“Өнөөдөр” сонин 2025 онд Монгол Улс болон дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.ЗАНДАНШАТАР ИРЭВ

Авлигатай тэмцэхээ мэдэгдэж, “5Ш” ажиллагаа хэмээх гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж явсан Ерөнхий сайд асан Л.ОюунЭрдэнэ үнэндээ өөрөө үүнийхээ “гол дүр” байсныг бид өнгөрсөн тавдугаар сард мэдсэн билээ. Түүний бэр найз залуугийнхаа өгсөн тансаг бэлгүүдийг гайхуулах гэж 20 сая төгрөг хүлээн авсан гүйлгээний баримт, үнэтэй цүнх, бөгж, тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй машиныхаа зургийг нийгмийн сүлжээнд дэлгэсэн юм. Мөн “Seven nuga” хэмээх үнэтэй амралтын газрыг бүтнээр нь түрээсэлж, нисдэг тэрэг хөлөглөн очиж, салют буудуулан сүй тавих ёслолоо зохион байгуулсан зургуудаа харуулсан. Ингэж тэр өөрөө ч мэдэлгүйгээр хадам аавынхаа эсрэг “шүгэл үлээх” ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэгвэл ийнхүү нэг л өдөрт хэдэн зуун саяыг цацсан найз залуу нь 23 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй хүн байв. Гэхдээ түүнд Засгийн газрын тэргүүн аав байлаа. Тиймээс авлигын асар том “уурхай” үүний ард байна уу гэсэн хардлага төрүүлсэн. Орлогоо нотлохыг Л.Оюун-Эрдэнээс шаардаж, залуус “Огцрох амархан” жагсаалыг эхлүүлсэн юм. 2021 оноос хойш Ерөнхий сайдаар тав дахь жилдээ, хоёр дахь Засгийн газраа тэргүүлэн ажилласан түүнээс ажлын үр дүн ч нэхэв. Энэ таван жилд монголчуудын амьдрал улам бүр уруудаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдан, ардчилал, авлигын индексээр олон улсад ухарсан юм. Тэр бага багаар дарангуйлал тогтоож, түүнийгээ бэхжүүлсэн байж. Нийгмийн сүлжээнд түүнийг шүүмжилж бичсэн цөөнгүй хүнийг хүчний байгууллагаар шалгуулан айлгаж, эсрэг санал хэлж, хариуцлага нэхсэн УИХ-ын гишүүдийг ч нийгмийн сүлжээгээр харлуулах хар пиарын сүлжээ “угсарчээ”.

“Ноорог медиа” компанийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан тэргүүтэй залуус шударга бусын эсрэг санаачилгаараа нэгдэн, 20 гаруй хоног тууштай жагссан. Тэднийг заавал нэг эзэнтэй, улс төрийн зорилготой мэтээр харагдуулах гэж Л.Оюун-Эрдэнийн хар пиарын багийнхан янз бүрээр оролдсон ч өөрсдөө л онигоо болоод дуусдаг байв. Эцэст нь 20 сая төгрөгийн сүйн бөгжнөөс бусад тансаг бэлгийг бүсгүйд аав Ц.Өгөөдэйбаатар нь өгсөн гэдэг тааруухан “жүжиг” дэглээд л хаясан. Бөгжний мөнгөө О.Тэмүүлэн “Херо энтертайнмент” компанид контент хийгээд олсон хэмээн АТГ хожим “тогтоов”. Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүй байгаад, хүүгийнх нь тансаглалд яагаад ч юм Ардчилсан намынхан буруутай болж, Засгийн газраас тэднийг хөөсөн. Гэвч залуус жагсахаа больсонгүй. Түүнд итгэл үзүүлэх, эсэхийг хэлэлцэх үед нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, “ухуулга” хийсний эцэст Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Түүний бэрийн “шүгэл үлээсэн” алхам, тууштай, зоригтой шинэ үеийн залуус, Төрийн тэргүүний дэмжлэгийн хүчинд ийнхүү “залуу дарангуйлагч”-аас монголчууд салж чадсан нь 2025 оны улс төрийн онцлох үйл явдал байлаа.
