Монгол, Оросын энэ жилийн харилцаанд өнгө нэмсэн сүүлийн үйл явдал нь 12-р сарын 22-нд Улаанбаатар хотноо болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан байлаа.
Энэхүү хуралдааны үеэр хоёр орны харилцаа энэ онд бүхий л талаар үсрэнгүй урагшиллаа гэсэн үг нэг биш удаа сонсогдсон. Барууны шахалтыг үл хайхран Монгол, Орос хоёр улс найрамдалт харилцаагаа хадгалаад зогсохгүй, хамтын ажиллагааны олон чиглэлд стратегийн түншлэлээ эрчимжүүллээ.
Засгийн газар хоорондын комиссийг Оросын талаас ахалж буй Байгаль орчны сайд Александр Козловыг Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Улаанбаатар хотноо хүлээн авч уулзсан. Монгол Улсын Их хурал ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг 12-р сарын 12-ны өдөр соёрхон баталсаныг Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар мэдэгдсэн. Оросын тал болон ЕАЭЗХ-ны бусад гишүүн улс хэлэлцээрийг ойрын хугацаанд соёрхон батална гэж найдаж байгаагаа Ерөнхий сайд мөн хэлсэн.
“Монгол Улс бидний хөрш, бас анд. Хоёр талын харилцаа маань олон жилийн найрамдлын түүх болон хамтын ажиллагаанд тулгуурладаг” хэмээн Александр Козлов яриандаа онцлон тэмдэглэлээ. Энэхүү уулзалтын үеэр хоёр талын тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо. Тухайлбал, эрчим хүч, геологи, ложистик, боловсрол, спорт, соёлын харилцааг хөндлөө. “Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн баттай суурийг бий болгож, харилцааг улам бататгахын төлөө бид идэвхтэй ажиллаж байна” хэмээн сайд Александр Козлов уулзалтын үеэр онцолсон.

1949 онд байгуулагдсан “Улаанбаатар төмөр зам” бол хоёр улсын хамтарсан хамгийн том аж ахуйн нэгж юм. 2009 оноос хойш Оросын талын эзэмшлийг Оросын төмөр замын “РЖД” нийгэмлэг удирдан зохион байгуулж байна. “Улаанбаатар төмөр зам” бол Монголын тээврийн артерийн гол судас. Энэхүү төмөр замаар дамжуулан Монгол Улс дэлхийн бусад улсын хотуудтай харилцаж байгаа төдийгүй энэхүү төмөр зам нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн засгийн коридорын нэг хэсэг болж байна. 2013-2025 оны хооронд “Улаанбаатар төмөр зам”-ын тээвэрлэсэн ачаа 1,5 дахин өсч, жилдээ 32,4 сая тоннд хүрлээ.
Оросын төмөр замчид “Улаанбаатар төмөр зам”-ыг орчин үежүүлэн сайжруулах цогц хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, диспетчерийн алба болон зам маршрутыг боловсронгуй болгох зэрэг чиглэл багтаж байна. Мөн Монголын уул уурхайн том ордууд руу төмөр замыг салаалах асуудал хэлэлцэгдэж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүхий эд дэлхийн зах зээлд хүрэх, Оросын нутгаар транзит хийх боломж бүрдэх юм.
Байгалийн хийн хоолойн асуудал хөндөгдлөө
2022 оны 2-р сард Монгол Улсын Засгийн газар болон Оросын “Газпром” компанитай “Союз-Восток” хийн хоолойг байгуулах төслийн хүрээнд төслийн судалгааны ажлыг хийх гэрээг байгуулсан. “Союз-Восток” нь Оросын “Сила Сибири-2” хийн хоолойн үргэлжлэл бөгөөд үүгээр жилдээ 50 тэрбум шоо метр хийг Хятад руу нийлүүлэх боломж бүрдэх юм. Монголын нутгаар тавигдах хоолойн урт 960 км.
Энэ 2025 оны 9-р сард Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр Улаанбаатар хотод хийн түлш ашиглах дэд бүтцийг байгуулах асуудлыг судлах харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Засгийн газар “Газпром” компанитай байгуулсан. Оросын хийг Хятадын зах зээл рүү дамжуулах транзит улс болоход Монгол Улс бэлэн байгааг Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар хэлээд Монгол Улс өөрөө хий худалдан авч, том хотууд руугаа нийлүүлэх боломжтой гэсэн юм. “Монгол Улсын Засгийн газар “Сила Сибири-2” төслийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ” хэмээн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар уулзалтын үеэр хэлсэн.
Александр Козловын хэлснээр хоёр улсын хоорондох худалдааны үзүүлэлт тогтвортой өсч байна. Энэ 2025 онд Оросоос Монголд нийлүүлэх эрдсийн бүтээгдэхүүн, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж нэмэгджээ. Мөн аялал жуулчлал идэвхжиж, харилцан аялагчдын тоо жилдээ 600 мянгад хүрчээ.
Хоёр талын анхаарал хандуулж буй гол асуудлууд бол ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд худалдааг өргөжүүлэх, Москва-Улаанбаатарын хооронд агаарын нислэгийг эргээх, ХАА, эрүүл мэнд, спорт, соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр анхаарал хандуулсан өөр нэг асуудал нь өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь хүмүүнлэгийн харилцааны суурийг бэхжүүлж байгааг онцолсон явдал байлаа. Энэ 2025 онд Улаан-Үд хотноо ректоруудын форум зохиогдсон, мөн 12-р сарын эхээр Эрхүү хотноо Монгол-Оросын бүс нутгуудын анхны форум зохиогдож, түүнд ОХУ-ын 14 субъект, Монголын 4 аймгийн төлөөлөл оролцлоо. Энэхүү форумын үеэр Хоёр орны бүс нутгуудыг 2026-2030 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт 11 салбарыг хамарсан 72 төсөл, арга хэмжээ тусгагджээ. “Монгол, Оросын бүс нутгууд хоорондын дэд бүтэц, тээвэр, ложистикийн уялдаа холбоог сайжруулж, харилцан ашигтай боломжуудаа ашиглах тал дээр нягт хамтран ажиллах шаардлага бий” хэмээн Монгол Улсын Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр форумын үеэр онцлон тэмдэглэсэн. Форумын үеэр В2В форматын ажил хэргийн уулзалтууд болж, эдгээр уулзалтад бүс нутгийн болон бизнесийн төлөөлөл 250 гаруй хүн оролцлоо.
