Улирч буй онд дэлхийн улс төр, нийгмийн байдал тогтворгүй, хуйсганасан ч шинжлэх ухаан, технологийн салбар онцгой амжилтуудаар дүүрэн байлаа. Мөн байгаль, экологийн салбарт далайцтай үйл явдал цөөнгүй өрнөсөн, амьтан хамгааллын чиглэлд огцом эргэлтүүд хийсэн сайхан жил боллоо, 2025 он. Түүнчлэн ёс зүйтэй, шинэ эринийг эхлүүлэхэд түлхэц болсон нийгмийн нөлөөллүүдийг олон оронд өрнүүлсэн жилээр энэ оныг нэрлэж болно. Дэлхий гаргийнхан хийсэн, бүтээснээ дүгнэж буй энэ цаг мөчид 2025 оны онцлох 10 үйл явдлыг олон улсын хэвлэлүүдэд тулгуурлан тоймлон бэлтгэлээ.
Дахин сонгогдсон Ерөнхийлөгчийн “сум” ба дэлхийн эдийн засгийн чирэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн нь 2025 оны онцлох үйл явдлын нэг мөн. Нөгөөтээгүүр, түүний улс төрийн хүрээний шийдвэрүүд дэлхий нийтэд эерэг, сөрөг олон янзын “гал” өрдсөн нь ч энэ оны хувьд хоёр туйлт онцлох үйл явдал байв. Нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Д.Трамп нэгдүгээр сард бүрэн эрхийнхээ хугацааг дөнгөж эхлүүлээд дэлхийн “хаан болж” баахан хоригоор олон улсыг чирэгдүүлэв. Дотоодын худалдааны алдагдлыг бууруулах, өөрийн орны үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг зорилготой хэмээн тодотгож, эхлүүлсэн түүний худалдааны дайны шуурганд БНХАУ хамгийн түрүүнд өртсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнд нь нэмэлт татвар ногдуулсан. Д.Трампын эхний засаглалын үед буюу 2018 оноос эхлэлтэй хоёр орны эдийн засгийн зөрчилдөөн ийнхүү хурцадсан. Тодруубал, АНУ энэ оны 2-4 дүгээр сард Хятадын импортын гаалийн татварыг 10-50 хувиар нэмсний хариуд Си Зинпиний засаг захиргаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нь 10-15 хувийн татвартай нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
АНУ, БНХАУ тавдугаар сард харилцан тарифын бодлогоо эргэн харж, цуцлахаар тохиролцсон ч одоогоор “зөөлрөөгүй” байна.
Д.Трампын худалдааны дайны дараагийн “сум” Канад, Мексикт хүрч 25 хувийн татвар ногдуулсан. (Үүнийг түр түдгэлзүүлсэн). Цаашлаад Европын Холбоо, Вьетнам, Энэтхэг, Япон Улс гэхчлэн толгой дараалан АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн нэмэлт татвартай нүүр тулав. Эдийн засагчид үүнийг худалдааны цуврал мөргөлдөөн хэмээн тодорхойлжээ. Ердөө хоёр сарын өмнө Д.Трамп дахин Хятадыг “онилон” арваннэгдүгээр сараас импортод нь 100 хувь нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдсэн нь ховор металлын экспортыг чангатгах Бээжингийн шийдвэртэй холбоотой. Үүний хариуд Хятад Америкийн компаниудын эзэмшдэг, ажиллуулдаг хөлөг онгоцнуудад ногдуулдаг боомтын хураамжаа шинэчлэхээ мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ мэт шийдвэрүүдээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн зах зээл байнга бууралттай байгааг шинжээчид сануулсаар ирсэн. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоо 3.1-ээс 2.9 хувь болгон бууруулсан бол АНУ-ын хувьд энэ тоо 2.2-оос 1.6 руу оржээ. Өнгөрсөн аравдугаар сард S&P 500 (Америкийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй арилжаалагддаг, зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй 500 компанийн хувьцаанаас бүрдсэн индекс) 2.7 хувиар буурсан нь өмнөх хагас жилээс хойших хамгийн огцом үзүүлэлт.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон Д.Трампын шийдвэрийг “харгис” гэсэн бол Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Дэлхийн эдийн засагт ноцтой цохилт боллоо. Үр дагавар нь дэлхийн сая сая хүнд гамшиг авчирна” гэж онцолсон. Олон улсын шинжээчид “Ялангуяа худалдааны тариф нь дэлхийн нийлүүлэлтийг тасалдуулж, тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Инфляцийг өрдөж, импорт болон түүхий эдийн өртгийг нэмэгдүүлсэн тарифийн эсрэг улс орнууд хариу арга хэмжээ авснаар олон улсын худалдааны эргэлтийг улам бууруулсан. Түүнчлэн экспорт болон худалдааны хэмжээ буурснаар Америк төдийгүй түнш орнууд хөдөлмөрийн зах зээлийн алдагдалд хүрсэн” гэж дүгнэж байна.
