Ашигт малтмалын олборлолт, экспортоос хамааралтай манай эдийн засгийн нэг гол хөдөлгөгч хүч болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийг авлигачид удирдаж, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгийг нь завшиж байсныг хэдэн жилийн өмнө илчлэн зарлаж байв. Түүнээс хойш “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн олон ч хэргийг АТГ-ынхан цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн билээ.
Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж, үйл ажиллагааг нь сайжруулах, олборлож буй нүүрсийг нь олон улсын зах зээлийн ханшаар борлуулах, хийж буй гэрээнүүдийг нээлттэй, ил тод болгох шаардлага тавин ажиллуулж эхэлсэн.
Мэдээж өргөс авч буй мэт бүгдийг нэг дор, нэг өдөр засаж сайжруулах нь боломжгүй. Шат дараатай арга хэмжээ авч, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг биржээр арилжиж эхэлснийг хүмүүс мэдэж буй нь лавтай. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа эл компанид ажиллаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүмүүсийг чөлөөлсөн нь маргаан дагуулж, шүүхээр шийдвэрлэсэн нь ч бий. Эгэл жирийн уурхайчид нь аандаа сайхан болно, шударга ёс тогтож, ашигт малтмалын орлогоос иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэнэ гэж бодож явсан нь талаар болж буй тухай тэд мэдээлэх болов. Өөрөөр хэлбэл, сахил хүртээд шал дордов гэгч болж буй тухай халаглан өгүүлцгээж байна.
Уг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдаж буй хүмүүс үнэхээр ажил хийх, улс орондоо хэрэгтэй, ард түмэндээ үр өгөөжийг нь шударгаар хүртээж, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой ажилладаг бол боломж өчнөөн бий. Харамсалтай нь, энэ хувьцаат компанид өөрсдийн ашиг сонирхол, ажил амьдралтай залгуулсан эрх мэдэлтнүүдийнхээ өгсөн даалгаврыг л үг дуугүй биелүүлж, өнөө маргаашаа аргацааж байвал болдог бололтой. Ядаж л ойр хавьд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн байгуулсан үйлдвэрт нүүрсээ угаачхаад экспортолбол нэмүү өртөг шингээд тн-ыг нь 50 ам.доллароор борлуулж буйгаа 100-гаар зарах боломжтой баймаар. Ард түмний хүртэх өгөөжийг өсгөх сэтгэлтэй бол дундын зуучлагч оролцуулалгүй, хил гараад хэдхэн км-ийн цаана байгаа Бугат хотын төмрийн болон машин механизмын үйлдвэртэй гэрээ байгуулаад нүүрсээ зах зээлийн үнээр нь шууд борлуулж болмоор. Хятадын өмнөд хэсгийн боомтод нүүрсээ хүргэж өндөр үнээр борлуулна гэж мөрөөдөхөө болиод бодит ажил хэрэг болох боломжтой энэ гарцыг олж хараагүй гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Харамсалтай нь, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж буй болон тэнд ажиллаж байсан үе үеийн албан тушаалтнууд хэн нэгэнд давуу байдал олгож, дундаас нь хувь хүртэх гэсэн явцуу эрх ашгийнхаа үүднээс ажилдаа хандсаар иржээ гэхэд хилсдүүлсэн болохгүй биз.
ЭРХ МЭДЭЛТНҮҮД “ЦҮНХ БАРИГЧАА” ШУРГУУЛДАГ БОЛОЛТОЙ
“Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсан цагаас хойш эрх мэдэлтнүүд “цүнх баригчдаа” тус компанид ажилд оруулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулахаас гадна авлигаар баяжих замыг нь засаж өгдөг байсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. “Нүүрсний” гэх дуулиант хэргийн хүрээнд шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг үүний бодит жишээ. Тодруулбал, тус компанийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргал бол Т.Аюурсайханы ойрын дотнын хүн хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсан. Тэдний хамаарлыг цахим мэдээллийн хэрэгслүүдэд “Т.Аюурсайханыг МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар томилогдоход Б.Отгонжаргал мөн тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан үй зайгүй найзууд. “Эрдэнэс Тавантолгой”-д УИХ-ын дэд дарга найз нь ажилд томилуулсан” хэмээж байв. Тэд хамтдаа гурван шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт ял шийтгүүлсэн билээ.
