Иргэн Ц: -Сайн байна уу, эмч ээ?
-За, ямар зовуурьтай байна?
-Хувинтай угаадас асгах гэж яваад хашаан дотроо халтираад уначихсан юм. Өвдөг өвдөөд, гарын шөрмөс татчихлаа.
-Таны рентген зургаас харахад яс хугараагүй байна. Өвдөгний зөөлөн эд, холбоос гэмтжээ. 68 настай хүний өвдөг гэхэд сайн байна шүү. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж болно. Өвдөгний шулуун бэхэлгээ авч зүүгээд, гэртээ 14 хоног хэвтрийн дэглэм сахь, өвчин намдаах эм, түрхэх тос, кальци бичиж өгье. За тэгээд зүгээр суухгүй, гэрийн ажил хийгээд байв, хэвтэнэ шүү” гэж анхааруулангаа “Ээжийнхээ хашааны цасыг цэвэрлэж өг л дөө” гэж дагуулж явсан хүүг нь зэмлээд амжив.
Иргэн Б: -Эмч ээ, өчигдөр хий гишгэж унаад нурууныхаа бэртлийг сэдрээчихлээ.
-Хаагуур нь өвдөж байна?
-Амьсгал авах, хөдлөхөд цээжээр хатгуулж байна.
-Зургаа авхуулчхаад ир.
Иргэн Э: -Машины дэр цохьсон, цээжний голд л хөндүүртэй байгаа юм.
-Автомашины осолд оржээ дээ.
-Тийм. Хоёр урсгалтай замын эсрэг талаас гарч ирсэн машин гэнэт хажуугаас мөргөөд...
-Толгой, хүзүү нь өвдөж байна уу, ноцтой осол болжээ.
-Би жолоочийн хажууд сууж явсан юм. -Ямар машинд сууж явсан юм бэ?
-19.., -Биш ээ, биш, “Приус” юм уу?
-Аан, жижиг машин л байсан, сайн мэдэхгүй юм. Ханиаж найтаахад цээжний голоор хатгуулж өвдөж байна..
Өвчтөний зовуурийг сонсож, үзсэний дараа П.Баттулга эмч “Өвчүү, цээж, толгойн зураг, хэвлийн ЭХО бичээрэй” хэмээн хажууд суугаа резидент эмчид хэлэв. Ослын дараах шокноосоо гараагүй байгаа бололтой иргэн Э эмчийн асуултад буруу, зөрүү хариулж, цээжээ даран зөөлөн алхсаар өрөөнөөс гарлаа. Хаалганы цаанаас эмч “Сайн үзүүлж харуулах ёстой шүү, хожим илрэх урхагтай” гэсээр хоцров.
Өвчин, эмгэг, зовуурь шаналгаатай хүмүү сийн очдог газар нь эмнэлэг. Тэр дундаа унаж бэртсэн, гэмтсэн, осгож, хөлдсөн, түлэгдсэн, хөл, гараа хугалсан, хүйтэн мэсэнд шархадсан зэрэг “асуудалтай” хүмүүс Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийг зорьдог. Өвлийн улиралд, арванхоёрдугаар сард осгож бэртсэн, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас муудалцаж, зодолдож, нэгнээ гэмтээсэн хүмүүсээр ГССҮТ дүүрдэг. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж буй эдгээр өдрүүдэд тус эмнэлгийн ачаалал эрс ихэсдэг байна. Бид бүхэн нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар ГССҮТ-ийн Яаралтай, түргэн тусламжийн тасагт энэ сарын 23-нд 11.00 цагийн үед очсон юм.
ОСГОСОН ХҮМҮҮСИЙН 39 НЬ 0-18 НАСНЫХАН
Яаралтай, түргэн тусламжийн тасгийнхан амь тэнссэн өвчтөнд шуурхай үйлчлэхийн зэрэгцээ эмнэлгийн хонгилд эмчид үзүүлэхээр дарааллаа хүлээн суугаа өвчтөнүүдийг бүртгэлийн дагуу үзэж, шаардлагатай үйлчилгээ үзүүлж байв. Эл өдөр дөрвөн эмч үзлэг, оношилгоо хийж байлаа. Түүний нэг П.Баттулга эмчтэй уулзаж, ажлынх нь онцлогийг сонирхлоо. Тэрбээр АШУҮИСийг 2017 онд төгсөөд, Замын-Үүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ажиллаж байж. 2020 оноос ГССҮТ-д ажиллаж эхэлсэн бөгөөд энэ тасагтаа гурван жил болж буй гэнэ. Үзлэгийн өрөөнд түүнээс гадна резидент эмч Х.Тэмүүлэн, АШУҮИС-ийн VI дамжааны оюутан Т.Түмэнхүслэн нар байв. Дадлагажигч оюутан охин үзүүлж буй хүн бүрийн овог, нэр, өвч ний түүхийг тэмдэглэх аж. Харин Х.Тэмүүлэн эмчийн хэлсэн оношийг компьютерт бичиж, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэхэд тусалж байсан. Ихэнхдээ зовуурь ихтэй, хүнд хүмүүс ирсээр.