Шинэ үеийнхний нэхсэн ёс зүйн “шүүх”
БНСУ бусдыг дээрэлхдэг иргэдийг жигших, ерөнхий боловсролын сургуулийн намтартаа ийм хар толботой бол их, дээд сургуулиудад сургахгүй байх жишгийг дэлхий нийтэд тогтоолоо. Сингапур Саудын Араб хар тамхины наймааг нийгмийн гамшигт тооцон цаазын ялыг “харамгүй хүртээж” байгаа нь энэ аюулаас ялангуяа залуу үеийнхнийг холдуулах, сэрэмжлүүлэх том дохиог олон улсад хүргэв. Британийн хүний эрхийн “Reprieve” байгууллагын мэдээлснээр Саудын Арабт энэ жил гадаад, дотоодын 347 хүн ялын дээд хэмжээ авсны олонх нь хар тамхитай холбоотой. Хэдийгээр хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөж байгаа ч энэ нь нийгэмд мансууруулах бодисыг үл тэвчихийг уриалсан мессеж. Олон улсад шинэ залуу үеийнхэн нийгмээ шударгад уриалсан давлагаа эхлүүлсэн нь нэг талаас улс төрийн тэмцэл мэт боловч нөгөөтээгүүр ёс зүй нэхсэн “шүүх” юм. Балбын нийслэл Катмандугаас эхлэлтэй өсвөр, залуу үеийнхний нийгмийн тэгш бус байдлыг халахыг шаардсан жагсаал хил дамнан “халдварлаж”, Мадагаскар, Марокко, Кени, Мексик, Парагуа гэхчлэн олон орныг хамарсан юм. Нийгэм, улс төрд “GenZ protest” хэмээх шинэ хандлага бий болсныг дэлхийн хэвлэлүүд алга ташин онцолж байна. Энэ онд хүүхэд, залуучуудыг хамгаалах бодлогоор Өмнөд Солонгос, Швед улс онц байлаа, тэндхийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглосон. Тэгвэл Тайланд, Чехэд хүүхдүүдэд бие махбодын шийтгэл ногдуулахыг хуулиар хориглов.
Олон толхилцооны огтлолцол
Энэ оны онцлох үйл явдлаар дайн, мөргөлдөөнийг нэрлэж буй нь харамсалтай. Биднийг тээж буйн “төлөөсөндөө” дайн тулааны галд түлэгдэж, буй дэлхий дээр өнөөдөр “Орос-Украины, Израил-Палестины, Сирийн, Суданы, Хаитийн, АНУ-Мексикийн, Мьянмарын, Энэтхэг-Пакистаны” гэх мэт тодотголтой дайн, тулаан, цэргийн ажиллагаа, геополитикийн хурцадмал, хямралтай нөхцөл байдал намжаагүй л байна. Энэ их зөрчил, толхилцооны огтлолцол нь харилцан тохиролцох, гал зогсоох, эвлэрэл бөгөөд ийм оролдлогуудыг талууд болон гуравдагч орнуудын тусламжгүй цөөнгүй хийж чаджээ. Гэсэн хэдий ч геополитикийн хувьд маргаантай зарим мөргөлдөөнийг эцэслэх арга зам хараахан алга. Хэд хэдэн мөргөлдөөний галыг намжаахад “өнөөх Трампын санал санаачилга их байсан” гэж өвгөн удирдагч өөрийгөө дөвийлгөж “Нобель” горилсон. Гэвч 2022 оны хоёрдугаар сараас хойш үзэлцэж буй Орос, Украиныг энэ онд зөвшилцөлд хүргэхээр хэдэнтээ хичээсэн ч тоймтой үр дүнд хүрээгүй. Оросын хувьд “цэргийн тусгай ажиллагаа”, Украин харин “Украины аугаа эх орны дайн” гэж нэрлэсэн эл үйл явц ирэх онд эцэслэх, эсэх талаар шинжээчид нааштай таамаг дэвшүүлж байгаа ч үнэндээ энэ нь хоёр талын бус, тив, дэлхийн улс төрөөс хамаарсан том “мөөгний хүрээ” гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Юутай ч үүрэгт албандаа очсоноосоо хойш 24 цагийн дотор “Орос, Украины мөргөлдөөнийг зогсооно” гэж ам бардам мэдэгдсэн АНУ-ын тэргүүн, 78 настай Д.