүлэх явдал юм.
Олон улсын хэмжээнд балт ургамлын нөөц маш их буурч байгаа. Тиймдээ ч гадаадад тариан талбайн захаар буюу нэг га газарт заавал балт ургамал тариалахыг хуульчилсан байдаг. Энэ нь ургамлын нөөцийг нэмэгдүүлэх, тариаланчдыг дэмжих зорилготой. Манайд үүнийг төдийлөн мэддэггүй учраас тариалангийн талбайд зөгий үржүүлье гэхэд хүртэл балнаасаа өг гэх ч юм уу, татаастай байх нь элбэг.
Монгол орон нь дэлхийн ногоон бүсэд ордог ч сүүлийн жилүүдэд эрчимтэй цөлжиж буйг хүн бүхэн мэднэ. 2016 онд нийт нутгийн 40 хувь нь ногоон байсан бол одоо 30 болж буурсан байх жишээтэй. Тиймээс бид ногоон ирээдүйн төлөө, үр хүүхдэдээ байгаль дэлхийгээ сайн сайхнаар нь өвлүүлэхийн тулд энэ төсөлд нэгдэн орсон. Хүмүүс хуурамч, оригинал зөгийн бал гэж их ярьдаг. Тэгвэл органикчууд тангараг өргөдөг учраас зөгийгөө таримлын талбайд ч бэлчээдэггүй учир хуурамч бүтээгдэхүүн нийлүүлэх ямар ч боломжгүй. Өнөө жил нийт нутгаар гандуу байсан болохоор балын гарц бага байлаа. Дээрээс нь улс орны бодлого, ажиллах хүчний тогтвортой байдал, хүний нөөцийн хангамж, бэлтгэх үйл явц, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтууд тааруу байдаг нь бидний аж ахуйд сөргөөр нөлөөлөх нь бий. Түүнчлэн газар тариалангийн тэлэлтээс шалтгаалан зөгийн аж ахуй эрхлэх талбай жил ирэх тусам хумигдсаар байгаа. Тэгэхээр зөгийчдөд яваандаа аж ахуй эрхлэх газар нутаг эзэмшүүлэх хэрэгтэй гэж боддог.
Ургамлыг балт болон балт бус гэж ангилдаг. Зөгий балт ургамлаас шүүсийг нь хураан авч, үүрэндээ боловсруулж, чийгшлийг нь бууруулан, өөрийнхөө ферментийг шингээгээд бал болгодог. Монголд рапс, гурвалжин будаа, хошоонгор зэрэг балт ургамал тариалж байгаа. Гэхдээ эдгээр таримал ургамлаас зөгийн бал хураавал органик бус болчихно шүү дээ. Тухайн тариалан эрхлэгчийг ямар гаралтай үр тариа тарьж, хор, пестицид ашиглаж байгаа, үгүйг нь бид мэдэх боломжгүй. Хэрэв зөгийчдөд адаглаад атаршсан газар эзэмшүүлчихвэл органик бус тариан талбай байсан ч гурван жилийн дараачаас байгалиар нь ашиглаж, органик бүтээгдэхүүн хураан авах боломжтой.
Манай хоршооны хоёр зөгийчний хураан авсан бал энэ жил органик хүнсээр баталгаажсан. Зөгийн аж ахуй эрхлэх нийт хугацааг долоон сар гэж үзвэл хоёр сар нь бал хураах үе байдаг. Гуравдугаар сарын 20-доор аж ахуйгаа эхлүүлж, бүлийнхээ хүч чадлыг сайжруулан, бие гүйцсэн зөгийгөө эрүүл саруул байлгах ажлаа хийнэ. Ингээд бал хураасны дараа зөгийгөө өвөлжүүлж, ирэх хавартаа бэлддэг дээ.
