Орчин цагийн хүн төрөлхтний хувьд шашин шүтлэг, үндэстний онцлог зан заншил, аж байдал үл харгалзан дэлхий нийтээрээ Зул сар, шинэ жилийг өргөн дэлгэр, зайлшгүй тэмдэглэх уламжлалт баяр гэж хүлээдэг. Энэ баяраар ялангуяа оны сүүлчийн өдөр тахиа, гахай, загас шарах нь бараг л “хууль”. Европ, Скандинав зүгийн уламжлал ийнхүү дэлхийд “ноёрхох” болсон нь чухам хэзээ, хэнээс улбаатайг түүх өгүүлэх биз. Ямартай ч монголчууд бидний хувьд хойд хөршийн нөлөөгөөр шинэ жилийг гайхалтай сайхан тэмдэглэдэг болсон нь ахуй, хэрэглээний том соёл, бас олз. Энэ баяраар польш гэр бүлүүд заавал загас шардаг. Бидний Цагаан сараар ууц, өвчүү тавьдагтай адил. Хятадууд еэвэн сараар мөрөг болон самар загас иддэг нь элбэг дэлбэг байдлыг бэлгэддэг. Францад цацагт хяруул бол Зул сарын гол чимэг, бас утга учир. Мексикчүүд эрдэнэ шишийн гурилан ороомог, британичууд пудинг, Болгарт мускат буюу задь самартай амттан зайлшгүй иддэг гэхчлэн уламжлалуудыг тоочиж баршгүй.
Манайхны хувьд ялангуяа залуу гэр бүлүүд тахиа, цацагт хяруул шарах нь элбэг. Загасны хувьд үнэр ихтэй, шарахад “биегүй”, хальс нь амархан язарч үзэмжгүй харагддаг зэрэг асуудал бий. Удахгүй “уулзаад салах” хоёр оны заагт баярын ширээндээ шарсан загас бэлтгэхээр зэхэж буй бол “хүндрэлүүдийг” хэрхэн давах зөвлөгөө хүргэе.
Зөвлөгөө: Загас сонгохдоо цэнгэг усных уу, эсвэл далай, тэнгисийнх үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Гол, мөрний цэнгэг усны загас хурц үнэртэй, яс шигүү, том. Харин далайнх бол үнэр бага. Загасны өвөрмөц үнэрийг саармагжуулах хамгийн үр дүнтэй арга нь сүүнд 15-20 минут байлгах. Ингэснээр үнэр болон гашуунг нялуундуу амт нь дарагдахын зэрэгцээ илүү зөөлөн бас амттай болдог. Сүүнээс гаргаад хуурай алчуураар сайн дарж, чийгийг авна.
Үүнээс гадна нимбэгний шүүс загас, далайн гаралтай бүтээгдэхүүний үнэрийг дарж, амтыг супер болгодог шидтэй. Ямар орчинд амьдардгаас үл хамаарч бүх төрлийнхөнд нимбэг ашиглана. Ингэхдээ шүүсийг давс, халуун ногоо, ургамлын тостой хутгаж, дүрлэг хийгээд махыг 20-30 минут байлгана. Эсвэл шарахаасаа өмнө махны хоёр талыг нимбэгээр үрэх, эсвэл шүүсээр арчиж болно. Өөр нэг арга нь шарах явцад нимгэн зүссэн нимбэг тавих, эсвэл шүүсээр нь амтална.
Загасны махтай хамгийн их зохицдог амтлагч бол хар перец, базилик, гоньд, кориандр, кардамон, турмерик, гүргэм, ганга, гич. Саримс бол далайн бүтээгдэхүүний амтыг чанаржуулагч “хөдөлгүүр”. Тахиа, шувууны махны хувьд чинцай хамгийн супер зохилдолгоо. Ялангуяа шөл, сүмстэй хийх бол чинцай хийх нь бууз, баншийг сонгино, давсгүй хийснээс ялгаагүй.
Э.Хана