Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдаж, 2025 онд хийсэн ажлаа танилцуулав. Энэхүү зөвлөл нь салбарын бодлого, хууль, тогтоомжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг аж. Улирч байгаа 2025 онд 15 ажил төлөвлөснөөс 10 арга хэмжээг биелүүлж, тавыг нь хэрэгжүүлж буй гэнэ.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын асаргаа шаардлагатай, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг дэмжих төвөөр дамжуулан хөгжүүлж буй. Өдгөө нийслэлд ийм 11, орон нутагт нэг төв үйл ажиллагаа явуулж, нийт 635 хүүхдэд үйлчилжээ. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд иргэд, ажил олгогчдын ойлголт, хандлагыг сайжруулах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн “Абилити экспо-2025” цогц арга хэмжээг 4500 орчим иргэнийг хамруулан зохион байгуулсан аж. Мөн бизнес инкубаторын үйлчилгээг 85 хүнд, чадамжид суурилсан мэргэжил олгох сургалтад 218 иргэнийг, санхүүгийн дэмжлэгт 32 байгууллагыг хамруулсны үр дүнд шинэ ажлын байр 120-ийг бий болгосон гэв. Үүнээс гадна “Таны бүртгэл-цогц мэдээлэл” төслийг эхлүүлж, хөдөлмөр эрхлэх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг хоёр үе шаттайгаар 48.7 мянган хүнийг хамруулан явуулахад 13.4 мянга нь хөдөлмөр эрхлэх сонирхолтойгоо илэрхийлжээ.
О.Бат