Ингээд оронд нь Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдав. АНынхан сөрөг хүчин хэвээр үлдэж, оронд нь ИЗНН-ынхан гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд нэмэгдэж орсон юм. Гэхдээ шинэ Ерөнхий сайд өмнөх танхимынхаа олонх сайдыг улираах шийдвэр гаргасан байв.
МАН-ынхны түүхэн талцал
Засгийн газар солигдсоноор МАН-ын даргын асуудал яригдаж эхлэв. Шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын албан тушаалаа авах нь зүйн хэрэг байлаа. Гэвч энэ нь тийм амархан байсангүй. Эсрэгээрээ манай улсын ууган намынхан түүхэндээ анх удаа ноцтой талцсан их “зодоон”-ыг эхлүүлсэн юм. Авлигын асуудалд холбогдож огцорсноо Л.Оюун-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөнгүй. Тиймээс тэрбээр МАН-ын даргын албан тушаалаа дараагийн Ерөнхий сайдад шилжүүлэхийн оронд өөрийн хүнээ зүтгүүлэхээр шийджээ. Тэр нь түүний найз, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байлаа. Г.Занданшатар үүнийг зүгээр хараад суусангүй. Хахууль авч, хууль бусаар гэрээ байгуулсан гэх үндэслэлээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг есдүгээр сарын 11-нд баривчлан хориулав. Түүнийг Д.Амарбаясгалангийн тун ойрын хүн гэдэг тул Ерөнхий сайдын зүгээс өгч буй сануулга гэж хардсан. Тэгмэгц маргааш нь спикер МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлав. Ийнхүү МАН-ын улс төрчид тал талд ээлжлэн мэдэгдэл хийдэг “марафон” эрчимжсэн юм.
МАН-ын Бага хурал есдүгээр сарын 27-нд болж, даргаа сонгохоос хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо Д.Амарбаясгалан “Админерал” компаниар дамжуулан нүүрсний хэрэгт холбогдсон тухай ярьсан. Үүнийг УИХ-ын дарга няцааж байв. Улмаар Бага хурлын гишүүдийн олонхын саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон ч Г.Занданшатар хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт холбоотой гэсэн мэдэгдэл хийж, баялгийн хулгайтай тэмцэхийн тулд ХЗДХ-ийн сайдаараа Б.Энхбаярыг томилж буйгаа зарлалаа. Тэгмэгц 1980-аад оныхон хариу арга хэмжээ авч, Хяналтын ерөнхий хороо нь хуралдаад гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөчхөв. Даргыг нь гүтгэсэн хэмээн “гомдсон” нь тэр.
Энэ үеэр П.Сайнзориг гэдэг “утсан хүүхэлдэй” тодорсон юм. Тэрбээр өөрийн бланк дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, 50 гаруй хүн нэгдсэнээр саналаа өргөн барьсан. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулахын тулд тэдэнд 64-өөс дээш гишүүний санал хэрэгтэй ч ийм дэмжлэг байсангүй. МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга нь 1980-аад оныхны бүлэглэлийнх. Тиймээс тэд эдгээр албан тушаалаа ашиглан “хор найруулав”. Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр тэд бүгд “Огцруулахгүй” гэсэн санал өгсөн. Улмаар байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн чуулганаар санал хураая гэжээ. “Огцруулахгүй гэснийг дэмжье” гэдэг томьёоллоор санал хураахад ирцэд бүртгүүлсэн ч биеэр байгаагүй хүмүүс эсрэг өгсөнд тооцогдоно. Ийм замаар 64-өөс дээш эсрэг санал цуглуулж, Засгийн газрыг огцруулах аргыг тэд олсон юм. Тэр болтол сөрөг хүчнийхэн улс төрийн байр сууриа илэрхийлээгүй байсан хэрэг.
Нөгөө талд нь Д.Амарбаясгаланг огцруулах саналыг 70 орчим хүн хэдийн дэмжсэн байлаа. Унах нь нэгэнт тодорхой болсон тул тэрбээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм. Түүний хүсэлт болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар нэг өдөр шийдсэн. Харин Ерөнхий сайд Цэцэд гомдол гаргаснаар тэд Их суудлаараа хуралдлаа. Улмаар Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосноор Засгийн газрын бүрэн эрх сэргэсэн билээ. Тэр өдөр биеэр оролцоогүй 19 хүний саналыг “ашигласан” гэдэг нь ч хожим тодорхой болсон. УИХ-ын дарга, Ерөнхий сайд намын даргын сонгуульд өрсөлдсөнөөс ийнхүү хоёр сарын турш төр, улсаараа чирэгдсэн байх нь. Үүний дараа МАН-ынхан эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, дундын хувилбар болгон Н.Учралыг намын даргад нэр дэвшүүлэн сонгосноор эрх баригчдын түүхэн “зодоон” сая нэг дууссан билээ.