Төслийн зүгээс биднийг сургалт, мэдээллээр сайн хангадаг. Мөн органик газар тариалан, зөгийн аж ахуй эрхлэгчдийг олон нийтэд таниулах ажлыг давхар хийдэг. 100 хувь органик сэмж, хачгийн эсрэг бэлдмэл, бал хураах хүнсний зориулалттай сав, тоног төхөөрөмжөөр ханган, техникийн туслалцаа үзүүлэхийн сацуу зөгийн аж ахуй зогсох хугацаанд хүртэл өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжин ажилладагт талархдаг.
ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХЫГ ГУРВАН ШАТНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТААР БАТАЛГААЖУУЛДАГ
Б.ГЭРЭЛТУЯА (Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бүрэн ургац” хоршооны гишүүн, өрхийн органик аж ахуй эрхлэгч)
-Манайх бусад сумыг бодвол их онцлогтой, хөдөлмөрч иргэн олонтой. Айл өрхүүд нь төмс, хүнсний ногоо, бусад туслах аж ахуй эрхэлдэг. Би 10 гаруй жил хүнсний ногоо тариалж байгаад 2021 онд “Бүрэн ургац” хоршоонд гишүүнээр элссэн. Ингэх болсон шалтгаан нь манай хоршоо “АДРА Монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Органик хөдөө аж ахуйн түншлэл I, II” төсөлд хамрагдсан нь миний эрхэлж буй үйлдвэрлэлийн зорилгод нийцэж байсан учраас юм. Нуулгүй хэлэхэд, өмнө нь би органик үйлдвэрлэлийн тухай ойлголт муутай байсан. Монгол орны хөрсөнд ургаж, боловсорсон л бол органик хэмээн ойлгож, хамаагүй ярьдаг байлаа. Харин төсөлд хамрагдсанаар органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гэж юу болохыг ойлгосон. Өдгөө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 40 хоршоо Монголд органик үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцож, бүтээгдэхүүн бойжуулан зах зээлд таниулах, хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүний тулд хамтын баталгаажуулалтын байгууллага (ХББ)-ын зохион байгуулалтад шилжсэн. Энэ нь товчхондоо эрхэлж буй үйлдвэрлэл, ажлаа гүйцэд ойлгосон, зорилго нь тодорхой болсон хүмүүсийн харилцан итгэлцэл дээр тулгуурлан бий болсон байгууллага юм.
Нөгөө талаар, ХББ-ын гишүүн үйлдвэрлэгчдийнх нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа органик хүнсний тухай хууль, тогтоомж болон бусад журам, стандартад заасан шаардлагад нийцсэн, эсэхийг харилцан бие биедээ хяналт тавих зарчмаар баталгаажуулдаг. Гишүүдийн итгэлцэлд тулгуурласан, зардал багатайгаар үйл ажиллагаа явуулж буй нэг хэлбэр нь ХББ юм. Манай хоршооны гишүүд “Сэлэнгэ органик Зүүнбүрэн ХББ” нэртэйгээр баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүний хурлаар жил бүр эрх бүхий төлөөлөгчөө сонгодог. Гишүүд энэхүү албыг ээлжлэн хариуцаж ирсэн нь тэдний оролцоог хангахын тулд, мөн хувь хүний хөгжил манлайлал, багаар ажиллах ур чадварыг нь давхар хөгжүүлдгээрээ давуу талтай.
