
Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн прокурор болон Холбооны мөрдөх товчоо (ХМТ) асан Жеффри Эпштейний хэрэгт холбоотой байж болзошгүй нэг сая гаруй нэмэлт баримтыг илрүүлсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
"Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурор ХМТ-той хамтран Жеффри Эпштейний хэрэгт холбоотой байж болзошгүй нэг сая гаруй нэмэлт баримт бичиг илрүүлснээ Хууль зүйн яаманд мэдэгдсэн. Эдгээр материалыг Эпштейний хэрэгт холбоотой баримтын ил тод байдлын тухай хуулийн дагуу хянаж, дараа нь нийтлэхээр Хууль зүйн яаманд хүргүүлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.
Шинэ материалыг боловсруулах үйл явц хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэж тэмдэглэсэн байна.
Өмнө нь нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээлснээр Трампын засаг захиргаа Эпштейний хэргийн 700,000 хуудас баримтыг хянах үлдээд байгаа талаар Axios сайт мэдээлсэн.
Мягмар гарагт АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний хэрэгтэй холбоотой нийт 10 гигабайтаас дээш хэмжээтэй 10,000 гаруй шинэ файлыг нийтэлсэн юм. Үүнд 10,595 PDF баримт бичиг, 419 видео бичлэг, 21 Excel хүснэгт, дөрвөн аудио файл багтжээ.
Нийтэлсэн материалуудын дунд одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гейтс, Их Британийн хунтайж асан Эндрю, Майкл Жексон зэрэг олон алдартнуудын зураг багтсан мянга мянган гэрэл зураг байв.
Жеффри Эпштейн олон нэр хүндтэй хүмүүстэй харилцаатай байсан бөгөөд дээрх материалд гарч буй гэрэл зургууд нь хууль бус үйлдлийн нотолгоо биш гэдгийг тус яам онцолжээ. Эдгээр хүмүүсийн олонх нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мөн үгүйсгэж байгаа.
2019 онд Жефри Эпштейнийг АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, энэ гэмт хэргийг үйлдэхээр хуйвалдсан хэргээр буруутгаж 40 гаруй жилийн хорих ял оноохоор болсон. Прокурорын мэдээлснээр, 2002-2005 оны хооронд Эпштейн хэдэн арван насанд хүрээгүй охидтой бэлгийн харьцаанд орж, тэднийг Нью-Йорк, Флорида дахь гэртээ авчирдаг байжээ . Тэрээр тэдэнд бэлэн мөнгө өгч дараа нь хохирогчдын заримыг нь өөр бусад охидыг авчирч элсүүлэх зуучлагчаар ажиллахыг даалгажээ. Хохирогчдын зарим нь 14 нас ч хүрээгүй байжээ.
2019 оны 7-р сарын эхээр Нью-Йорк хотын Манхэттэний шүүх Эпштейнийг яллах дүгнэлтийг сонсгосны дараа хэрэгтнийг батлан даалтад гаргахгүйгээр, цагдан хорьсон юм. Тэр оныхоо 7-р сарын сүүлээр Эпштейн шоронгийн өрөөндөө "ухаангүй" байдалтай олдсоныхоо дараа нас баржээ. Мөрдөн шалгах ажиллагааны дараа түүнийг амиа хорлосон хэмээн дүгнэсэн.