Боловсролын салбарын хямралыг илчилсэн багш нарын ажил хаялт
Багш нарын ажил хаялт 2025 оны “ой санамж”-д яалт ч үгүй тодоор тэмдэглэгдэн үлдэх нь. Энэ нь цалингаа нэмүүлэх гэсэн багш нарын зүгээр ч нэг эсэргүүцэл бус, харин олон жилийн турш хуримтлагдсан боловсролын салбарын бодлогын алдаа, “Ковид-19”-ийн үеэс хойших хичээлийн хоцрогдол, тэгш бус орчныг бүхэлд нь илчилсэн үйл явдал байлаа.
Багш нарын ажил хаялт өнгөрсөн намар буюу “Бие даалтын долоо хоног”-той давхацсанаар улсын сургуулиуд бараг 20 гаруй хоног хаалгаа барив. 1990 оноос хойш багш нар ийм олон хоногоор ажил хаяж байсангүй. Мэдээж хэрэг хичээл, сургалт олон хоногоор тасалдсанд эцэг, эхчүүд бухимдсан. Гэвч нөгөө талаас эрх баригчид, бодлого тодорхойлогчид багш нартай хэлэлцээ хийхээс зайлсхийж, тэднийг урьдын адил үл тоосоор байсан нь тэмцлийг олон хоног үргэлжлүүлэхэд хүргэсэн гэж хэлж болно. Эцэст нь, Боловсролын сайд П.Наранбаяр багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувиар нэмэгдүүлж, 2.5 сая төгрөгт хүргэх амлалт өгснөөр зөвшилцөлд хүрч, ажил хаялтаа зогсоосон юм. Багш нар жил бүр л ямар нэгэн байдлаар ажил хаях тухайгаа мэдэгддэг байсан ч өнөө жилийнх шиг өөрсдийнхөө төлөө тэмцэж, цалин хөлсөө бодитой нэмүүлсэн удаагүй.
Хэдийгээр ажил хаялт багш нарын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадаагүй ч эхлэлийг тавьсан гэж дүгнэх үндэстэй. Учир нь энэ удаад багшийн мэргэжлийн үнэлэмж, ажлын ачаалал, боловсролын чанар, хүүхдийн сурч боловсрох эрхийн тухай асуудал ч нэгэн зэрэг хөндөгдсөн. Улсын сургуульд хүүхэд нь сурдаггүй, бодит амьдралаас “тасарчихсан” шийдвэр гаргагчид энгийн иргэдийн зовлон, багш, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг ойлгодоггүй гэдгийг ч нийтээрээ харлаа. Ямартай ч төр засгийн хариуцлагагүй байдал, багш нарын тэсвэр тэвчээрийн хязгаар тасрах огтлолцол дээр Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрх ашиг сөхөгдсөн нь ажил хаялтын “ололт” гэлтэй. Өөрөөр хэлбэл, боловсролыг бодлогын төвд тавих зайлшгүй шаардлагатайг нийгмээрээ ухамсарлаж, эрх баригчид ч үнэлэмжийг нь дээшлүүлэхээр шийдсэн нь сайн хэрэг. Гэвч зөвхөн цалин нэмэхээс илүүтэй үүний цаана байгаа “эмгэг”-ийг оношилж, эрүүлжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг ойлгосон, эсэхийг ирэх он харуулах биз ээ.