Органик үйлдвэрлэгч болохоо гишүүд тариалалт, арчилгаа, хамгаалалт, хураалт, хадгалалтын үе гэхчлэн гурван шатны хяналт шалгалтаар баталгаажуулж, эдгээрийг давсны эцэст ногоон шошго эзэмшигч болдог. Эхнийх нь, урьдчилсан үнэлгээний хяналт бөгөөд энэ нь шинээр элсэх хүсэлт ирүүлсэн аж ахуй эрхлэгч органик үйлдвэрлэлийн салбарт ажиллах боломжтой, эсэхийг Органик бүтээгдэхүүний тухай хууль болон бусад холбогдох журам, тогтоомжийн хүрээнд бэлтгэсэн тусгай удирдамжийн дагуу үнэлж, шаардлага хангавал “Шилжилтийн үеийн үйлдвэрлэгч”-ээр бүртгүүлэхээр хурлаар оруулж, хэлэлцэн шийдвэрлээд тангараг өргүүлж, гэрээ байгуулдаг. Ингээд эрх бүхий төлөөлөгч ХХААХҮЯ-ны Органик хүнсний бүртгэл мэдээллийн систем www.organic.gov.mn-д хүсэлтийг шаардсан материалын хамт явуулж, бүтээгдэхүүний нэр, төрөл, ургацын хэмжээг бүртгэлжүүлэн шар, ногоон шошго эзэмших эрхтэй болдог.
Дараагийн шат нь төлөвлөгөөт хяналт. Тухайн жилийн тариалалтад удирдамжийн дагуу хяналт, үнэлгээ хийх үеэр талбайн түүхийн дэвтэрт тариалалт, арчлалт, хамгаалалт зэргийг бүгдийг нь бичсэн, эсэхийг мөшгөн тогтоож, шаардлагатай бол хөрс, усны шинжилгээ дахин өгүүлж, баталгаажуулах зэргээр олон шалгуур үзүүлэлтээр хяналт тавьдаг. Удирдамж болон гэрээний заалт зөрчсөн тохиолдолд түүнд нь тохирсон арга хэмжээ авч, сануулах, торгох, шилжилтийн үе рүү буцаах, бүр хасах нь ч бий (эдгээрийг бүх гишүүний хурлаар хэлэлцэн баталдаг).
Хамгийн сүүлчийн шалгалтад төлөвлөгөөт бус хяналтууд багтана. Мэргэжлийн, мөн хэрэглэгч байгууллагаас оролцсон хүмүүсээс бүрдсэн баг холбогдох шалгалтуудыг явуулдаг. Энэ нь үйлдвэрлэгчдийн итгэлцлийг баталгаажуулах, нэр хүнд өсгөх, нийгэмд таниулахад чухал ач холбогдолтой. Ингээд олон шат дамжлагын дараа органик үйлдвэрлэгч болдог доо. Сүүлийн жилүүдэд иргэд хүнсний аюулгүй байдалд их анхаардаг болсон нь органик хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй хоршоологч бидэнд маш том дэм, урам зориг өгч байгаа.
ЗӨГИЙН БЭЛЧЭЭРТ ЗОРИН ИРЖ, БҮТЭН ЖИЛИЙНХЭЭ ХЭРЭГЛЭЭГ АВДАГ НЬ Ч БИЙ

Н.ТОДОРХОЙСҮРЭН (Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Хараагийн баян үрс” хоршооны дарга, органик зөгийчин)
-Манай хоршоо 2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн төмс, хүнсний ногоо тариалж байгаад зөгийн аж ахуй эрхлэх болсон. Органик хүнсний тухай хуулийг 2016 онд баталж, 2024 онд шинэчлэн найруулахдаа Органик бүтээгдэхүүний тухай хууль гэж нэрлэсэн. Энэ хуулийг 2017 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш бид хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө органик хүнсний тариалалт руу шилжье гэсэн зорилго тавьсан юм. Яг энэ үед “АДРА Монгол” олон улсын байгууллага Сэлэнгэ аймгийн 11 сумд хүнсний ногоо, зөгийн аж ахуйг органик руу шилжүүлэх төсөл хэрэгжүүлж таарсан. Төсөлд 30 гаруй хоршоо хамрагдсаны нэг нь манайх байсан юм. Бид шаардлагатай сургалтуудад хамрагдаж, зөвлөгөө, мэдээлэл авсны үндсэнд органик ногоо тариалж, зөгийн бал хураан авч, түүнийгээ баталгаажуулан зах зээлд нийлүүлдэг болсон.
