Нидерландын DJ Уммет Озканы хөөмий, техно хэмнэлийг хослуулсан “Mongolian Jingle Bells” дуу цахим ертөнцөд олон сая үзэлттэй болж, анхаарал татаж буй талаар гадаадын хэвлэлүүд онцолжээ. Озкан тус бүтээлийнхээ эхний хэсгийг инстаграм хуудсандаа нийтэлсэн нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж, бүтэн хувилбарыг үзэх хүсэлт цөөнгүй ирсний дагуу тэрбээр “Youtube”-д нийтэлснийг өдгөө хоёр сая гаруй хүн үзсэн байна. Түүнчлэн сонсох хувилбарыг нь өөрийн гурван сая дагагчтай “Spotify” сувагт оруулсан аж.
“Santa Claus” инстаграм хаягаас 150 гаруй жилийн түүхтэй тус дууны монгол хувилбарыг хуваалцаж, “Манай цехийн элфүүд энэ дуунд бүжиглэсээр байна. “Бэлгийн сүүлийн захиалгуудаа дуусгаарай” гэж сануулахаас өөр арга алга даа” хэмээн бичжээ. Харин Уммет Озкан “Энэ анх зүгээр л хөгжилтэй санаа байсан юм. Харин энэ олон хүсэлтийн ачаар бүрэн хэмжээний клип боллоо. Зул сарын баярын өдрүүдэд энэ дуу та бүхэнд дулаан мэдрэмж, баяр баясал авчирна хэмээн найдаж байна” гэсэн юм. Ташрамд, “Youtube”-ийн нэгэн хэрэглэгч “Энэ дуу гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт хөгжим тоглож, хөгжилддөг үеийг минь сануулах шиг. Хөгжим үнэхээр хүн төрөлхтний нийтлэг хэл юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.