Хүчингүй болгосон балагтай заалт
Монгол Улс өнгөрөн одсон жилүүдэд ардчиллын суурь зарчим болсон хүний эрхийг хангах чиглэлээр эрх зүйн олон шинэтгэл хийж, хэрэгжүүлж эхэлсэн. Тэдгээрийн дунд алдаа дутагдал ч гарсан. Үүний тод жишээ бол Үндсэн хуулийнхаа үзэл санаатай зөрчилдсөн заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь байлаа. Тодруулбал, 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 13.14 хэмээх балагтай заалт нэмсэн юм. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол...” хэмээн нэмсний балгаар иргэдийн мэдэх эрхийг хангаж, бодит мэдээллийг уншигч, үзэгчдэдээ хүргэхээр ажилладаг сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд төдийгүй эгэл жирийн иргэд ч ялтны тоог нэмэх болсон юм. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд мэдээлэл нийтэлсэн хүн ч цагдаагийн байгууллагад дуудагдан “мөрөө мөшгүүлж, мөчөө тоолуулдаг” харгис заалтыг батлагдсан даруй буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш хэрэгжүүлж байв. Түүнээс хойш 2024 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд 1600 орчим хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 185- д эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан бол анхан шатны шүүх 98-ыг нь шийдвэрлэсэн гэсэн статистик бий. Хэрэв нэр бүхий иргэд, хуульчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсанаар 2024 оны наймдугаар сарын 1-нд маргаан үүсгээгүй бол энэ тоо илүү нэмэгдэх нь тодорхой байв.
“Илт худал мэдээлэл тараах” гэсэн ойлгомжгүй, хуульчдын дунд ч эргэлзээ төрүүлсэн энэ заалтын дагуу шалгуулж буй иргэн ч бай, сэтгүүлч ч ялгаагүй хамгийн багадаа бүтэн зургаан сар, түүнээс цааших хугацаанд цагдаагийн мөрдөгчийн үүдэнд “цагаа бүртгүүлж”, татвар, даатгалаа төлсөн, эсэхээ ч мөшгүүлдэг байлаа. Үндсэн хуулийн 16.16 дугаар зүйлд заасан “Итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх”, 16.17 дугаар зүйлийн “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах” эрхэд харшилсан энэ заалтыг Эрүүгийн хуулиас хасах зөвлөмж дэлхийн хамтын нийгэмлэгээс ирүүлсэн ч манай хууль тогтоогчид үл ойшоосоор байгаад Үндсэн хуулийнхаа шүүхэд дуудагдсан юм.
Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ умартаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл дэх “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэснийг үл ойшоон, энэ балагтай заалтыг оруулсан. Харин Эрүүгийн хуульд оруулсан энэ нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн хэмээн Цэц дүгнэснээр УИХ түүнийг эргэн харах ёстой болов.
10 жилийн дараа дахин дэгдэж, 11 хүүхдийн аминд хүрсэн улаанбурхан

Улаанбурхныг устгасан хэмээн ДЭМБаас гэрчилгээ гардсанаас хойш 10 жилийн дараа манай улсад уг өвчин дахин дэгдэж, 11 хүүхэд нас барав. Энэ сарын 24-ний байдлаар улаанбурхнаар нийт 13 737 хүн өвчилсний 11 369 нь Улаанбаатар хотод, 2363 нь орон нутагт бүртгэгджээ. Уг өвчний анхны тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирснээс хойш өвчлөл тогтмол бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлэгсэд байсаар байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудаснаас харж болно. Өчигдөр гэхэд 18 тохиолдол шинээр батлагдсан нь бүгд орон нутгийнх байв. Одоогоор ХӨСҮТ-д 10, орон нутагт 20 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас гурвынх нь биеийн байдал хүнд байна.
Амьсгалын замаар болон зөөвөрлөгдөн халдварладаг эл өвчин манайд 2015 оноос хойш бүртгэгдээгүй байсан ч энэ удаа олон хүүхдийн аминд аюул учруулсан тул эрүүл мэндийн салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, дархлаажуулалтыг идэвхжүүлсэн билээ. Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин. Гэвч өвчилсөн хүүхдүүдийн олонх нь дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл тун дутуу байв. Өөрөөр хэлбэл, өвчлөгсдийн олонх буюу 5141 нь 10-14 насныхан байсан нь анхаарал татаж буйг эрүүл мэндийн байгууллагынхан онцолсон. Эдгээр насныхан багадаа улаанбурхнаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдсан ч вакцины хамгаалах чадвар суларсантай холбоотой аж. Иймд Засгийн газрын зургаадугаар сарын 25-ны хуралдаанаар уг өвчний дэгдэлтийг зогсоох, оношилгоо, нөхөн дархлаажуулалтад шаардлагатай таван тэрбум төгрөгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлсэн.
