Парламентын энэ намрын чуулганыг анх удаа есдүгээр сарын 15-нд буюу уламжлалт хугацаанаас 15 хоногийн өмнө нээсэн билээ. Өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын тухай хуулийн 17.1-т өөрчлөлт оруулж баталсан тул цаашид ч ийм жишгээр явах юм. Нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой. Энэ долоо хоногт 75 өдөр нь дуусаж байна. Тиймээс намрын чуулганыг өнөөдөр завсарлуулах магадлалтай. Ийм мэдээлэл сарын өмнөөс л дуулдсан билээ. Улмаар оны дараа “түр зуур” цуглах бололтой.
Ажлын хоног хугацаа нь ч яах вэ, гүйцсэн юм байж. Харин үр дүн ямар байсан нь л бидэнд чухал. Гэтэл намрын чуулган нээснээс эхлээд л эрх баригч МАН-ынхан даргын сонгуулиас үүдэн дотроо талцаж, үүндээ парламент, Засгийн газрыг ч чирсэн билээ. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой хуулиудыг арай ядан гараас гаргав. Хэрүүл, талцал, томилгооноос өөр тоймтой ажил тэд хийсэн үү.
“ЗОВЛОН ҮЗСЭН” ТӨСӨВ
Монгол Улс түүхэндээ анх удаа улсын ирэх оны төсвөө парламентын спикергүй баталсан юм. МАН-ын талцлаас үүдэн Д.Амарбаясгалан хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн тул УИХ сар гаруйн турш даргагүй явлаа. Төсвөө хамгаалан ажиллах ёстой Засгийн газрын гишүүд эрх мэдэлтэйгээ үлдэх, эсэх нь шийдэгдэх гээд бас л завгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн 30:38-аараа хуваагдаж, эрх мэдэл, ашиг сонирхлоо хадгалж, хэрэгжүүлэхээр оролдож байсан тул улсын төсвийн төслийн хэлэлцүүлэгт анхаарах сонирхолтой хүн ч бараг байгаагүй юм. Уг нь Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг хянаж, “усыг шүүх” нь парламентын ажил. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгийн ид үед сарын турш хуралдсангүй. Бүлгийн дарга нь Д.Амарбаясгалангийн тал учраас цаг үеийн асуудал хэлэлцэхээс зугтаж, хурлаа зарлахгүй удсан. Сүүлдээ олонх болсон Г.Занданшатарын талынхан нь шинэ дарга сонгоод, 38-уулаа хуралдаж эхэлсэн юм даг. Ямартай ч төсвийн төсөл дээр ажиллах нэг ажлын хэсэг томилж, ерөнхийлөн захирагчдын зардлаас 1.1 их наяд төгрөг хасаж, шилжүүлэх замаар цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэх санал гаргасан. Гэвч 1980-аад оны бүлэглэлийнхэн Үндсэн хууль зөрчиж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсандаа “бантаж”, төсвийн төслийн хэлэлцүүлгийг ирцээр бойкотолж байлаа. Энэ бүхнээс болж төсвийг хугацаанд нь баталж чадахгүй, улмаар УИХ тарах эрсдэл үүссэн юм. Эрх баригчдын “зодоон” төрийн ажлыг ийнхүү хойш татаж, төвөг удсан билээ.
Нэг талд эрх баригчид талцан “зодолдож”, нөгөө талд эмч, багш нар ажил хаяж, ахмадууд жагсан цалин, тэтгэвэр нэмэхийг шаардаж байв. Тиймээс төсвийн хэлэлцүүлэг урсгалаараа л явсан гэхэд болно. Ийм “зовлон туулсан”-ы эцэст Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг ямартай ч хугацаанд нь баталжээ. Алдагдлын хэмжээ 1.5 их наяд байсныг нэг их наяд болгон бууруулж, тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байхаар тусгасан. Хэмнэсэн 1.1 их наяд төгрөгийн 884.1 тэрбумыг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулахаар болсон байна.