П.Баттулга эмч 08.30 цагт ээлж хүлээлцсэнээр ажлаа эхлүүлжээ. Биднийг очих үед тэрбээр хэдийн 10 гаруй өвчтөн үзэж, заримыг нь яаралтай мэс засалд оруулахаар тасаг руу илгээсэн гэнэ. Хий гишгээд нурууны бэртлээ сэдрээсэн гэх иргэн Б энэ үеэр зургаа барьсаар эмч дээр дахин орж ирэв. “Яасан олон хавирга хугарсан юм бэ. Эгэмний яс чинь буруу эдгээд бороолчхож. Ийм бэртэлтэй байж хүнд зүйл өргөөд байгаа юм уу” хэмээн эмчийг асуухад тэрбээр “Өмнө нь зам, тээврийн осолд ороод бүх ясаа хугалж байсан юм. Болгоомжгүй байснаас бэртлээ сэдрээчихлээ” хэмээн гэмшингүй толгой гудайв. “Шил, лааз, бөмбөлөг үлээхгүй, хавирга зөрүүтэй хугарсан бол уушги гэмтээнэ шүү” хэмээн зөвлөлөө. Гэтэл гэнэт эмнэлгийн хонгил цуурайттал ёолох дуу хадав. Өрөөний хаалга тасхийж, “Эмч ээ, яаралтайгаар хүн ирлээ. Усанд ороод гарахдаа халтирч унаад ваннаа мөргөөд уначхаж” гэв. Яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирсэн өвчтөнийг орон дээрээс нь хөдөлгөхгүйн тулд П.Баттулга эмч өрөөнөөсөө гарч, хонгилд үзлэг хийв. Өвчтөний амин үзүүлэлт хэвийн байсан тул компьютер томограф шинжилгээ хийлгэхийг ар гэрийнхэнд нь хэллээ. Эл шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг. Хоногт 50-60 хүн ийм шинжилгээ хийлгэж, онош тодруулдаг аж. Мөн рентген зураг, MRI, хэвлийн ЭХО зэрэг шинжилгээг шуурхай авч байсан нь иргэдэд таатай, чирэгдэлгүй амар санагдав.
Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ оны эхний 11 сарын байдлаар халтиргаа, гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж, гэмтсэн 5365 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 3151 нь эрэгтэй, 2212 нь эмэгтэй аж. Гялгар гадаргуутай хавтангаар өнгөлсөн, явган хүний зорчих зам, талбайд хатуурч хөлдсөн цас, мөс болон авто замын гарцаар гарахдаа халтирч унах, гэр, ажлын байр зэрэг ахуйн орчинд гэмтэж, бэртэх тохиолдол их байгааг эмч нар хэлсэн. Гэмтэж, бэртсэн хүмүүсийн олонх нь мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмөг хугарсан, зөөлөн эдийн бяцрал эзэлж буйг дуулгав. Түүнчлэн гавал яс хугарах, тархины эдийн гэмтэл, аарцаг, нуруу бэртэх зэрэг хүнд хэлбэрийнх ч цөөнгүй байна. Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг, нуруугаар суун тусах, арагш хүчтэй савах зэргээр бэртэж байгааг П.Баттулга эмч анхааруулав.
Тус эмнэлэг нь гэмтлийн гаралтай бүхий л тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг III шатлалын ганц эмнэлэг. Энэ хэрээр орон нутгаас ирэгсдийн цуваа тасрахгүй. Зүүн, баруун хязгаараас авто осолд орж, ухаангүй болсон хүмүүсийг шаардлагатай тохиолдолд онгоцоор тээвэрлэн авчирдаг байна. Баян-Өлгий аймгаас тохой нь мултарсан хүүхэд хүртэл ирж тусламж авсан гэнэ. Уг нь тохойны мултрал зэрэг хөнгөн гэмтэлтэй хүмүүсийг тухайн орон нутагт нь эм чилдэг бол ачаалал буурна гэдгийг П.Баттулга эмч онцолсон. Тэрбээр “Яаралтай түргэн тусламжийн тасаг “хүнд” хүнгүй өнжих тохиолдол байдаггүй. Хутга мэс, авто ослын улмаас амьсгал, зүрх, судаснаас бусад нь “ажиллагаагүй” болсон хүмүүс ирдэг. Бид амилахуйн тусламжийг яаралтай үзүүлээд мэс засалд оруулдаг. Гар, хөлөө зүссэн, тайруулсан тохиолдолд судсыг нь боож, зөөлөн эдийг нь холбон, мэс засалд орох хүртэлх бүх л тусламжийг үзүүлдэг. Сүүлийн үед шинэ жилийн баяр тэмдэглэсэн залуус осгосон, хөл, гараа хөлдөөсөн, хоорондоо гар зөрүүлж, нэгнээ гэмтээж эмнэлэгт ирж байна. Ялангуяа, 20 хэдхэн настай залуус ажлынхаа шинэ жилээр архи ууж, согтоод биеэ хянах чадвараа алдаж, энд тэнд унаж гэмтэн, хөл, гараа хөлдөөх тохиолдол цөөнгүй. Намайг анх 2020 онд энд резидент эмчээр ажиллаж байхад дөнгөж 20 настай залуу хоёр хөлийн тавхайгаа тайруулж байв. Тэрбээр шинэ жил тэмдэглэж байгаад гадаах хаалганы шатны дэргэд уначихсан байж. Хэдхэн хормын жаргалын төлөө насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдсан нь үнэхээр харамсалтай” гэв. Тус эмнэлгийнхэн энэ оны эхний 11 сард осгож, хөлдсөн 244 хүнд тусламж үзүүлжээ. Тэдний 196 нь эрэгтэй. Эдгээр хүний 39 нь 0-18 насны хүүхэд гэнэ.
