Монголын снөүбоардын үндэсний шигшээ баг, “Эхлэл” клубийн тамирчин Г.Ганзориг олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож, ур чадвараа хөгжүүлснээр улсын дээд амжилтыг нэг бус удаа шинэчлэн тогтоосон. Тэрбээр өмнөд хөршид өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард болсон “Азийн цом”-ын цуврал, үргэлжлүүлээд энэ оны нэгдүгээр сард Итали улсын Турин хотод зохион байгуулсан оюутны ДАШТ-д 45 орны шилдгүүдтэй өрсөлдөн хувийн амжилтаа ахиулсан юм. Тус тэмцээний дараа Швейцарыг зорьж, Сант Морицд хотод өнгөрсөн гуравдугаар сард өрнөсөн снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын “Энгадин 2025” ДАШТ-д 40 орны 1500 гаруй тамирчинтай уралдахдаа FIS онооны үзүүлэлт болон дэлхийн чансаанд тэнцсэн билээ. Түүнчлэн эл тэмцээнээс хойш Австри улсын иргэн, снөүбоардын спортын Европын төлөөлөл, АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Ричард Пиклийн хамтаар тивийн шилдгүүдтэй Австри улсад хөл тавьсан.Туршлагатай дасгалжуулагчийн нүдэнд өртөж, түүний удирдлагад хамтарсан бэлтгэл сургуулилалт хийсэн түүнийг зочноор урилаа.
-Оны сүүлийн томоохон тэмцээн “Азийн цом”-ын цуврал уралдаан удахгүй эхэлнэ. Та оролцохоор өмнөд хөршийг зорих нь ээ.
-Бид БНХАУ-д зохион байгуулах “Азийн цом”-ын цувралд оролцохоор бэлтгэлээ базаалаа. Өвлийн олимпын оноо олгох эрхтэй олон улсын тэмцээн тул өмнөхөөсөө илүү үүрэг, хариуцлагатай уралдана. Миний хувьд тус тэмцээнд тав дахь удаагаа оролцох юм. Тивийн орнуудаас өмнөд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгч. Хоёр багийн нийт 50 гаруй тамирчин уралддаг. Тэдний дунд Европын туршлагатай дасгалжуулагчдын удирдлагад бэлтгэл хийж, өвлийн олимпод хурд сорьдог эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин бий. Түүнчлэн БНСУ, Японы тамирчид ирж оролцдог тул тэмцээн сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болдог. Монголоос насанд хүрэгчдийн ангилалд Г.Зоригт ах, өсвөр үеийнхэд таван тамирчин оролцох юм.
-Энэ удаа бэлтгэл сургуулилалтаа базаахдаа юунд илүү анхаарал хандуулав?
-Ур чадвар, техникээс илүү хүчний бэлтгэлд анхаарал хандуулсан. Сургуулилалт хийх явцад ядрахгүй, булчингийн масс алдахгүй байх зорилгоор заалны бэлтгэлийг түлхүү хийлээ. Тэмцээн болох газрын цанын баазад очихдоо техник, гулсалтын бэлтгэл хийхээр төлөвлөсөн. Миний хувьд олон улс болон тив, дэлхийн тэмцээнд нэг бус удаа оролцсон болохоор гадаадын тамирчдаас олонхыг нь танина. Тиймээс мэнд устай явдаг. “Азийн цом”-ын цуврал тэмцээн шинэ оны өмнөхөн болдог. Бид хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэгнээ хүндэлж, өөрийн орны үндэсний онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын зүйлс өгдөг. Энэ удаа ч гэсэн найзууддаа өгөх бэлгээ бэлдчихсэн байгаа.
-Тэмцээний үеэр таны сонирхон судалж хардаг зүйл чинь юу бол?
-Өрсөлдөгчдийнхөө биеэ авч яваа соёл, харилцаа хандлага, уралдааны үед хэрэг болох хэрэглэл, материалыг нь түрүүлж хардаг. Мөн бэлтгэл хийхдээ ямар техникээр гулгаж, тактик хэрэгжүүлж буйг нь сонирхоно. Тэдний багаараа техникүүдээ хэрхэн давтан, алдаагаа хэр богино хугацаанд залруулж буйг сайтар судалдаг. Зарим мэдэхгүй зүйлээ олон улсын багийн найз нөхдөөсөө санаа зовохгүйгээр асууна.
