“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж буй. Энэхүү төлбөр төлөх хэлбэрийг гурван жилийн өмнө буюу 2022 оноос эхлэн цахимд шилжүүлсэн. Улсын хэмжээнд 33 төлбөр авах цэг байгаагаас өнөөдрийн байдлаар 12 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулжээ. Жолооч нарын хувьд бүрэн мэдээлэлгүйн улмаас зам ашигласны төлбөрөө цахимаар төлөөгүй тохиолдлууд байгааг албаныхан хэлж байгаа юм. Уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг. Улмаар их хэмжээний хуримтлал үүсээд байгаа аж. Тиймээс он гараад алданги тооцож эхэлнэ гэдгийг албаныхны зүгээс хэлж байна.
Тодруулбал, жолооч нар он гарахаас өмнө зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна.
Хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд 900 мянга гаруй иргэн алданги тооцуулахаар байгаа ажээ. Жолооч нарын төлсөн уг мөнгөөр улсын хэмжээний нийт засмал замын засвар арчлалтыг хийдэг гэнэ.
Тиймээс иргэдийг www.ezam.mn болон E-Mongolia системээр нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг сануулав.