2015-2016 онд улаанбурхан дэгдэж, 53 737 тохиолдол бүртгэгдэн, 132 хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсныг дурдах хэрэгтэй. Үүнэээс сургамж авч, сэрэмжтэй байх, дархлаажуулалтдаа хамрагдах ёстойг энэ удаагийн хоёр дахь томоохон дэгдэлт сануулав. Тухайн үед өвчлөгсдийн олонх нь 0-2 настай хүүхдүүд байсан бол эндэгдлийн 90.7 хувь нь 0-1 насныхан байжээ. Үүнээс үзэхэд улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд голдуу өвдөж, нас барсан байна. Энэ жил мөн л эндсэн хүүхдүүдийн олонх нь вакцин хийлгээгүй байжээ. Устгасан хэмээн сэтгэл тайван байтал дахин дэгдэж, бага насны хүүхдүүдийн аминд эрсдэл учруулсан нь эл өвчин аюултай хэвээр байгааг ахин санууллаа.
Үндсэн хуулиа үл тоосон төрийн өндөр албан тушаалтнууд

Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан ч улиран одож буй онд хууль тогтоогч УИХ-ын гишүүд үүнийг үл ойшоов. Үүнийг баталсан хэд хэдэн бодит жишээ бий. Хамгийн түрүүнд дуулиант “Хөгжлийн банкны” гэх хэрэгт ял шийтгүүлсэн атлаа ширэн нүүрлэж суугаа Баянхонгор, Архангай, Өвөрхангайн сонгогчдын төлөөлөл болсон Дав.Цогтбаатарыг нэрлэж болно. Одоогоос яг нэг жилийн өмнө уг хэргийг Улсын дээд шүүх эцэслэн хянан шийдвэрлэснээр түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ялыг биелүүлэх ёстой болсон юм. Ингэснээр Дав.Цогтбаатарыг УИХын гишүүнээс чөлөөлж, ялыг нь эдлүүлэх асуудал улирч буй оны хавраас эхлэн хөндөгдсөн. Харамсалтай нь, тухайн үеийн УИХ дарга Д.Амарбаясгалан ч, өнөөгийн Н.Учрал ч шүүхийн хүчин төгөлдөр болсон эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар нэг ч алхам хийсэнгүй. Уг нь УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдсэн нь гарцаагүй үнэн. “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар”-т “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол” гэдэг нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болохыг ойлгоно. “Улсын Их Хурал түүнийг гишүүнээс эгүүлэн татна” гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсоныг ойлгох бөгөөд ийм нөхцөлд УИХ-ын тухай хуулийн 9.2-т заасны дагуу гишүүнээс эгүүлэн татах тогтоол гаргаж, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгоно” хэмээн тайлбарласан байдаг.
Түүний нэгэн адил УИХ-д тохой залган суугаа нөхөд нь ч хуулийг үл ойшоож, эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэв. Өөрөөр хэлбэл, тагнуул, цагдаа, АТГ-т шалгуулж, яллагдагчаар татагдсан хэд хэдэн гишүүн хуулийн байгууллагынхныг дуудахад очихгүй гүрийж буй. Тодруулбал, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн ард түмнийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Э.Болормаа хууль зөрчин, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авсан нь батлагдаж, түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 14.5 дахь хэсгийн “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан. Гэвч тэрбээр уг тогтоолтой танилцахгүй, элдэв шалтаг тоочсоны эцэст НПГ-т очиж тогтоолтой танилцан, гарын үсэг зурсан юм.
Яг түүнтэй адилаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мөн л яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй тагнуулын мөрдөгчидтэй “муур, хулгана болж тоглож” байна. Түүнийг УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахын тулд Үндсэн хуульд зааснаас өөр томьёоллоор санал хураасан, өмнөх өдрийн ирцээ өөрчлөөгүй зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 19.2 дахь хэсэгт заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг өдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгаж, прокурорын байгууллагаас яллагдагчаар татах тогтоол баталсан аж. Харамсалтай нь, Х.Булгантуяа хууль хяналтынхны ажлыг үл тоож байгаагаас шалгалтын ажиллагаа удаашраад буй гэнэ.