Тэд ч уриалгахан хүлээн авч, мэдэх, чадах зүйлээсээ харамгүй хуваалцдаг юм. Тамирчид тэмцээнд өрсөлдөхийн хажуугаар нэгнээсээ ч бас суралцдаг юм шүү дээ. Тэмцээн бүрд шинэ тамирчид хүч түрэн орж ирдэг. Өнгөрсөн жил ӨМӨЗО-ны хоёр ч баг сайн өрсөлдсөн. Тэдний олонх нь залуу оролцогч.
-Параллел слалом, жиант слалом төрлийн алинд нь амжилт түлхүү гаргасан бэ?
-Энэ хоёр төрөл техникийн хувьд адилхан. Хамгийн бага секундэд уралдаанаа дуусгасан нь өндөр оноо авдаг. Ялгаатай зүйл нь гэвэл эргэлтийн радиус, гулсах замын урт, тугны байрлалууд нь өөрчлөгддөг. Туг сүлжиж, өндөр хурдтай эргэлтүүдийг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Үүгээрээ экстрим спортын төрөлд багтдаг. Миний хувьд ойрын болон холын зайн төрөлд уралддаг. Гараанаас хоёр тамирчинтай зэрэг гардаг тул харьцуулж харах бүрэн боломжтой. Параллел слалом төрөлд богино снөүбоардоор уралдана. Би уг төрөлд амжилт түлхүү гаргаж, цөөнгүй медаль гардсан. БНХАУ-д зохион байгуулсан тэмцээнд хоёр төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж байв. Харин дотооддоо улсын дөрвөн удаагийн аваргаар шалгарсан. Монголын Бүх ард түмний спартакиад наадмаас хошой алтан медаль зүүснээ яривал нэлээд шагналтай. Ийм амжилтыг гаргахад гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд олон хүн тусалж дэмжсэн.
-Таныг ахыгаа дагаж снөүбоардаар хичээллэж, ур чадвараа ахиулсан гэж сонссон.
-Тийм ээ. Багадаа ахтайгаа мөсөн талбайд хоккей, цана, чаргаар гулгаж өнждөг байлаа. Байнга хөдөлгөөнтэй байсан минь ур чадвараа хөгжүүлж, богино хугацаанд амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Би снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин тул гадаадын тэмцээнд амжилттай оролцохыг зорьдог. Тэмцээний үед улсын нэр хүнд, үүрэг, хариуцлага гээд олон зүйл бодогддог тул аль болох хүнд бодлоор өөрийгөө ачаалахгүйг хичээдэг юм. Тамирчин хүн эрсдэл гаргахгүйн тулд бие, сэтгэл зүйгээ сайтар бэлдэх ёстой. Миний амжилт ахын минь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Тэрбээр ямар ч үед дэргэд байж зөвлөн, түшиг тулгуур болж ирсэн.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад хэдэн жилийг үджээ. Хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн тань хэр сонирхолтой санагдаж байв?
-Одоогоос дөрвөн жилийн өмнө Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт хэрхэн болдгийг ахаасаа мэдсэн юм. Тухайн үед дөрвөн тамирчин сонгон шалгаруулалтад оролцсон. Бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүй, хүч, техник гээд олон зүйлээр шалгуулах үедээ өөрийгөө тэнцэнэ гэж огт бодоогүй л дээ. Өнгөрсөн жил өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнд оролцсон. Тухайн үед медаль хүртсэнээ ч мэдээгүй. Тэгтэл Г.Зоригт ах “Дүүдээ баяр хүргэе. Чи медальт байрт орсон байна” гэв. Снөүбоардын тамирчид минут, секунд тутамд өөртэйгөө өрсөлдөж, амжилт гаргадаг. Нэрээ дуудуулж шагналын тавцанд гарахдаа л медаль хүртжээ гэж итгэсэн. Ганцаараа зүтгээд амжилтад хүрдэг тамирчин хаана ч байдаггүй. Олон хүн ард минь баг болон ажилласны үр дүнд зорилгоо биелүүлсэн. Намайг унаж, босож, бас урагшлахад минь нүүр буруулалгүй хамт байсан хүмүүст талархдаг.

