Холбоодын нэгдсэн УАШТ-ий тэмцээн, уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 18-25 хүртэл үргэлжилнэ. Дөрвөн өөр газар зохион байгуулах тэмцээнд оролцох тамирчдын өрсөлдөөнийг үзэгчид харах мөч ойртжээ.Тэмцээний салхийг өвлийн спортын төрлүүдээс мөсөнд авиралтын тамирчид хурд, техникийн төрөлд хагалж, өсвөр нас 14-16, залуучууд 16- 18, насанд хүрэгчид, сонирхогчийн ангилалд өрсөлдөх нь. Маргааш нь (нэгдүгээр сарын 19- нд) спорт авиралтын тэмцээн “National park” хотхон, “Хурд” спорт зааланд хурд, техник, боулдерингийн төрлөөр эхэлнэ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын авирах замын ангилал өөр байх аж. Тиймээс тэмцээний техник, боулдерингийн замыг урьдчилан харахгүйгээр зохион байгуулахаар болжээ.
Зарим холбооны тэмцээн “Монгол бөхийн өргөө”-нд өрнөнө. Тухайлбал, Монголын таеквондогийн холбооны УАШТ-ий пүмсэ төрөлд бага нас 8-9, 10-11, өсвөр үе 12-14, залуучууд 15-18, насанд хүрэгч 19-30, мастер ангилалд 31-ээс дээш насныхан оролцоно. Нэгдүгээр сарын 20-нд аваргуудаа тодруулах тус тэмцээний А ангилалд хар бүс, куккивоны дантай, В ангилалд хөх, улаан, С ангилалд хар, ногоон бүстэй тамирчид өрсөлдөх бол насанд хүрэгч, мастер, чөлөөт пүмсэ ангилалд бүсний ангилалгүй тулалдах аж. Тэмцээний үеэр шилдэг дасгалжуулагч, шүүгч, эрэгтэй, эмэгтэй тамирчин шалгаруулах юм.
Хүндийг өргөлтийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй, насанд хүрэгчдийн ангилалд ирэх сарын 21-22-нд болно. Эрэгтэй туйванчид 56, 60, 65, 71, 79, 88, 98, +98, эмэгтэйчүүд 48, 53, 58, 63, 69, 77, 86, +86 кг-ын жинд хүч сорих нь. Монголын жиү жицүгийн холбооны УАШТ зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд болно. Тэмцээн 23-нд эрэгтэйчүүдийн 56, 62, 69, 77, 85, 94, +94 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, эмэгтэйчүүдийн 45, 48, 52, 57, 63, 70, +70 кгын жингийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Харин маргааш нь (нэгдүгээр сарын 24-25-нд) виртуал дугуйн УАШТ-д элит эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе (12-18 нас эрэгтэй, эмэгтэй), мастер 30-49, +50, сонирхогчийн ангилал эрэгтэй 19-39, +40, сонирхогчийн ангилалд 19-өөс дээш насныхан өрсөлдөнө. Тамирчид эхний өдөр “Bruges” 21.2 км-ийн тойрог замд хоёр тойрог, нийт 42.4, дараагийн өдөр “Al wathba-L” 22.5 км-ийн тойрог замд мөн хоёр тойрог, нийт 45 км уралдах аж.
Тэгвэл Баянзүрх дүүргийн “Түмэн молл” төвд тэргэнцэртэй сэлмийн УАШТ-ийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэйчүүдийн багийн төрөлд ирэх оны нэгдүгээр сарын 21-нд зохион байгуулна. Тус тэмцээн өндөрлөсний дараа уг төвд 22-нд кэндогийн УАШТ эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, хүүхэд (12-оос доош нас), өсвөр (12-17 нас), багийн төрөлд өрнөх юм.
23-нд болох бүжгийн спортын УАШТ-ийг хүүхэд, өсвөр нас стандарт, латин төрөлд нээлттэй явуулахаар болжээ. Түүнчлэн залуучууд, насанд хүрэгчид латин, стандарт, сеньор 1+2, сеньор 3+4 стандарт нээлттэй гэсэн ангилалд тамирчид авьяасаа сорьж өрсөлдөх юм. Байт харвааны насанд хүрэгчдийн УАШТ 24-25-нд үргэлжлэх бөгөөд рекурв, компаунд төрөлд оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувийн шигшээ харваа, багийн болон холимог багийн харвааны ангилалд цэц сорьж, аваргуудаа тодруулах юм.