“Чи хаанаас явж байгаа юм, худлаа ярьдгаа боль”, “Хэний захиалгаар юу асууж байна, шууд хэлчих, миний дүү”, “Женкогийн бууны нохой, чамд яриа өгөхгүй” гэж асуулт асуусан сэтгүүлчид рүү дайрч, үг хэлээр доромжилж, хэт субъектив ханддаг хүн бол хотын дарга Х.Нямбаатар. Тэрбээр өөрт таалагдсан гоё асуултад л хариулдаг. Таалалд нь нийцэхгүй асуулт асуусан сэтгүүлчийг загнаж, зандчин, ёс зүйгүй авирладаг нэгэн. Үүнийгээ давуу талаа болгож, намайг хэн хэлэх юм гэсэн шиг ханддаг байдал нь хэрээс хэтэрсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа ч сэтгүүлчдэд үзэмжээр, субъектив ханддаг Х.Нямбаатарын эл “халдвар” улс төрчид, Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын дарга, албан хаагчдад халдварлаж, иргэдийн мэдэх эрхийг зөрчсөөр байна. Үүний тод жишээ нь УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд асан Ч.Номин. Түүнээс нэр бүхий сэтгүүлчид Монгол Улсыг гадаадад сурталчлахад хэдэн төгрөг зарцуулсан, ямар үр дүнд хүрснийг тодруулж асуухад хариулахаас татгалзсан. “Би танай хоёр хэвлэлд ярилцлага өгөхгүй. Өөр олон хэвлэл нэгдвэл өгнө” гэсэн утгагүй тайлбар хэлж, зугтсан билээ.
УИХ-ын гишүүн, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хөтөлсөн асуултад хариулахгүй” хэмээх “хөг”-ийн тайлбар өгч, сэтгүүлчдийг төөрөгдүүлсэн нь саяхан. Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас ажилтай нь холбоотой асуулт асуусан сэтгүүлчийг “Чи юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж бүдүүлэг загнасан. Энэ мэтээр УИХ-ын гишүүд, удирдах албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултыг албаар гуйвуулж, төөрөгдүүлж, дутуу хагас мэдээлэл өгдөг, төрийн байгууллагынхан өөрсдийн бэлдсэн мэдээллийг “шахдаг”, дэлгэрүүлж, тодруулах гэсэн нэгнийг гүтгэж, харлуулдаг явдал хэрээс хэтэрлээ. Тэд ингэж хууль, журамгүй мэт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр байх уу.
2022 оны тавдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилж буй. Хуульд ид тод, нээлттэй байхаар заасан, эсвэл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүйг нээлттэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төрийн болон албаны нууцад үл хамаарах мэдээллийг нээлттэй гэж ойлгож болно. Гэвч өндөр дээд албан тушаалтнууд нээлттэй мэдээллийг ч төрийн болон хувийн нууц хэмээн “халхавчилж”, үнэн бодит байдлыг гажуудуулсаар, эцэст нь иргэд хэнд, юунд итгэхээ мэдэхгүй болж байна. Fake news буюу хуурамч мэдээллийг санаа зорилготойгоор тараах нь үүндээ иргэдийг итгүүлж үнэмшүүлэхэд бус, мэдээллийн гажуудлыг үүсгэж, хэвлэл мэдээллийн салбарынхны хүчийг сааруулахад оршиж буйг судлаачид хэлдэг.
ТӨСӨВ “ХААЛТТАЙ СЭДЭВ” БОЛСОН
Дээр дурдсан хуулийн 7.7-д “Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломж бүрдүүлнэ” хэмээн заасан. Үнэндээ манай улсад төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хамгийн хаалттай, өөрсдийн бэлдсэн, нэг талыг барьсан, ашигтай мэдээллээ л дамжуулдаг болоод удлаа. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч төрийн байгууллагын төвийг сахисан мэдээлэл цацахаас хэтрэхгүй байна. Ялангуяа яам, тамгын газар, төрийн байгууллагынхны төсөв, санхүү “хаалттай сэдэв” болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана” гэж заасан ч хэрэгжүүлдэг нь цөөн. Хуулийг ийн уландаа гишгэсэн байхад ч хариуцлага тооцдог тогтолцоо алга.
Нээлттэй мэдээлэлд таван чиглэлийн 67 төрлийн мэдээллийг багтаасан байдаг. Засгийн газрын тогтоолоор нээлттэй мэдээллийн жагсаалтыг баталж, 700 орчим мэдээллийг нэрлэн заасан юм. Тухайн нээлттэй мэдээллийн агуулгын хүрээнд ямар ч иргэн, хуулийн этгээд мэдэх эрхтэй. Хэрэв үндэслэлгүйгээр мэдээлэл өгөөгүй тохиолдолд дээд шатны албан тушаалтанд хандахаас эхлээд ХЭҮК-т гомдол гаргаж болдог. Зарим тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандан, мэдээллийг гаргуулж болохыг хуульчид хэлнэ лээ. Мэдээллийг ил тод өгөөгүй албан тушаалтанд Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий. Харин хуулийн этгээд, албан байгууллагад нь Зөрчлийн тухай хуулиар ногдуулах хариуцлага байдаггүй аж.
ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН “ШУУРГА” ДЭГДСЭН ЖИЛ
Монголын баримт шалгах төвийнхөн 2025 оныг хуурамч мэдээллийн “шуурга” дэгдсэн жил хэмээн тодорхойлжээ. Баримт шалгагчдын хувьд олон төрлийн мэдээллийн гажуудал, манипуляц, зарим тохиолдолд нүүр нүдгүй нүдсэн хуурамч мэдээллийг давж гарсан жил хэмээсэн байна. Уран, цацраг идэвхт бодис, Засгийн газрыг огцруулах жагсаал тойрсон зохион байгуулагчдын эсрэг гүтгэлэг, троллын “хуй” дэгдсэн гэж дурдсан байв. Монголд өрнөсөн хуурамч мэдээллийн ихэнх нь эрүүл мэндийн салбартай холбоотой, батлагдаагүй эмчилгээний арга, элдэв зөвлөгөө, бүтээгдэхүүний зар сурталчилгаа байж. Харин хандалтын хувьд улс төр, вакцин, уул уурхайг эсэргүүцэх зэрэг сэдвийн мэдээллүүдийг тролл ашиглан түгээдэг тул органикаар явж буй мэдээллээсээ өндөр хувьтай байгааг Баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг хэлэв.
ХЭҮК, “Глоб интернэшнл төв” ТББ, Канадын “Хууль ба ардчилал” төвийнхөн “Мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийн цогц үнэлгээ” хэмээх судалгааг энэ онд хийсэн юм. Мэдээлэл хариуцагч таван төрлийн 5400 байгууллагаас 20-ийг нь сонгож авчээ. Тухайлбал, улс төрийн нам, олон нийтийн телевиз, төрийн бүх шатны байгууллага, төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгч, мэдээлэл хариуцагч байгууллагаас ердөө 37 хувь нь мэдээлэл өгсөн аж. Дээрх төрийн бус байгууллагынхан хэдэн жилийн өмнө эл судалгааг явуулахад мөн л ийм үзүүлэлттэй гарч байж. Энэ нь туйлын хангалтгүй дүн болохыг судлаачид онцолж буй. Манай улсад мэдээлэл хариуцах чиглэлээр тусгайлсан бие даасан байгууллага байдаггүй нь иргэдийн мэдэх эрхийг үгүйсгэж, хэвлэл мэдээллийн салбарыг чөлөөтэй ажиллахад саад тотгор учруулж буй юм. Энэ талаар мэргэжлийн хүмүүс ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ, МЭДЭГДЛИЙГ ҮГ, ҮЙЛДЛЭЭР НЬ ЗҮГЭЭР Л ДАМЖУУЛДАГ БОЛЖ
С.АМАРТҮВШИН (МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор):
-Төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтан төр, иргэний харилцааг холбох үүрэг, хариуцлага хүлээдэг. Ялангуяа сэтгүүлчид иргэд, олон түмний мэдэх эрхийн хүрээнд төрд байгаа мэдээллийг олж, дамжуулах эрхийнхээ дагуу асуулт тавьж, мэдээлэл хүсдэг. Гэтэл төрийн албан хаагч, албан тушаалтан сэтгүүлчийн асуултад хариулт өгөхгүй булзах, татгалзах нь төрийн ил тод, нээлттэй байх зарчмыг зөрчиж буй хэрэг юм. Тэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг даган мөрдөх, нээлттэй мэдээллийг сэтгүүлчид өгөх үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Хязгаарлалттай, хаалттай мэдээлэлд ч зарчмын тайлбар өгдөг, сэтгүүлчийн асуултыг иргэдийн мэдэх эрхийн нэг чухал хэлбэр болохыг ойлгох хэрэгтэй. Төр бол нийгмийн өмнө хариуцлага үүрсэн “үйлчилгээ”-ний хэлбэр. Тиймээс ил тод, нээлттэй байхаар зохицуулагддаг. Ийм байж гэмээн иргэдийн оролцоо, хяналт бодитоор хэрэгжинэ. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултад хариулахгүй байна гэдэг бол ардчиллын ил тод, шударга байх зарчим алдагдаж, төр засгийн үйлчилгээ хүнд сурталтай, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг үл тоомсорлох болсны шинж. Зарим этгээд сэтгүүлчдийн олж авсан мэдээллийн мөрөөр тодруулга авахаар очиход “худал мэдээлэл” хэмээн булзааруулдаг болсон. Тэгвэл бодит үнэнийг гаргаж, няцаах, тайлбар хийх зэргээр мэдээлэл харилцааг зохистой үүсгэж болно доо. Хариуцлагагүй ийм үйлдэл нь төрийн ил тод байдалд харшлаад зогсохгүй, төрд итгэх олон түмний итгэлийг эвдэж, сэтгүүл зүйн мэдээлэл харилцааны үүрэг саарахад