Оюутолгойн талаарх тогтоолын төслийг УИХ гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжлээ гэдгийг О.Батнайрамдал хэллээ. Тэрбээр, "Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл маань өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжигдэж, батлагдлаа. Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Түр хороо нь парламентад суудалтай дөрвөн намын төлөөлөл орсон 11 гишүүнтэй байгуулагдсан. Бид бүхэн хамтдаа байж өнөөдөр тогтоолын төслөө баталууллаа. Оюутолгой төсөл бол анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 16 жилийн туршид нийтдээ 22 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт юм:
Ирэх 20, 30 жилд Монголын эдийн засагт хамгийн том ач холбогдолтой төсөл байсаар байх болно. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 орчим хувь, Монгол Улсын өрийн 50 орчим хувь, валютын нөөцийн 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа ач холбогдолтой төсөл юм.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын 30 жилийн гэрээ байгуулснаас хойш 16 жил нь өнгөрсөн. Хагасаас илүү хугацаа нь өнгөрчээ. Энэ цаг мөчид Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар төсөлд үнэлэлт дүгнэлт өг ч алдаа, оноогоо засаад урагшлах цаг нь болжээ. Мөн энэ цаг мөчид томоохон үйл явдал давхцаж байгаа нь Оюутолгой төсөл 16 жилийн туршид томоохон бүтээн байгуулалт хийсээр энэ жил ажлаа 100 хувь дусаад цаашдаа илүү тогтвортой олборлогч үйлдвэрлэгч компани болж шилжиж байгаа шилжилт 2025 онд тохиож байна. Удахгүй хоёр гурван жилийн дараа Оюутолгой төсөл дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болох төлөвлөгөө бий. Оюунтолгой төсөл батлагдсанаар цаашид харилцан ашигтай, тэгш эрхтэй илүү нээлттэй, урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талтайгаа баталгаажуулж явах түүхэн шинэ хуудас нээгдсэн гэж үзэж байна. Ингээд хамтран ажилласан бүх гишүүд болон ард иргэддээ баярлалаа" гэв.
Мөн УИХ-аас өнөөдөр баталсан тогтоолын хамгийн ач холбогдолтой заалт нь Монголын хүртэх өгөөж 53 хувь байх ёстой гэж гэрээнд тусгаж, улмаар гурван жил тутамд талууд өгөөжийнхөө асуудал дээр хэлэлцээр хийх зохицуулалтыг тусгаж өгсөн байна.