Зул сарын баярын өмнөх өдөр АНУ-ын Арканзас мужийн нэгэн иргэн “Powerball” сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй сугалаануудын нэг болсон аж. Хамгийн өндөр дүнтэй шагнал нь одоогоос дөрвөн жилийн өмнө Калифорнийн нэгэн оршин суугчийн хожсон 2.04 тэрбум ам.доллар байв.
Сугалаанд таарсан азын тоо болох 4, 25, 31, 52, 59 нь 292 саяд нэг удаа таарах боломжтой гэнэ. Арканзас мужид “Powerball”-ын азтан тодорсон хоёр дахь тохиолдол нь энэ болж буй. “Powerball” сугалааны нэг тасалбарын үнэ хоёр ам.доллар байдаг аж. Нэрийг нь нууцалж байгаа азтан хожсон 1.8 тэрбум доллароо 29 жилийн турш цувуулж авах, эсвэл татвар хассан дүнгээр 834.9 сая орчим доллар шууд авах сонголттой нүүр тулсан гэнэ.