УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан. Одоогоор төрийн өмчит болон оролцоотой 101 компани байгаагаас 73 нь 100 хувийн өмчит аж. Эдгээрээс хувьцааг нь үе шаттайгаар олон нийтэд санал болгох, нэмж гаргах гэж буй юм. Мөн ТӨК-иудын хөрөнгө дотоотын нийт бүтээгдэхүүний 74.3 хувийг эзэлж байна.
Үүний дараа гишүүд асуув. Шатахууны хомсдол нүүрлээд буйн шалтгаан нь нөөцийн савны хүртээмжгүйгээс болсон хэмээн салбарынхан нь тайлбарладаг. Ийм байхад Хөдөө аж ахуйн корпорацын мэдэл дэх 7000 тоннын нөөцийн савыг 11 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахаар жагсаалтад оруулсны учрыг Ө.Шижир гишүүн тодруулж, “Энэ бол нийслэлчүүдийн шатахууны долоо хоногийн хэрэглээг хадгалах сав. Гэтэл үнэгүйдүүлж авах захиалгат хувьчлал бий. Шатахууны нөөцийн сав байхгүй гэчхээд төр өөрт байгаагаа ийм замаар худалдах нь буруу” гэсэн юм. АҮЭБ-ийн яамнаас өнгөрсөн зургаадугаар сард уг савыг авах хүсэлтээ тавьсан ч ХХААХҮЯтай маргаантай байгааг Г.Дамдинням сайд хэлсэн бол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Зарим яамны саналыг харгалзан дээрх 7000 тоннын нөөцийн савыг дуудлага худалдаагаар зарахаа больсон” гэсэн хариу өгөв.
“Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэсэн хоёр ХХК-ийн нэг жилийн худалдан авалт нь улсын төсвийн жилийн хөрөнгө оруулалтын зардалтай тэнцэж байгааг ч Ө.Шижир гишүүн сануулж, “ТӨК-иудын захирлыг нам томилдог, хөрөнгө нь сонгуульд зарцуулагддаг. ТӨК тэр чигтээ мафи болсон” гэлээ. Энэ бүхнийг эхнээс нь цэгцлээд явж буйгаа С.Бямбацогт сайд хэлж, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой баяжмал, овоолго зэргийн хулгайг таслан зогсоосон гэв. Тогтоолын төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.
С.Уул