Трамп 2025 он халаагаа өгөхөөс найм хоногийн өмнө буюу энэ сарын сарын 23-нд Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Украин, Оросын хоорондох хэлэлцээр хэвийн үргэлжилж байна. Бид үүнийг эцэслэн шийдэж чадна” гэсэн ч нөхцөл байдал шийдэгдээгүй, гурван талт уулзалт хэзээ болох нь ч тодорхойгүй хэвээр. НҮБ-ын мэдээллээр өнгөрсөн 3.5 жилд 7.5 сая хүн Украинаас дүрвэж, хоёр талын амь үрэгдэгсдийн тоо барагцаагаар 27 000 болжээ.
Энэ онд дэлхийг цочирдуулсан өөр нэгэн цуст мөргөлдөөнийг 1979 оны Исламын хувьсгал хүртэл холбоотон байсан Иран, Израил өдөөв. Израил Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг гэж шүүмжилсэн бол Тегераны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израил улсыг үндсээр нь устгана” хэмээсэн. Эл мөргөлдөөний улмаас брент төрлийн газрын тосны үнэ хэдхэн хоногт 20-иод хувиар өссөн. Азаар сөргөлдөгч талуудыг “эвлэрүүлэх” зөвшилцөл амжилттай болсон бөгөөд хэрэв удаан үргэлжилсэн бол дэлхийн эдийн засагт том цохилт ирэх байсныг шинжээчид тэмдэглэжээ. Өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын төрийн тэргүүн “Иран, Израил хоёр гал зогсоох хэлэлцээрт хүрсэн” гэж мэдэгдэв. Тохиролцооны дараа Иран ч, Израил ч ялалтаа зарлаж, Вашингтон Тегераны цөмийн хөтөлбөрийг устгасан талаараа мэдээлсэн.
Газын зурвас энэ онд мөн л донсолгоонтой байлаа. Гэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу шахалт, Д.Трампын 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний үр дүнд хоёр тал тохиролцоонд хүрч, 2023 оноос эхлэлтэй Израил, ХАМАС-ын дайнд цэг тавьсан нь энэ оны нэгэн том амжилт. 2023 онд ХАМАС-ын удирдсан Палестины зэвсэгт бүлэглэлүүд Израилд нэвтэрч, пуужингууд харваснаас үүдэлтэй мөргөлдөөний үеэр 1200 израил хүн амь үрэгдэж, 251 иргэн барьцаалагдсан. Тэгвэл ХАМАС бүлэглэл Газын зурваст хоёр жил гаруй хугацаанд олзлогдсон израилчуудаас амьд үлдэгсдийг гэрээний дагуу өнгөрсөн аравдугаар сард чөлөөлөв. Үүний хариуд Израилийн шоронгоос 2000 орчим палестин хүнийг сулласан юм. Эл халдлага дэлхийн II дайны Холокостоос хойш еврейчүүдийг олноор нь хөнөөсөн тохиолдол гэж олон улсын шинжээчид тодорхойлдог. Харин Арабын дийлэнх улс эл мөргөлдөөнд Израилийг буруутгадаг нь Палестины нутаг дэвсгэрийг эзэлсэнтэй холбоотой гэж үздэг.
