Монгол Улсын нутаг дэвсгэрт зарим газрыг орос, казах, тува зэрэг өөр хэлээр нэрлэсэн тохиолдол байдаг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт ийм асуудал гарч байсан билээ. Тэгвэл үүнийг цэгцэлж, газар зүйн нэршлийг монгол хэлээр болгон өөрчлөх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргалаа.
Үндсэн хууль, Геодези, зураг зүйн, Газрын, Улсын бүртгэлийн ерөнхий зэрэг 11 хуулиар газар зүйн нэршлийг зохицуулдаг юм байна. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг. Тиймээс газар зүйн нэршлээ хамгаалах, эх хэлээрээ оноож нэрлэх нь чухал юм. Түүнчлэн газар зүйн нэр нь аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутгийн бүрэн байдлын үндэс. Тиймээс улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийг тогтоох, хаягжуулах, бүх төрлийн масштабтай газрын зураг, атлас дээр тэмдэглэн олон нийтэд таниулахаас гадна иргэд төрсөн нутгаа байршлаар нь хайж олох зэрэг олон чиглэлээр ашигладаг чухал зүйл учраас ийнхүү шийдвэрлэжээ.
Улсын хэмжээнд газар зүйн нэр тодруулах ажил өрнөж буй бөгөөд одоогоор 17 аймгийн 134 сум, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулаад байна.
С.Уул