Ийнхүү 126 гишүүнтэй парламентаас хоёр эмэгтэй гишүүн нь эрүүгийн хэрэгт шалгуулж, нэг ялтан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл ойшоож, Р.Сэддорж, Б.Бейсен, Н.Наранбаатар тэргүүтэй яллагдагчдын хэрэг хууль сахиулах байгууллагын ажилтнуудын шүүгээнд тоосонд дарагдсаар нэгэн оныг улираав. УИХ-ын гишүүн болоод Төрийн сүлдэнд өргөсөн “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна” хэмээснээ зөрчиж, эрх тэгш байх зарчмыг алдуулж буйг ирэх жилүүдэд засах биз ээ.
20 жил дуншсан хоёрдогч том гэрээ
Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн үндсэн хөрөнгө оруулагч “Орано майнинг”-тай энэ оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Ингэснээр цөмийн эрчим хүчний түүхий эд ураны хүдрийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас олборлох юм. Тодруулбал, ураны хүдрийг газар доор уусган баяжуулах аргаар боловсруулж шар нунтаг болгон, жилд 2500 орчим тонныг экспортлох боломж бүрдүүлсэн. Францын 66, Монголын 34 хувийн хөрөнгө оруулалттай “Бадрах энержи” компани нь манай оронд 1997 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 2006-2010 онд Зөөвч-Овоо, Дулаан уулын ордыг нээн, хөрөнгө оруулж, тогтвортой олборлолт хийх хүсэлтээ Засгийн газарт тавьжээ. 2006 онд ордоо нээсэн гэвэл бараг 20 жилийн дараа Монгол Улс гуравдагч хөрштэй, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны далайцаар “Оюутолгой” төслийн дараа хоёрдугаарт жагсах, гэрээ байгууллаа. Энэ хугацаанд ураны хор нөлөө их учраас олборлуулахгүй гэсэн орон нутгийнхан болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй удаа дараа тулж, жагсаал цуглааны сэдэв болсон ч “галт тэрэг нэгэнт хөдөллөө”. Талууд ч сүүлийн хоёр жилийн турш хэлэлцээрийн ширээнд суун, тохиролцох шаардлагатай 400 гаруй санал хэлэлцэн, гэрээг үзэглэхээр зөвшилцсөн гэдэг.
Франц улс цөмийн түлш боловсруулахад ураны шар нунтгийг ашиглах бөгөөд өөрсдийн төдийгүй Европын найман орныг цэвэр эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахаар зорьж буй. Уг төслөөс Монгол Улс 51 хувийн шууд ашиг хүртэн төслийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаанд таван тэрбум ам.долларын орлого олж, орон нутгийн хөгжлийн санд 44 сая “ногоон” төвлөрүүлэхээр тооцсон. Мөн үүнийг дагалдан 1600 орчим ажлын байр бий болох аж. Манай оронд одоогоор 192 000 гаруй тонн ураны хүдрийн нөөц бүртгэгдсэн нь дэлхийн нийт нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр 10 дугаарт эрэмбэлэгдэж буй. Түүнчлэн Зөөвч-Овоогийн орд нь олон улсад сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ордын нэг. Ташрамд дурдахад, “Бадрах энержи” компани нь одоогоор Улаанбадрах сумын нутаг дахь үйлдвэрийн дэд бүтэц, барилга, байгууламжийн ажлын төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусаад, холбогдох төрийн байгууллагуудад нь хүлээлгэн өгч эхэлжээ. Боловсруулах үйлдвэрээ 2028 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөснөө мэдээллээ.