Алт “тэнгэрт” гарч, дижитал валют “амилав”
Алтны үнэ 1979 оноос хойш түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байсныг шинжээчид онцлов. Өнгөрсөн есдүгээр сард “тэнгэрт” гарсан алтны үнэ унц нь 4435 ам.доллар давсан нь олон улсын төвбанкууд шар металлын нөөцөө нэмэгдүүлэх бодлоготой нь уялдаатай. Тэгвэл “Ройтерс”-ын уржигдар буюу энэ сарын 23-ны мэдээллээр алтны үнэ унц тутамд 4497.55 ам.долларт хүрч, дахин өсжээ. Олон улсад санхүүгийн арилжааны үйлчилгээ үзүүлдэг онлайн брокер “KCM Trade”-ийн шинжээч “Алтны энэ удаагийн өсөлт нь АНУ болон Венесуэлийн хурцадмал байдалтай холбоотой” гэж тэмдэглэв.
“Шарыг” дагаад мөнгө хэмээх металлын үнэ ч суга өсөж, унц нь 62 ам.долларт хүрсэн нь мөн л түүхэн дээд амжилт. Хэд хоногийн өмнөх үзүүлэлтээр мөнгөний үнэ мөн л өсөж, унц нь 69.98 ам.долларт хүрэв.
Олон орны төвбанк дижитал валютыг энэ онд бодитоор нэвтрүүлснийг эдийн засгийн шинжээчид онцолсон байна. 10 гаруй жилийн өмнөөс Швед, Хонконг, Хятад, Нигери зэрэг цөөхөн улс энэ хэлбэрийг туршиж эхлэхээр төлөвлөснөө зарлаж байв. Ирээдүйн төлбөрийн хэлбэрт тооцогдож байсан дижитал валют өнөөдөр дэлхий нийтийн практикт хэдийнэ нэвтэрлээ. Энэ нь төлбөр тооцооны орчныг өөрчилж, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх санхүүгийн шинэ эринд хөтлөх систем тул ийнхүү онцлох шалтгаан аж.
Хүний эсийн хэмжээтэй робот, хиймэл оюуныг зохицуулах хууль
Шинжлэх ухааны олон салбарт тэсрэлт болсон нээлтүүдтэй, шинийг таниж, тайлсан энэ оны онцлох эхний мэдээ одон орон судлалд хамаарна. Дэлхийгээс 124 гэрлийн жилийн зайд орших улаан одой од K2-18-ыг тойрон эргэлдэх K2-18b экзопланет (нарны аймгийн гадна орших гариг)-ын агаар мандалд усны уур, нүүрстөрөгчийн давхар исэл, метан илрүүлсэн. Энэ нь дэлхийтэй ижил амьдралтай гараг байхыг үгүйгэхгүй гэсэн байр суурьтай эрдэмтэн цөөнгүй байна. Сансар судлалын хүрээнд Америкийн “Blue Origin” компани хоёр онцлог нислэг зохион байгуулсан юм. “New Shepherd” хөлгөөр дуучин Кэти Перри нарын зургаан эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард сансарт ниссэн (суборбитал өндөрлөгт) бол хэд хоногийн өмнө Европын сансрын агентлагийн инженер, тэнгэнцэртэй эмэгтэй энэ салбарын түүхэнд шинэ хуудас нэмсэн.
2025 оны робот техникийн ололтууд дэлхий нийтийг гайхшируулсан. Хүний эсийн хэмжээтэй наномоторуудаас эхлээд ойрын ирээдүйд хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн орших төмөр “нөхдийн” чадварууд төгс байна.
Хиймэл оюуны хөгжлийн шинэ үед шилжсэнийг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр эерэг, сөрөг талууд байгааг судлаачид тэмдэглэсэн. Хамгийн гол нь дипфэйк буюу хуурамч мэдээлэл, хувийн мэдээллийн хамгаалалт, ёс зүйн асуудал хурцаар тавигдаж байна. Хэдэн жилийн өмнөөс дэвшүүлсэн робот техникүүд, хиймэл оюуныг зохицуулах эрх зүйн асуудлуудыг энэ онд онцгойлон эрчимжүүллээ. Европын Холбоо энэ талын хуулийг анхлан батлав. Ташрамд өгүүлэхэд, “Тайм” сэтгүүл 2025 оны “Онцлох хүн”-ээр хиймэл оюун ухааныг өргөмжлөхөөр төлөвлөжээ.