-Монголын снөүбоардын шигшээ багийнхнаас оюутны ДАШТ-д та оролцсон. АНУ-д хөл тавихад ямар бодол төрсөн бэ?
-Олон улсын цана, снөүбоардын холбооноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг оюутны ДАШТ-д улсаа төлөөлж хоёр удаа оролцлоо. Эхнийх нь АНУ-ын Лейк Плесид хотод 2023 онд болоход нь оролцож, улсынхаа дээд амжилтыг эвдсэн. Дараа нь Италийн Бардонекчиа хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон Дэлхийн оюутны универсиад наадамд оролцохдоо өмнөх амжилтаа ахиулсан юм. Би дотооддоо ойрын зайн төрөлд 35 секундийн амжилт эзэмшдэг. Манай улсад ойрын зайн төрөлд тэмцээн голдуу болдог. Одоогоор холын зайн төрөлд уралдах замыг бэлдэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад уралдаан зохион байгуулах боломжгүй байна. Монголд ийм төрлийн тэмцээнийг хэзээ нэгэн цагт зохион байгуулах өдөр ирнэ гэж найддаг. Снөүбоардын ойрын зайд уралдахад 30 секундийн дотор бүх зүйл өрнөдөг. Богино хугацаанд маш их хурд, хүч, авхаалж самбаа, ухаан зарцуулж амжилтад хүрдэг.
-Өвөл голдуу бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог болохоор танд хааяа ачаалалтай санагддаг биз.
-Миний хамгийн шаргуу хөдөлмөрлөдөг улирал бол өвөл. Тиймээс бэлтгэл хийх цагийн хуваарь шахуу байдаг. Арванхоёроос гуравдугаар сарын сүүлч хүртэл дотоодын болон гадаадын тэмцээнд оролцдог тул амрах зав ховор гарна. Олон улсын зарим тэмцээн оны сүүлчээр болдог. Тиймээс шинэ оныг гадаадад угтах тохиолдол бий. Олон улсын тэмцээнд оролцохдоо Украины тамирчдын давуу талыг хардаг. Эх оронд нь дайн самуун болсон ч зорьж ирээд оролцсон тэднээр их бахархсан. Тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Монголоос ДАШТ-д тамирчин өрсөлдөхийг хараад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, бидэнд мэдэхгүй зүйлүүдийг минь зааж зөвлөн, тамирчидтайгаа хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Тус тэмцээнд Украины тамирчин түрүүлж, аваргаар шалгарсан юм. Түүнээс хойш бид тус улсын дасгалжуулагч, тамирчидтай байнга холбоотой байдаг болсон.
-Таны очсон орнуудаас аль нь хамгийн их таалагдав?
-Олон улсын болон оюутны ДАШТ, Дэлхийн оюутны универсиад наадамд оролцохоор очсон орнуудаас АНУ-ын хөгжил, орчин нөхцөл, цаг агаар, уур амьсгал, цанын бааз нь маш их таалагдсан. Би өмнө нь Азийн болон Европын цомын цуврал, оюутны ДАШТ, универсиад наадамд оролцсон. Харин өнгөрсөн жил ДАШТ-д оролцох боломж бүрдсэн юм. Тиймээс Швейцар улсыг зорьж, Сант Морицд хотод өнгөрсөн гуравдугаар сард снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын ДАШТ болоход оролцсон минь томоохон боломж байв. Энэ бүхэн амьдралд минь мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн.Тэндхийн бүх зүйл сэтгэлд таалагдсан болохоор дахин зорих бодол төрүүлсэн шүү.
-Снөүбоардын төрөлд “Милан Кортина-2026” өвлийн олимпын эрх олгох хэдэн тэмцээн болох вэ?
