Тайванийн зүүн хойд хэсэгт орших Илан хотын орчимд өнгөрсөн бямба гарагт газар долоон магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 3000 орчим айл түр хугацаанд цахилгаангүй болжээ. Тайванийн цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Илан хотоос 32 кмийн зайд, газрын гадаргаас 73 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Чичирхийлэл Тайвань даяар мэдрэгдсэн бөгөөд эл гамшигт дээрх хот болон ойролцоох бүс нутаг хамгийн их өртсөн аж. Улмаар 20 гаруй орон сууц, барилга, байгууламжид хий болон ус алдаж, олноороо сүйдсэн гэнэ. Мөн уулархаг бүсүүдийг хооронд нь холбосон хурдны замууд нурсны улмаас хөдөлгөөнийг нь түр хугацаанд хязгаарлажээ.
Тайвань нь Евразийн болон Филиппиний тэнгисийн тектоник хавтангуудын уулзварт оршдог тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Иймд ойрын өдрүүдэд 5.5- 6 магнитудын хүчтэй давтан чичиргээ үүсэх магадлалтай тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулжээ. Ташрамд дурдахад, Тайваньд 1999 онд газар 7.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 2000 орчим хүн амиа алдсан томоохон гамшиг тохиож байв.
Э.Сүйлэн