нөлөөлж байна. Бодит, үнэн мэдээлэл гэдэг бол баримт, эх сурвалжаар батлагдсан, давхар давхар баталгаажсан байх зарчимтай. Сэтгүүлчдийн бэлтгэсэн эх сурвалж, баримтаар баталгаажсан, үнэн бодит мэдээлэл ялгарч байх ёстой. Тухайлбал, бодит эх сурвалжаас мэдээлэл, тайлбар авах үедээ сэтгүүлч бүдүүлэг зан, харилцаа үүсгэвэл олон нийт мэдээлэлд бус, харилцаанд анхаарал хандуулаад сэтгүүлчдийг шүүмжлээд өнгөрдөг. Гэтэл нөгөө олж авсан мэдээллийн үнэ цэн алдагдчихдаг. Сүүлийн үед төрийн мэдээлэлд цензуртэй хандах мэргэжлийн мэдрэмж, хариуцлага алдагдаад байна. Төр засгийн өгсөн хэвлэлийн мэдээ, албан тушаалтны мэдэгдлийг үг, үйлдлээр нь зүгээр л дамжуулдаг болж. Шүүлтүүртэй хандах, тэнцвэртэй мэдээлэх зарчим алдагдчихлаа. Мөн цахим харилцааны шуурхай байдалд хэт дулдуйдаж, шууд дамжуулалтыг гол арга хэрэгсэл болгодог боллоо. Шууд дамжуулалт бол сэтгүүл зүйн бүтээл огтоос биш юм. Сэтгүүл зүйн бүтээл бол баримтжуулсан, баталгаажуулсан байхын дээр редакторласан, хянан баталгаажуулсан, мэргэжлийн ёс зүйн болон хууль зүйн шалгуурт нийцсэн байх шаардлагатай.
СЭТГҮҮЛЧИЙН АСУУЛТ ДАРГЫН ТААЛАЛД НИЙЦЭХ АЛБАГҮЙ
Б.ПҮРЭВСҮРЭН (“Глоб интернэшнл” төвийн хуульч, судлаач):
-Мэдээлэх үүргийн зохицуулалт зарчмын шинжтэй байна. Нийтийн албан тушаал хашиж байгаа тохиолдолд иргэнд мэдээлэл өгөх үүрэгтэй. Мэдээлэл хүсэж буй сэтгүүлч, иргэдийн буруу зөрүү гэдэг субъектив байдлаар хандах тохиолдол байж болохгүй. Сэтгүүлч мэдээллийн үнэн бодит байдлыг шаардах эрхтэй. Тэр агуулгын хүрээнд асуултаа өөрөө сонгох эрхтэй. Энэ нь дарга, улс төрчийн хүсэл сонирхолд таалагдах албагүй. Мэдээлэл өгөхөөс татгалзах нь мэдэх эрхийн зөрчил юм. Иргэн бүр өөрсдөө явж, мэдээлэл цуглуулах боломж, цаг хомс учраас тэр эрхээ сэтгүүлчдэд өгдөг. Тиймээс зөвтгөл нь хэвлэл мэдээллийн талд байх юм. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах гэдэг ойлголт Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд бий. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, ашиглах эрхийг хуулиар зөвшөөрч буй. Гэхдээ энэ нь эмзэг мэдээлэлд хамаарахгүй. Хэтрүүлж болохгүй гэсэн үг. Жишээ нь, хувийн мэдээлэл цуглуулж байна гээд орон байрт нь зөвшөөрөлгүй нэвтэрч, зочид буудал, амралтын газарт дайрч орж болохгүй юм. Мэргэжлийн редакцууд бол үүнийг мэддэг, хэрэгжүүлдэг. Харин төрийн байгууллагуудын тухайд нээлттэй мэдээллийг заавал өгөх үүрэгтэй. Мөн тухайлсан журмын дагуу мэдээлэл, сурвалжилга бэлтгэж болно. Тухайлбал, Төрийн ордонд мэдээлэл, сурвалжилга бэлдэх асуудлыг тусгайлсан журмаар хэрэгжүүлдэг. Гэтэл энэ журам нь Төрийн ордонд мэдээлэл, сурвалжилга бэлтгэдэг сурвалжлагч нарт харилцан адилгүй үйлчилж байна. Тодруулбал, журмын хүрээнд аль хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэвтрүүлэх вэ гэдэг УИХ-ын Тамгын газрын шийдэх асуудал. Төрийн ордонд нэвтрэх эрх олгосон хэрнээ мэдээлэл өгөхгүй байх нь уялдаа холбоогүй байна. Мөн эх сурвалжаа сонгох эрх нь хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй. Зөвхөн микрофон тулгаж биш, амаар, цахимаар, утсаар, бичгээр, биечлэн уулзах зэрэг хэлбэрээр мэдээлэл авах эрхтэй. Харин мэдээлэл өгөх ёстой, хариуцагч байгууллага “Манайх ийм хэлбэрээр мэдээлэл өгнө” гэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, ямар хэлбэрээр мэдээлэл авах нь хариуцагчийн бус, гаргагчийн эрх. Түүнчлэн төрийн байгууллагууд бүтэц, нэр, албан тушаалтан өөрчлөгдсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзаж, буцаачихдаг. Гэтэл энэ нь хуульдаа мэдээлэл өгөхөөс татгалзах үндэслэлд ордоггүй.