-Таван тэмцээн бий. Миний хувьд бүгдэд нь оролцохыг зорьж байгаа. Монголын снөүбоардын холбоо намайг ямар тэмцээнд оролцуулахыг тухайн үед мэдээлэх байх. Монголын өвлийн спортын тамирчид гадаадынхнаас дутахгүй ур чадвартай. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхдөө тэднээс нэг их холгүйгээ мэдэрсэн. Хамгийн гол нь тамирчдаа дэмжээд, материаллаг баазаар хангаад өгвөл амжилт гаргах нөөц боломж их бий. Амжилт гаргахад энэ их чухал. АНУ-д болсон оюутны ДАШТ-д тэргүүлсэн тамирчнаас олон секундийн зөрүүгүй уралдсан. Тухайн үед хичээвэл болох юм байна гэж бодсон. Тэндээс ирээд бэлтгэлээ чамбайруулж, Азийн болон Европын цуврал тэмцээнд өрсөлдөж, амжилтаа ахиулсан. Харин Италид болсон дэлхийн оюутны спортын универсиад 32 дугаар наадамд оролцохдоо өөртөө “Би болж байна шүү” гэж урам өгч, бэлтгэлээ зөв базааж буйгаа мэдсэн. Үүний дараа Швейцарт зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо Австри улсын шигшээ багийн дасгалжуулагчийн нүдэнд өртсөн. Тэрбээр надтай уулзахдаа “Ийм богино хугацаанд хичээллэхдээ бэлтгэлээ зөв техникээр хийж, тэмцээнд оролцоно гэдэг амжилт юм” гэсэн. Түүний урам хайрласан үгнээс хичээвэл хүнд боломжгүй зүйл байдаггүйг ойлгосон. Алдартай, туршлагатай дасгалжуулагчаас ийм үг сонссон нь миний хувьд нэр төрийн хэрэг.
-Хэзээнээс насанд хүрэгчдийн ангилалд оролцож эхэлсэн бэ?
-Би одоо 22 настай. Насанд хүрэгчдийн ангилалд дөрвөн жилийн өмнөөс оролцсон. Тус ангиллын УАШТ-д анх өрсөлдөхдөө түрүүлж, амжилтын гараагаа эхлүүлж байв. Түүнээс хойш ур чадвараа ахиулсаар олон улс, тив, дэлхийн тэмцээнд өрсөлддөг боллоо. Миний хувьд ХААИС-д механик инженерийн чиглэлээр магистрт сурдаг. Тус сургуулийн удирдлага, хамт олон, багш нар маань намайг оюутан байхад ойлгон дэмжиж, тэмцээнтэй өдрүүдэд хичээлээс чөлөөлж оролцуулдаг байлаа.
-Спортоор тууштай хичээллэх амаргүй. Та ч гэсэн халширмаар үетэй бишгүй л нүүр тулсан байх.
-Спортоос холдож, амьдралаа хөөе гэх бодол хааяа төрдөг байсан. Тийм үед аав, ахтайгаа ярилцахад “Тууштай хичээллэж, амжилт гаргах хэрэгтэй. Тамирчны карьераа үргэлжлүүл. Бид дэмжье” гэж зөвлөж, чиглүүлсэнд баярладаг. Тэр жилээ би Үндэсний шигшээ багийн шалгаруултад тэнцэж, УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2023 он намайг олон зүйлээр өөрчилсөн. Өөрийгөө хөгжүүлж, өнөөгийн амжилт гаргах эхлэлийг тавьсан өөдрөг жил байв. Аав ах бид хоёрыг снөүбоардаар анх хичээллэхэд бэртэж гэмтэнэ гэж бодсон уу эхэндээ таатай хүлээж аваагүй. Харин зорилгынхоо төлөө хичээж, амжилт гаргах үеэс сайн дэмждэг болсон. Снөүбоардоор хичээллэхэд нас хязгаарладаггүй. Тамирчид олон жил хичээллэх тусам туршлага хуримтлуулж, тэр хэрээр амжилт гаргадаг. Гүйлтийн болон уулын цанынхан ч ялгаагүй. Үүгээрээ давуу талтай. Хойшид надад итгээд, дэмжих байгууллага байвал би дуртай хамтран ажиллана. Хэрвээ тусалбал уралдааны хэрэглэл, материалаа одоо байгаагаасаа илүү сайжруулж, амжилт гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ гэж боддог.