Улаан буудайг “уруудуулах” бодлого
Манай улсад атар газар эзэмшин, газар тариалангийн бие даасан салбар хөгжөөд 66 жил боллоо. Энэ хугацаанд бид улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, хүнсний ногооныхоо 50-60 хувийг тариалж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт сайжирсан. Түүнчлэн тариалангийн талбай, нэгжээс авах ургацын хэмжээгээ өсгөн, экологийн цэвэр улаан буудай, гурил экспортолно хэмээн өндөр зорилт тавьсан. Улмаар Ерөнхийлөгчийн санаачилгаар 2023 оноос “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, хүнсний салбар дахь импортын хамаарлыг халахаар “зориг шулуудсан”. Гэтэл өнгөрсөн намар 253 000 тонн улаан буудай хураан авсан нь 2021 оноос хойших хамгийн бага дүн боллоо. Мөн нийт хураасан ургацын хэмжээ 2024 оныхоос даруй 40 хувиар буурлаа. Үүнд цөөнгүй хүчин зүйл нөлөөлсөн гэнэ. Тухайлбал, 5-7 дугаар сард тариалангийн бүс нутгаар гантай байсан учраас тариа, ногоо соёолж чадалгүй “үхсэн” гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн жил ирэх бүр тариалангийн талбайн хэмжээ буурч, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний тоо ч цөөрч буйтай холбоотой аж. Тодруулбал, 2021 онд 1617 иргэн, аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж байсан бол эл тоо тогтмол буурсаар энэ онд 1330 орчим болжээ. Энэ нь төрөөс газар тариалангийн салбарт тогтворгүй бодлого баримталдаг, улс төрийн ашиг сонирхолтой гэнэтийн шийдвэр гаргадаг, стратегийн хүнс болох гурил, улаан буудай импортын татварыг чөлөөлдөг, буудайн үрийг ч их хэмжээгээр гадаадаас худалдан авч ирсэн зэрэгтэй холбоотой хэмээх хүн олон. Төрийн албанынхны иймэрхүү буруу шийдвэрүүд нь дотоодын үйлдвэрлэгчид, тариалан эрхлэгчдийг урт хугацаанд тогтмол өсөлттэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Уг нь дээр дурдсанчлан газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, илүүдсэнээ экспортлох амбиц байсан ч “Хүнсний хувьсгал” хийгээд хоёр жилийн дараа л тариалангийн салбарын хөгжил уруудлаа. Улаан буудайн хэмжээ багасна гэдэг улмаар гурилын үйлдвэрлэл буурч, импортын хамаарлыг улам тэлнэ гэсэн үг. Уг нь газар тариалангийн салбарыг дэмжихээр багагүй хэмжээний зээл олгодог бөгөөд сүүлийн хоёр жилд 3000 орчим аж ахуйн нэгж, иргэнд 1.2 их наяд төгрөг зарцуулжээ. Харин 2025 онд ургац алдсан учраас иргэн, аж ахуйн нэгжүүд 2023-2025 онд авсан зээлээ төлж чадахгүйд хүрч эргэн төлөлтийг нь зургаа хүртэлх сараар хойшлуулахаар болов. Үүнд шаардагдах 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас гаргах юм.
Азид гаргасан амжилтын жим

Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт монголчуудыг догдлуулж, суудлаас нь өндөлзүүлсэн. Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид финалд олимпын наадмын түрүү, Европын болон Ази тивд тэргүүлдэг шилдэг багуудыг хожиж, медальгүй буцаасан түүхэн үйл явдал дэлхийн үзэгчдийг гайхшируулав. Манайхан нутгийнхаа талбайд Европын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Нидерландын шигшээ багийг буулгаж авах нь гол зорилго байлаа. Манай охид шийдвэрлэх “тулаанд” хүндхэн учраатай таарсан ч амархан ялагдаагүй. Бүх боломжоо шавхан тэдэнтэй тэмцэж, зургаан оноогоор (15:9) хожигдон мөнгөн медаль гардсан нь тивийн орнуудын хувьд ойрд дуулдаагүй томоохон амжилт байсан юм.