Тэгвэл улс төрчид “цүнх баригчдаа” эл компанид ажилд оруулж буй явдал саяхан ч давтагдсан байх юм. Тухайн хүн нь мөн л авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, өдгөө АТГ-т шалгуулж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхдаа “цүнх баригч” нэгэн болох Г гэх залууг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий албан тушаалд томилуулсан аж. Гэтэл тухайн албан тушаалтан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаанд оролцож, бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн шалгуулж байна. Энэ талаар баттай эх сурвалжуудаас лавлахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан хүнийг лицензийн наймаатай холбоотой хэрэг шалгаж буй нь үнэн. Мөрдөн шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөд хараахан эрт байна” хэмээсэн юм. Г гэх албан тушаалтан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхаа лицензийг наймаалсан уу, эсвэл өөр аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нааш, цааш болгоход оролцсон уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
АУДИТЫН ШАЛГАЛТ НЭРЭЭР ШАНТААЖ ХИЙЖ БАЙНА УУ
“Сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дээр дурдсанаас гадна өөр өчнөөн “но”-той үйл явдлууд өрнөж буйг хав дараад өнгөрүүлж байгаа гэнэ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий эрх мэдэлтний хүү Х гэх эр тус компани болон хятадын аж ахуйн нэгжийн хооронд зуучлан нүүрсний гэрээ байгуулж, дундаас нь ашиг хүртдэг тухай мэдээлэл нэлээд эртнээс чих дэлсэх болсон. Үүнтэй холбоотой хяналт, шалгалтыг “Эрдэнэс Тавантолгой”-нхон ч, “Эрдэнэс Монгол”-ынхон ч, холбогдох бусад хууль хяналтын байгууллага хийсэн, эсэхийг хэн ч мэдэхгүй.
Энэ компанид ажиллаж байсан С гэх залуу албан тушаалаа ашиглаж, зөвхөн өөрийн оролцоотойгоор л нүүрсний үнэ ханш бодож, дүгнэлт гаргах шийдвэр гаргуулан ажиллаж байж. Улмаар эрх мэдлээ ашиглан нүүрсийг биржээр арилжих дуудлага худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл дамжуулдаг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн дуудлага худалдааны үнэ хэдэн төгрөгөөс дуудагдах талаар мэдээлэл дамжуулж, тухайн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, болиулах талаар зөвлөж байсан аж. Үүнийхээ хариуд аж ахуйн нэгжүүдээс хахууль авч байсан уу, үгүй юү, ямар зорилгоор өөртөө давуу байдал олгуулсан тушаал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагаар гаргуулж байсныг холбогдох байгууллага нь нягтлан шалгах биз ээ.
Ер нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд 1072 хувьцааг нь эзэмшиж буй хүн бүр л хяналт тавьж, анхаарах ёстой. Төрийн хяналт шалгалтын байгууллагаас гадна хувьцаа эзэмшигч иргэд бид энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьснаар хүртэх үр өгөөж, дансандаа орох мөнгөнийхөө хэмжээг нэмүүлэх боломжтой юм. Харамсалтай нь, иргэдийн хяналтыг төдийлөн үл ойшоож, төрийн аудитын байгууллагынхантай “сүлбэлдсэнээр” авлигын эрсдэл бий болгож буй гэх мэдээлэл бидэнд ирлээ. Өөрөөр хэлбэл, аудитын байгууллагынхан “Эрдэнэс Тавантолгой” ХКийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд тус компанийнханд ашигтай дүгнэлт гаргасныхаа хариуд хүн ажилд оруулдаг, эсвэл халаасныхаа нэр бүхий аж ахуйн нэгжээр л дүгнэлт гаргуулдаг явдал нэг бус удаа давтагдаж байгаа гэнэ. Энэ бүхнийг холбогдох хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авч, таслан зогсоохгүй бол өмнөх гашуун түүх давтагдаж, олон хүн яллагдагч, шүүгдэгч болж болзошгүй юм.