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ШӨНӨ ИЛҮҮ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ
16.00 цагаас хүүхдийн түргэн тусламжийн ачаалал нэмэгддэг бол ажил тарах үед эл тасгийнхан “оволздог” байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд эндхийн эмч нар шөнийн цагаар ч өдрийнх шиг ачаалалтай ажиллаж буй. Баяр ёслолын өдрүүдэд 02.00 цагаас хойш бусдад зодуулсан, хутга мэсний шархтай, согтуу хүмүүс олноороо ирдэг аж. Тэд хоорондоо муудаж, зодолдохын зэрэгцээ эмч, сувилагчид руу халдах тохиолдол ч цөөнгүй. Нэгэн сувилагчийн толгойг хайчаар хэд хэдэн удаа цохиж, ноцтой гэмтээсэн явдал ч жилийн өмнө гарч байж. Нэг эмч өдөрт 50-60 хүн үздэг бол шөнө ялгаагүй ийм байдаг хэмээн эмч нар учирласан. Архи ууж үзээгүй, эсвэл багахан уугаад согтож, биеэ хянах чадваргүй болсон залуус олноор ирж буй учир баяраа тэмдэглэж байгаа албан байгууллагынхан нэгэндээ санаа тавьж, гэрт нь хүргэж өгөхийг тэд зөвлөсөн.
Эмчийн үзлэгийн өрөө болох 201 тоотод унаж бэртсэн, хөл, гараа гэмтээсэн, шагайгаа эвгүй болгосон гэсэн зовуурьтай хүмүүс тасралтгүй ирсээр л байв. Халтирч унаад гараа гэмтээсэн гэх Б охиныхоо хамт орж ирэв. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй аж. Охин нь эмчийн асуултад хариулж, аав нь эмч рүү харж инээмсэглэн, эрхий хуруугаа гозойлгоод гарлаа. Үүний дараа нэгэн залуу эмэгтэй “Толгой өвдөж” байна гэсээр орж ирсэн. Тэрбээр нэр бүхий сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байтал тахианы хөлдөөсөн нэг кг мах толгой дээрээс нь уначихжээ. Тухайн үед ухаан балартан, нүд харанхуйлж, одоо тархиар нь хатгуулж өвдөөд байгаа тул онош тодруулахаар ирсэн нь энэ гэнэ. Мөн өндрөөс унасан 14 настай охин ухаангүй ирснийг яаралтай Сэхээн амьдруулах тасагт шилжүүлэв. Түүнчлэн цана, чарганаас унаж гэмтсэн хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ багагүй хувийг эзэлж байлаа. Оны эхний 11 сард гэхэд 1693 хүүхэд цана, чарганаас унаж, тусламж авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 74-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн авто замын ослоор амиа алдсан, гэмтэж, бэртсэн хүний тоо цөөрөхгүй байна. Жилд хэдэн мянгаараа зам дээр “амь тавьдаг” харамсалтай явдал буурахгүй, бүр нэмэгдсээр байгаа нь гэмтлийн эмнэлгийн ачааллыг ихэсгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээг тэлсээр. Тухайлбал, зам, тээврийн осолд өртөж, гэмтсэн 19 661 хүн эл эмнэлгээс тусламж, үйлчилгээ авчээ. Харин өнгөрсөн онд 18 739 хүн ханджээ. Түүнчлэн түлэнхийн тусламж, үйлчилгээг эл эмнэлгийнхэн үзүүлдэг. Гэхдээ уг тусламж, үйлчилгээг салбар эмнэлэг буюу XI хороололд байрлах төвдөө шилжүүлжээ. Халуун хоол, цайнд түлэгдсэн, гал түймэрт өртсөн гээд нүд халтирам болсон хүүхэд, багачууд олноор ирж, эмчлүүлж байсан. Он гарснаас хойш өнгөрсөн сарын 30-ныг хүртэлх хугацаанд 5457 хүн зөвхөн түлэгдэлтийн улмаас тусламж авчээ. Тэдний олонх нь буюу 2208 нь 0-4, 502 нь 5-9 насны хүүхэд. Тэдний 50 гаруй хувь нь хэвтэн эмчлүүлж, мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байна. Хараа хяналт, хариуцлага хаана хаанаа дутагдаж байгааг энэ эмнэлэгт хэдхэн цаг саатахад л илүү ихээр ойлгох болно юм.
С.Цэрэн