ТОМИЛГОО БОЛ ТЭДНИЙ ҮНДСЭН АЖИЛ
Намрын чуулганы хугацаанд хийсэн “үндсэн ажил” нь томилгоо л байлаа. Аравдугаар сард П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүний санаачилгаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, 95 дугаар тогтоол батлав. Энэ өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хүсэлтээр нь чөлөөлсөн. Тэгвэл 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсныг Цэц тогтоосноор Засгийн газрын бүрэн эрх сэргэсэн. Энэ явдлаас хэдхэн өдрийн дараа Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа өөрчилж, гишүүн Б.Энхбаярыг томилсон шийдвэрийг албажууллаа.
Мөн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцруулсан хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад бүлгийнхэн нь “хариуцлага” тооцохоос аргагүй болсон юм. Түүнийг дэд даргаас нь чөлөөлж, оронд нь гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилох ажил арваннэгдүгээр сард үргэлжилсэн. Танхимынхаа эсрэг санал өгсөн “урвагч” Шадар сайд С.Амарсайханыг Ерөнхий сайд албан тушаалаас нь огцруулж, оронд нь гишүүн Х.Ганхуягийг томилов. МАНынхан хоёр сарын турш талцаад эцэст нь хүчээр эвлэрэх үед Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал тус намын дарга, улмаар парламентын спикерээр сонгогдсон. Тиймээс түүний оронд ХХААХҮ- ийн сайд Ж.Энхбаярыг томилсныг нийтээр мэднэ. Түүний суларсан орон тоонд гишүүн М.Бадамсүрэн “очсон” юм. Н.Учрал УИХ-ын шинэ даргаар сонгогдлоо. Ингээд арав, арваннэгдүгээр сар дуусчих нь тэр.
Оны төгсгөлд ч зүгээр байсангүй. 20 гаруй оронд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарыг томиллоо. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар арай гэж эвлэрсэн намынхандаа “бялуу” хувааж, Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангахын тулд дэд сайдын албан тушаалыг сэргээн, 16 хүнийг томилоод байна. Үүнийг нь сөрөг хүчин эсэргүүцэж, түүнийг огцруулах гарын үсэг цуглуулж буй. Ерөнхий сайд дэд сайд томилсон шийдвэрээ цуцлахгүй байхаар шийдсэн сурагтай. Тэгэхээр сөрөг хүчний зү гээс түүнийг огцруулах саналаа өргөн барина. Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүний дөрөвний нэг буюу 32-оос гишүүн дэмжсэн нөхцөлд өргөн барьдаг. АН-ынхан энэ тоогоо хэдийн гүйцээсэн тухай өчигдөр О.Цогтгэрэл дарга нь мэдэгдэв. Гэхдээ тэд Ерөнхий сайдад дахин нэг удаа “боломж” олгохын тулд УИХ-ын даргад биш, МАН-д гарын үсэг бүхий шаардлагаа хүргүүлсэн аж. Ингээд ч хүлээн авахгүй бол огцруулах саналаа парламентад өргөн барих гэнэ. Тэгвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн, 10 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тэгэхээр намрын чуулган завсарлах хугацаа хойшилно гэсэн үг. Сөрөг хүчнийхэн шаардлагаа яаравчлах, эсэхээс уг чуулганыг өнөөдөр завсарлуулах, үгүй нь хамаарахаар болж байна.
ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ
Энэ намрын чуулганаар УИХ-аар амжуулсан ганц ажил нь Оюутолгойн ордын асуудлаар зохион байгуулсан хяналтын сонсгол байлаа. УИХ-ын 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хорооноос энэ сарын 8-12- нд гурван өдөр сонсгол зохион байгуулж, 300 гэрч дуудсан юм. Монголчууд долоо хоногийн хугацаанд Оюутолгойн асуудлаар амьсгалж, тэртээх 16 жилийн өмнөх дурсамжуудаа холбогдох хүмүүс эргэн санах хэрэгтэй болсон юм. 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд багагүй алдаа байсан ч дараа дараагийн Засгийн газар, УИХ ажлаа сайн хийгээгүй, үүнийг засаж өөд татаагүй гэдгийг бүгд мэдэж авсан. Мөн тухайн үед Сангийн сайд байсан С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгах “давлагаа” ч өрнөлөө. Багагүй алдаа дутагдал, попрол, улс төржилт байсан ч гурван удаагийн хэлэлцүүлгийн дараа эл бүлэг ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг сайжруулах ёстой гэдэгт талууд санал нэгдсэн. Улмаар хүртэх өгөөжийг 53 хувьд нь барих, хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэв. Дээрх бүлэг ордод хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХКийн 34 хувийг манай улс эзэмших нь зөв гэлээ.
Улмаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын төслийг түр хорооноос боловсруулсныг мягмар гарагт Эдийн засгийн байнгын хороо, өчигдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэв.
Улсын төсвийг баталж, Оюутолгойн сонсгол зохион байгуулснаас өөрөөр намрын чуулганаар гишүүд тоймтой ажил хийгээгүй байх нь. УИХын гишүүдийн ухаан санаа бүлэглэлийн эрх ашгаа хамгаалах “тулаан”-д чиглээд байнгын хороо, ажлын хэсгийн ирц бүрдэхгүй өдрүүд олон байлаа. Арай гэж ирц нь бүрдсэн ч УИХын нэгдсэн чуулганд хэлэлцэх асуудал байхгүй үе цөөнгүй гарав. Энэ бол тун сонирхолтой шалтгаан. Сөрөг хүчний зүгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын товд оруулдаггүй гэсэн гомдол ч гарсан. Талцлынхаа ид үед эрх баригч намынхан Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан ХЗДХ-ийн сайдаа чөлөөлж, томилох шийдвэрийг парламентад танилцуулахгүй “боож” байсан жишээ бий. 1980-аад оны бүлэглэлийнхэн УИХ-ын гол бүтцүүдийг “авчхаад” ийнхүү дураар авирлаж байсныг бид мартаагүй.
Ер нь энэ парламент байгуулагдсан цагаасаа хойш бие даасан хууль хуруу дарам баталсан, голдуу л нэмэлт, өөрчлөлт буюу “засвар” хийдэг гэсэн шүүмжлэлд өртсөөр ирсэн юм. Д.Амарбаясгалан “Гурван төгөлдөршил”-ийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаж байсан ч парламентад дэг сахиулж барсангүй. Ёс зүйгүй авирладаг хэд хэдэн гишүүндээ ч хариуцлага тооцож чадаагүй. Ерөөс тэр тун сул дарга байсаар буужээ. Гэхдээ 2024 оны намрын чуулганаар бие даасан найм, өөрчлөлт оруулсан 29 хуулийг баталж, олон улсын долоон гэрээ, конвенцыг соёрхон баталсан аж. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн намрын чуулганы үр дүн бараг “нойл” гарах нь.
УИХ нийгмийн бүлгүүдийн төлөөллийг багтааж, 126-лаа болоод ч мэргэших алхам хийсэнгүй, гараас гаргах хууль нь ч сайжирсангүй. Эсрэгээрээ хэлэлцэх асуудлаа өөрсдөө зохиож, хүссэнээ жагсаалтад багтаадаг, үгүй бол оруулдаггүй жишиг тогтоолоо. Төрийн ажлыг ингэж хиймээргүй байна. УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал гишүүдийн ийм салан задгай, хариуцлагагүй байдалд санаа тавьж, цэгцэлж чадах, эсэхийг харж байя. УИХ-ын гишүүн бол нам, бүлэглэлийн “хамгаалагч” биш, бодлого тогтоож, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй, хүлээх хариуцлагатай албан тушаал гэдгийг сануулъя. Та нарт хуулиар олгосон бүрэн эрхээс чинь гадна үүрэг, хариуцлага гэж бий.