“АДРА Монгол” олон улсын байгууллагын органик хөдөө аж ахуйн төсөлд хамрагдсанаар өмнө нь бид өөрсдийн боломжоор зөгийн аж ахуй эрхэлж, бал хураан авдаг байсан бол өдгөө нэгдсэн системтэйгээр, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу органик хүнс тарьж, ургуулах тангараг өргөн, түүнийхээ дагуу байгалийн гаралтай, албан ёсоор баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Үүний үр дүнд бүтээгдэхүүн бүр органик гэсэн шошготой иргэдэд хүрч байгаа.
Органик хүнсний ногоо болон зөгийн аж ахуй нь уламжлалт тариалалтыг бодвол ургац харьцангуй бага хураан авдаг. Уламжлалт бол рапсын, эсвэл гурвалжин будааны тариан талбайд зөгийгөө бэлчээж, их хэмжээгээр бал хураан авах боломжтой. Харин органикаар буюу байгальд ийм аж ахуй эрхлэхэд бэрхшээл мундахгүй. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын онцлог, өөрчлөлтөөс шалтгаалан ургамлын ургалт, цэцэглэлтийн үе нь харилцан адилгүй болсоор байна. Байгалийн янз бүрийн саадыг даван туулж байж л органик хүнс үйлдвэрлэнэ шүү дээ.
Манай хоршоо зөгийн 45-50 бүлтэй. Таван зөгийчин маань ургамлынхаа гарцаас шалтгаалж балаа хураан авна. Органик хүнс тариалахад төв суурин газар, уул уурхайн бүсээс хол, малын бэлчээр, хог хаягдлаас ангид гэхчлэн хуулийн бүх заалтыг хэрэгжүүлж ажиллана. Манай хамгийн ойрын тариа ногоо, зөгийн аж ахуйн талбай л гэхэд сумын төвөөс 18 км-ийн зайтай, байгалийн ургамлаа дагаад байх жишээтэй. Өнгөрсөн жил байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад 200 гаруй, энэ онд 400 кг бал хураасан. Үүнийг дагаад аж ахуй эрхлэгчдийн маань орлого ч буурсан. Гэхдээ бид хүн амынхаа эрүүл мэндийн төлөө, органик хүнсний бүтээгдэхүүнд шилжих зорилтын хүрээнд эрсдэлээ үүрээд л явж байна, цаашид ч тэгэх болно.
Иргэд эхэндээ органик ногоо, бал гэхээр нэг их ойлгодоггүй байсан. “Адилхан л зөгийн бал байхад юугаараа ялгаатай болоод үнэ нь өөр юм бэ” гэж их асууна. Харин одоо бол органик, органик бусыг ялгаж, худалдан авдаг болсон нь олзуурхууштай. Зарим нь бүр зорьж ирээд, зөгийн бэлчээр дээрээс бүтэн жилийнхээ хэрэглээг аваад явдаг нь ч бий. Таримлын бал 30-35 мянга байдаг бол органик зөгийн бал 60-65 мянган төгрөгийн ханштай. Баталгаажуулсан органик бүтээгдэхүүн шал ондоо л доо, үүнийг хэрэглэгчид ч андахаа больсон.
Уламжлалт аж ахуйд зөгийгөө маллахад эмчилгээ, элдэв эм тан шаардана. Харин органикчууд дур мэдэн эм, бодис хэрэглэх эрхгүй. Зөвхөн ургамлын буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр л тордоно. Төслийн дэмжлэгтэйгээр бид бал хураадаг сэмжээ ОХУ-д үйлдвэрлэсэн, 100 хувь лаваар хийснээр сольсон. Чихрийн шижинтэй хүн хүртэл органик балыг маань хэрэглээд цусан дахь сахарын хэмжээнд нь өөрчлөлт орсонгүй хэмээн олзуурхан ярьсанд их баярласан.
Ч.Туяа