2026 оноос эхлэн нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгааллын зэрэг олон салбарт хүчин төгөлдөр үйлчлэх хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийн үр дүнд төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах замаар улсын хөгжилд бодит нөлөө үзүүлнэ хэмээн эрх баригчид найдаж буй. Ингээд ирэх сарын 1-нээс улс орон даяар мөрдөх онцлох хууль, тогтоомж, дүрэм журмын талаар танилцуулъя.
ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИН 50 ХУВИАР ӨСӨХ НЬ
Сургууль, цэцэрлэгийн багшийн цалин 2.8-2.9, эмчийнх 2.6-2.9 сая болж нэмэгдэнэ. Тодруулбал, ирэх сараас эхлэн багш нарын үндсэн цалинг 50 хувиар өсгөх бол 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар нэмэгдүүлж, 2.8-2.9 сая төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Харин боловсролын салбарт ажилладаг бусад ажилтнуудын цалинг нэмэхгүй. Эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг ч мөн үе шаттай нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт тусгажээ.
ТЭТГЭВРИЙГ 80 МЯНГААР НЭМНЭ
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Үр дүнд нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тогтворжиж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаална гэж үзэж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настны тэтгэврийг нийтээр нь 80 мянган төгрөгөөр нэмж, өөрөөр хэлбэл 474.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тэнцүү хуваан, хүртээхээр болсон юм.
ХУРИМТЛАЛЫН САНГААС АШИГ ХҮРТЭЭХЭЭР БОЛОХ
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулж, иргэдэд хүртээмжтэй хуваарилах, ирээдүй хойчдоо өвлүүлэх, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангана. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой аж. 2025 оны эхний хагас жилд Хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Ингэснээр иргэдийн хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэн, 175 000 төгрөгтэй болжээ. Нэрийн дансан дахь мэдээллээ иргэд “И-Монголиа” цахим системийн “Чингис хаан үндэсний баялгийн сан” хэсгээс шалгах боломжтой.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ОЛГОДОГ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖИЙГ ӨВЛҮҮЛНЭ
Засгийн газрын цөөнгүй тогтоолыг мөрдөх бөгөөд 83 дугаар тогтоолоор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчилж, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор урамшууллын хувь хэмжээг 30-аас 40 болгон нэмсэн билээ. Шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусгахаар тогтов. Мөн төрийн албан хаагч дад олгодог нэг удаагийн буюу 36 сарын тэтгэмжийг авч амжилгүй нас барсан тохиолдолд үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлэхээр тогтсон шийдвэрийг мөрдөнө.
Түүнчлэн Засгийн газрын 69 дүгээр тогтоол “Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, 65 дугаар тогтоол “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр”, 143 дугаар тогтоол “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай” актыг мөрдөх бөгөөд үүний хүрээнд гэхэд 16 000 хүүхэд тутамд улсын нэг байцаагч ажиллуулахаар болов.
ХИЙМЭЛ ОЮУНААР ТОРГУУЛЬ НОГДУУЛНА ГЭЛЭЭ
Хиймэл оюунд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах нь. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль, тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрч сөн, бусад дүрэм мөрдөөгүй тохиолдолд хувь хүнийг хорь, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг хэрэгжүүлэх юм. Сонирхуулахад, холбогдох албаныхан 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх санал гаргасан ч салбарын гурван талт хэлэлцээрээр эцэслэн шийдвэрлээгүй байна.
О.Ундрах