Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог гэсэн судалгаа бий. Албан ёсны зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжийн 221 такси өдгөө иргэдэд үйлчилж буй аж. Тиймээс хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл боловсруулж, ТЭЗҮ-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлжээ. Харин “UB cab” такси үйлчилгээнийхэн уг төслийг эсэргүүцэж, “Хувиараа такси эрхлэгчдийг боомжилж, 77 тэрбум төгрөгөөр хятад машины борлуулалтыг дэмжих гэж байна” хэмээн нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай Ерөнхий сайдын дэргэд ширүүн маргаан өрнүүлэв.
“UB cab”-ынхны мэдэгдлийн хариуд нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан такси үйлчилгээ нь нийтийн тээврийн ангилалд багтдаг ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй гэдгийг хэлээд төр, хувийн хэвшлийн түншлэлээр чанар, хүртээмжийг нь сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгон, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн такситай, тогтсон үнэ тарифтай болгохыг зорьж буйгаа мэдээллээ. Тэрбээр уг ажлын талаар “Нийслэлд ялангуяа ажил, эхлэх тарах цагаар такси олддоггүй. Тиймээс эл үйлчилгээг дэмжих зорилгоор ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээ эрхлэгч таван аж ахуйн нэгжийнхэнтэй уулзсан. Эдгээр аж ахуйн нэгж ч 100-1000 таксигаар дэмжихийг хүссэн. Иймд хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилтээ гаргаж, үлдсэн 26 хувийг нь буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаатай, жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгөөр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Такси үйлчилгээг ингэж баазын системээр, автобустай адил хоёр ээлжийн жолоочтой, тогтмол цалин орлоготой, даатгал төлдөг, ажлын байр болгон хөгжүүлнэ. ТЭЗҮ-д тусгаснаар жолооч, инженер, техникийн ажилтан зэрэг 4573 хүн байнгын ажлын байртай болох тооцоолол гаргасан. Үүний дүнд хот стандартын 4500-5000 такситай болно. Үүний 20 хувь буюу 1000 автомашиныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр оруулж ирэх тухай л юм. Нийслэлийн ИТХ-аар ТЭЗҮ-ийг баталсан. Аж ахуйн нэгж, иргэдэд хэлэлцүүлэг явуулж, удахгүй мэдээлэл хүргэнэ” гэсэн юм.
О.Оргилох