Бүс нутгийн форумын үеэр тулгамдаж буй асуудлуудаар хэд хэдэн илтгэл хэлэлцүүллээ. Тухайлбал, худалдааны шинэ боломжийн талаар, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны талаар, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар, Евразийн орон зайд интеграцийг хөгжүүлэхэд бүс нутгуудын үүрэг ролийн талаарх илтгэлүүдийг хэлэлцлээ. Ирэх 2026 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд соёлын арга хэмжээнүүдийг зохиохоор төлөвлөж байна.
Оросын гадаад улс төрийн төвөгтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх тогтворгүй байдлыг үл харгалзан Монголд нийлүүлэх шатахуун, түлшийн хангалтыг таслахгүй байгаад Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ОХУ-д талархаж байгаагаа Засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр илэрхийллээ. Шатахуун, түлшний хэрэглээ өвлийн улиралд эрс нэмэгддэг болохыг Ерөнхий сайд хэлээд хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой байлгахыг хүслээ.
2025 оны 12-р сард Монгол Улс Оросоос 219 мянган тонн шатахуун авахаар захиалжээ. Тухайлбал, АИ92 маркийн шатахуун 83,6 мянган тонн, АИ95 маркийн шатахуун 1,5 мянган тонн, дизель түлш 134,2 мянган тонныг тус тус захиалжээ. 12-р сарын 1-15-ны хооронд Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган болон Замын-Үүд боомтуудаар 23,5 мянган тонн АИ92, 81,6 мянган тонн дизель түлш, 3,8 мянган тонн ТС-1 онгоцны түлш нийлүүлжээ. Монгол Улс нь шатахууны хэрэгцээгээ 100% импортоор хангадаг. Үүний 95% нь ОХУ, 5% нь Хятадад ногдож байна.
Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хувьд Эгийн голын УЦС-ын төсөл нь харилцан ашигтай учраас станцыг барих ажлыг эхлүүлэхийг Гомбожавын Занданшатар санал болголоо.
ОХУ-ын Холбооны зөвлөл болон ЕАЭЗХ ээлжит хуралдаанаар Монгол Улсын ЕАЭЗХ-той байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах гэж байгааг Александр Козлов хэллээ. Мөн тэрбээр эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод ОХУ Монголын түлш шатахууны нийлүүлэлтэд зохих ёсоор анхаарал хандуулна гэлээ.
Монгол-Оросын хооронд агаарын шууд харилцаа байхгүй байгаа нь хоёр орны иргэдийн хувьд тулгамдсан асуудал болж байгааг комиссийн хуралдааны үеэр мөн хөндлөө. Агаарын шууд харилцаа байхгүй байгаа нь зөвхөн иргэдийн харилцаанд төдийгүй худалдаа-эдийн засгийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэлээ. Москва-Улаанбаатарын хооронд агаарын нислэгийг сэргээх тал дээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Засгийн газар хоорондын 27-р хуралдааны протоклын хэрэгжилтэд хоёр тал идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийллээ.
Хуралдааны төгсгөлд хоёр улсын хоорондох улс төрийн харилцаа нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ын үеэс тавигдсан найрсаг харилцаа хэвээр хадгалагдаж, стратегийн түншлэлээр тодорхойлогдож байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ.
1939 оны 5-р сард Японы арми Монголын Халхын голын хэсэг рүү довтлох үед 1936 оны Харилцан туслах протоколын дагуу Монголын Ардын арми, ЗХУ-ын Ажилчин-тариачны Улаан арми хамтран милитаристуудад эсэрцүүцэл үзүүлсэн билээ.
Японы армийн үндсэн хүчийг 1939 оны 8-р сард маршал Георгий Жуковын удирдлага дор Зөвлөлт-Монголын хамтарсан анги нэгтгэл бут цохисон. Монгол Улс ЗХУ-ын фашистын Германы эсрэг хийсэн тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулж, цэргийн аж үйлдвэрлэлд шаардлагатай стратегийн түүхий эд болон хүнс, дулаан хувцас нийлүүлж, монголчуудын цуглуулсан хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, мөн “Монголын ард” агаарын эскадрилийн ангийг бэлэглэж байсан билээ.
Үүний дараа 1945 онд ЗХУ болон Монголын арми хамтран Японы милитаристуудад цохилт өгч Манжуурыг чөлөөлсөн. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд ЗХУ онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Өнөөдөр Монгол Улсын гадаад харилцаа нь Орос-Хятадын хооронд тэнцвэрийг дэмжихэд суурилагдаж байна. Үүний хажуугаар Монгол Удс бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа ч худалдаа-эдийн засгийн гол түнш хэвээр байгаа ОХУ-тай нягт харилцаагаа хадгалсаар байна. Хоёр талын төдийгүй олон улсын бүтцийн байгууллагын хүрээнд, тухайлбал, ШХАБ, ЕАЭЗХ-ны хүрээнд Монгол, Орос хоёр улс идэвхтэй хамтран ажиллаж байна.
М.Нэргүй