Амьтдыг хамгаалах нь хүн төрөлхтнийг хамгаалахтай адил үнэ цэнтэй
Байгаль дэлхийг хамгаалах чиглэлд хүн төрөлхтөн олон ажил хийжээ, энэ онд. Олон орны Засгийн газар хүрээлэн буй орчин, амьтан ургамлын талаарх бодлогоо эргэн харж, хүнлэг энэрэнгүй шийдвэрүүдийг шил дараалан гаргасан гайхалтай жилийг бид үдэж байна. Нохойг гинжлэхийг хориглосон, амьтан тэжээх бол гэр бүлийн гишүүнд тооцох, амьтдын сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах гэхчлэн олон хууль мэндлэв. Хүн төрхт сармагчингуудыг ялангуяа сэтгэл зүйн туршилтуудад хамруулахыг хориглов. Мал, амьтанд харгис ханддаг уламжлалыг халах оролдлогууд ч гарлаа. Циркийн хөтөлбөрөөс амьтдын үзүүлбэр үүрд хасагдах сайхан эхлэл тавигдсан нь хамгааллын чухал алхам болов. Тэгвэл онгон байгаль дахь амьтдыг мөхлөөс аврах, хамгаалах тал дээр онцгой амжилтуудыг энэ онд бүртгэсэн. Мөхлийн ирмэгт ирсэн ногоон яст мэлхий зэрэг амьтан өдгөө алзахгүй болсон. Устаж үгүй болох аюулд орсон төрөл, зүйлийн улаан жагсаалтыг шинэчиллээ. Энэ бүхэн алга таших онцгой амжилт билээ. Ирэх оноос хүчин төгөлдөр болох задгай тэнгисийг хамгаалах анхны гэрээг соёрхон баталлаа. Энэхүү гэрээ нь бусад арга хэмжээний хамт биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын хүрээг бий болгож байна.
Гений эмгэгийг засах үсрэлт
Биотехнологийн чиглэлд үсрэлттэй жил байлаа. Орос эмч нар 2023 оны химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн нээлтэд үндэслэсэн технологийг хорт хавдын эмчилгээнд ашигласан нь онцгой үр дүнд хүрчээ. Тэгвэл наймдугаар сард америк эрдэмтэд ховор тохиолддог өвчтэй нярайн ДНХ-ийг амжилттай хуулбарлаж, генетикийн эмгэгийг эмчилсэн. Тодруулбал, энэ нь анх удаа гений засварлах эмчилгээ хийсэн тохиолдол. Эрүүл мэндийн салбарын өөр нэг сайн мэдээ нь ХДХВ-ний халдвараас хамгаалдаг тарилгыг АНУ-д баталсан. 2021 онд уг эмийг клиник туршилтад хамруулсан. Өнгөрсөн жил туршилтын төгсгөлийн талаарх үр дүнг “Science” сэтгүүл танилцуулж, оны шинжлэх ухааны шинэ нээлт гэж нэрлэсэн бөгөөд 100 хувийн үйлчилгээтэй гэж мэдээлсэн юм. Энэ бүхний эцэст эмнэлгийн практикт хэрэглэхээр зургаадугаар сард баталсан бөгөөд Африкт анх удаа худалдаанд гаргажээ. ДЭМБ эл халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ленакапавир” хэмээх эл тарилгыг зөвлөж байна.
Хүлэмжийн хийн ялгаруулалт буурах хандлагатай
2025 он сүүлийн 176 жилийн түүхэн дэх хамгийн халуун 11 жилийн нэгээр бүртгэгдэв. Энэ жилийн арваннэгдүгээр сар түүхэн дэх хамгийн дулаан сар болсон нь Канадын хойд хэсэг болон Хойд мөсөн далайн бүсэд онцгой мэдрэгдсэн талаар Коперникийн шинжлэх ухааны төв тэмдэглэжээ. Арктик буюу Өмнөд туйлын нийт мөсний хэмжээ арваннэгдүгээр сард дунджаасаа 12 хувиар доогуур байлаа. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт дэлхийн бусад хэсгээс дөрөв дахин хурдан дулаарч байна. 1980-аад оноос хойш дэлхийд хамгийн томд тооцогдож байсан “A23a” мөсөн уул 1370 ам км болсон нь 2023 оныхоос бараг гурав дахин багассан үзүүлэлт. Тухайн үед 3900 ам км талбайтай, зузаан нь ойролцоогоор 400 метр, барагцаагаар гурван их наяд тонн жинтэй байсан мөсөн “бухал” дэлхийн дулаарлын улмаас хөдөлгөөнд орж, өөрөө задарч буйг салбарынхан онцлов.
