Японы Нара хотноо “Археологийн дурсгалт газрууд, эх төрхийн хадгалалт, хамгаалалт, ач холбогдол: Азийн олон янзын туршлага, сэргээн босгох арга замууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хуралд Монгол, Япон, Вьетнам, БНСУ зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож, түүхэн уран барилгыг сэргээн босгох үзэл баримтлал, арга зүйн талаар харилцан туршлага солилцов. Манай улсаас Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн оролцож, “Эрдэнэзуу хийдийн Цогчин дуган, Шанхын Баруун хүрээ хийдийн Батцагаан дуганыг дахин сэргээн босгох” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Оролцогчид Нара хот дахь Дэлхийн өвийн дурсгалт газрын нэг хэсэг болох 1300 жилийн өмнөх хааны ордныг сэргээн босгосон туршлагатай танилцжээ. Зөвхөн барилгын туурь үлдсэн уг ордныг анх археологийн судалгаанд тулгуурлан сэргээсэн нь түүхэн өвийг хадгалах хамгийн сайн жишээ болсон гэнэ. Тиймээс энэ жишгээр Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өв болох Эрдэнэзуу хийдийн Цогчин дуганыг унаган байршилд нь сэргээн босгох боломжтойг ч судлаачид онцолсон аж. Түүнчлэн нүүдэллэн зөөх зориулалттай байсан Баруун хүрээний Батцагаан дуганыг тодорхой цаг хугацаанд сэргээн босгож, шашин, соёлын арга хэмжээг олон нийтэд зориулан зохион байгуулах бүрэн боломжтойг ч тодотгожээ.
Дөрвөн орны мэргэжилтнүүд улс бүр түүх, нийгэм, ёс зүйн онцлогтоо нийцүүлэн түүхэн уран барилгыг сэргээн босгох өөр өөр арга барил ашиглаж буйг энэ үеэр онцолсон юм. Тухайлбал, зарим улс барилгын эх материалыг аль болох хадгалж, устаж үгүй болсон хэсгийг нөхөн сэргээхийг зорьдог бол нөгөө хэсэг нь виртуал танилцуулга хийх, эсвэл ерөнхий хэлбэрийг нь дуурайлган сэргээх аргыг хэрэглэж байна.
Э.Сондор