Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар баталлаа.
Санал хураалтад 85 гишүүн оролцсоноос 69 нь тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Эл төсөлд стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шинээр тогтоох санал боловсруулж, ирээдүйд Монголын талд санхүүгийн ачаалал, эрсдэл учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар ч тусгасан аж. Түүнчлэн бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар үнэ цэнийг нь нэмэгдүүлэх болон үйл ажиллагааны хяналтыг чангатгах асуудлыг ч оруулсан байна. Гол заалтуудаас дурдвал, Монголын талын хүртэх үр өгөөжийг 53 хувиас багагүй байхаар гэрээнд тусгаж, таван жил тутамд уг үзүүлэлтийг хянах зарчим баримтлах аж. Үүнээс гадна “Оюутолгой” ХХК жил бүр талуудын хүртэх ашгийг тусгайлан тайлагнаж байхаар тусгасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо хянаж ажиллахаар болжээ.
Э.Сондор