Өмнөд туйлын бүсэд түлш олборлож буйтай холбоотойгоор дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан дулаарч байгаа нь түгшүүрийн дохио. Дэлхий ийнхүү “бүлээрэх” олон шалтгааны нэг нь том хэмжээний түймэр. Энэ оны эхний сард Калифорнийн өмнөд хэсэгт дэгдэж, салхи “хөлөглөн” бүс нутагт тархсан түймэрт 30 хүн амиа алдсан бөгөөд АНУ-ын орчин үеийн түүхэн дэх байгалийн гамшгаас эдийн засгийн хамгийн их хохирол учруулсан нь гэж оны эцсийн “тайланд” онцолж байна. “JPMorgan”-ы шинжээчдийн дүгнэснээр Лос Анжелесийн түймрээс учирсан хохирол 250-275 тэрбум ам.доллар.
Энэ онд байгаль, экологийн салбарт ололт ч чамлахааргүй байлаа. Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалт анх удаа буурах хандлагатай байгааг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын нэгдсэн тайланд дурдав. Парисын хэлэлцээрээс 10 жилийн дараа Бразилд өнгөрсөн сард болсон COP30 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад 200 улс оролцож, 2035 он гэхэд энэ чиглэлийн санхүүжилтийг жилд 1.3 их наяд доллар хүртэл нэмэгдүүлэх, уур амьсгалын мэдээллийн итгэл үнэмшлийн тухай тунхаглал батлах тохиролцоонд хүрч, Британи, Франц, Герман зэрэг долоон улс метаны ялгарлыг тэг түвшинд хүргэх үүрэг хүлээж, нүүрстөрөгчийн татварын тухай асуудлыг хэлэлцэх жагсаалтад орууллаа.
Сэргээгдэх эрчим хүч 2025 оны эхний хагаст түүхэндээ анх удаа дэлхийн цахилгаан эрчим хүчний тэргүүлэх эх үүсвэр болж, нүүрсийг шахлаа. Ирланд нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон Европын орнуудын бүлэгт нэгдэв. Хятад улс анх удаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалт өгсөн бол Европ, АНУ, Япон, Вьетнам, Египет зэрэг улс хаагдсан цөмийн цахилгаан станцуудыг дахин эхлүүлэх, шинээр барих чиглэлтэй явна.
Дэлхий түүнийг чих тавин хүлээдэг
Урлаг, соёлын салбарын энэ оны онцлох үйл явдлын нэг нь Монголын баритон Э.Амартүвшинийг дэлхий гурвантаа тамгалсан явдал. “Opera star International” дэлхийн шилдэг баритоноор гурав дахиа нэрлэгдсэн тэрбээр сүүлийн жилүүдэд олон улсын алдарт театруудад урилгаар ажиллаж буй. 10 жилийн өмнө Уэльсийн тайзнаа том уралдаанд оролцоод ирснийхээ дараа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Би их гүрнийг донсолгож байгаад ирлээ” хэмээсэн түүнийг өдгөө олон улсад хүлээдэг болжээ. Гойд, “тослог” хоолойтой ийм дуулаач дэлхийд ховор.
Луврын музей хоёр удаа тонуулсан муу мэдээг онцолж байна. Энэ бол хулгай төдийгүй, хүн төрөлхтний соёлын өвд халдсан, мөн хүний таашаал авах, танин мэдэх эрхийг боомилсон том хэрэг, Луврт нүүрлэсэн 1900 оны тонуулаас хойших том дуулиан. Энэ жил үүнээс гадна дэлхийн хэд хэдэн том музей, галерей урт гартнуудад өртсөн.
Э.Хана