Дэлхийн сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн “Монголчууд багийн спортод ойрын 50 гаруй жилд амжилт гаргахгүй” хэмээн дүгнэсэн тоомжиргүй хандлагыг өөрчилж, эх орныхоо дэвжээнд хүчтэй өрсөлдөгч болсноо батлан харуулж, шилдгүүдийн эгнээнд багтав. Өөрийн багийг дэмжсэн олон орны үзэгчид сагсан бөмбөгийн түүхэнд таавар эвдсэн, хамгийн сонирхолтой тоглолтыг манай охидоос харсан биз ээ. ДАШТ-ий талбараас үнэ цэнтэй ирсэн мөнгөн медаль монголчуудыг нэгэн зорилгын төлөө хамтдаа урагшилж чаддагийг харуулсан гайхалтай шагнал байв. Олимпын наадмын багийн спортын төрөлд багтсан 3X3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын анхны медалийг Азийнхнаас Монголын эмэгтэй тоглогчид хүртэн анхдагч түүчээ нь болж, амжилтын жим гаргав. Тэдний тоглолт хүүхэд залууст энэ спортоор хичээллэх хүсэл, мөрөөдлийг улам их төрүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэмцээн өндөрлөсний дараа Нидерландын шигшээгээс Нортже Дриссен, Монголын багаас О.Хулан, Канадынхаас Сайча Грант Алленыг “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодруулж, шагнал гардуулсан билээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ амжилтаа ахиулж тэргүүлсэн бол Канадын тоглогчид хүрэл медальтай нутгаа зорьсон юм.
Шоу ба аялал жуулчлалын шинэ давлагаа

“Netflix” болон БНСУ-ын MBC телевизийн хамтран бүтээсэн “Physical: Asia” шоу нэвтрүүлэгт манай тамирчид амжилттай оролцож, дэд байрт шалгарсан нь эх орноо олон улсад сурталчилсан чухал үйл явдал боллоо. Энэхүү амжилт нь монголчуудын бие бялдрын онцлогийг харуулаад зогсохгүй Азийн болон дэлхийн зах зээлд үр дүнтэй маркетинг болов. Ингэснээр Монголыг зорихоо илэрхийлсэн үзэгчдийн сэтгэгдэл цахимаар хөвөрч, аялал жуулчлалын шинэ давлагааг эхлүүлж мэдэхээр байна. Уг шоунд улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн болон жүдоч О.Адьяасүрэн, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир нар эх орноо төлөөлөн оролцсон юм. Дэлхийн 46 оронд хамгийн олон хүн үздэг тус нэвтрүүлгээр монгол хүний тэсвэр хатуужил, оюуны чадавхыг эцсийн шат хүртэл харуулсан нь гадаад, дотоодын олон зуун сая үзэгчийг байлдан дагуулан юм. Түүнчлэн олон нийт ССАЖЗЯ-ныхан улсын төсвөөс хэдэн зуун сая төгрөг зарлагадаад ч хийж чадаагүйг тамирчин залуус биелүүлчихлээ хэмээн сайшааж байв.
Манай тамирчдын хурд хүч, авхаалж самбаа, спортын мэдрэмж, сахилга бат, багийн ажиллагаа, хариуцлагатай байдлыг ийнхүү өндрөөр үнэлснээр “Physical: Asia” төслийн багийнхан “Welcome to Mongolia” хэмээх шинэ нэвтрүүлэг бүтээх болсон юм. Ирэх сарын 2-нд олны хүртээл болгох эл нэвтрүүлгээр дамжуулан Монгол орны байгаль, нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг дэлхий нийтэд харуулах аж.
Үүнтэй зэрэгцэн цахим спортын төрөлд эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй “MongolZ” багийн амжилтыг ч онцлох нь зүйтэй. Тэд зах хязгааргүй цахим ертөнцөд оюун ухаан, хурд хүч, багаар ажиллах чадвараа гайхуулж байна. Тус баг дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол тэргүүлж, Монгол хэмээх нэрийг олон улсад сурталчилсаар ирсэн. Тухайлбал, “MongolZ”-ынхон цахим спортын хамгийн том төрөл болох “Counter-strike-23 (CS2)-ийн дэлхийн чансааны эхний 10-т сүүлийн хоёр жил дараалан бичигдэж, Ази тивийн үнэмлэхүй аварга гэдгээ нотолсон юм
Эцэст нь, “Physical: Asia” шоу нэвтрүүлэг болон “MongolZ” багийн амжилт аялал жуулчлалын салбарын бүтцийг ч өөрчилж мэдэхээр байна. Өмнө нь манай улсыг зорих жуулчдын дийлэнх хувийг хөрш орны иргэд бүрдүүлдэг байсан бол өдгөө “Netflix” болон цахим спортын ачаар дэлхийн өнцөг булан бүрээс, тэр дундаа өрнөдийн орнуудаас ирэх жуулчид нэмэгдэх хандлагатай гэж салбарын ажиглагчид үзэж байна.