“Милан-Кортина 2026” өвлийн паралимпийн наадам ирэх оны гуравдугаар сарын 6-нд эхэлнэ. Итали улсад 10 хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцохоор болжээ. Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол эмэгтэйчүүдийн суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа базааж буй. Тэднээс Б.Ганболд өвлийн паралимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон нь. Ц.Дашдорж паралимпд хоёр, А.Сэлэнгэ анх удаа оролцох юм. Монголын пара эмэгтэй цаначдаас А.Сэлэнгэ Японд болсон “Азийн цом”-ын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
Өвлийн паралимпын наадамд Монголоос Н.Сүхбаатар “Турин-2006” гүйлтийн цанын төрөлд анх өрсөлдсөн түүхтэй.